sonin.mn

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Дорноговь аймаг дахь газарт ажиллалаа.

Тэрээр энэ үеэр  Замын-Үүдийн хил дээрх төрийн байгууллагуудын хяналт шалгалтын давхардлыг арилгаж, галт тэргийг үр ашиггүй зогсолт хийлгэхгүйгээр хэрхэн  улсын хил нэвтрүүлэх талаар холбогдох байгууллагын төлөөлөлтэй санал солилцож, албан хаагчидтай уулзлаа.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар эрх зүйн үндэслэлгүй, хүнд суртал дагуулсан 44 журмыг хүчингүй болгож төвд төвлөрсөн эрх мэдэл буюу зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр гаргах эрх өгч,  чадсан.

Ингэснээр  иргэд цаг хугацаа алдаж Улаанбаатар хот орохгүйгээр тухайн хилийн боомт, орон нутагтаа шуурхай үйлчлүүлэх боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, тус байгууллагаар үйлчлүүлэхэд хууль, эрх зүйн хувьд ямар нэгэн тээг саад байхгүй болсон гэсэн үг.

Харин одоо иргэдэд үзүүлж буй үйлчилгээ бүртээ мониторинг хийн төрийн байгууллагуудын хяналт шалгалтын давхардлыг арилгаж, эдийн засагт эерэг үзүүлэлт бий болгохоор ажиллаж байна.

Тухайлбал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас санаачлан өнгөрсөн наймдугаар сараас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор ОХУ-руу хил нэвтэрч байгаа галт тэрэгний хил дээрх хяналт шалгалтын давхардлыг арилгаж, шалгалтын хугацаа өмнө нь 40 минут байсныг 2 минут болгон богиносгож чадлаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хоногт 25-30 ачааны болон суудлын галт тэрэг хил нэвтэрдэг. Энэ нь жилд дунджаар 9000 галт тэрэг хил нэвтэрдэг гэсэн үг.

Хил нэвтэрч буй эдгээр галт тэргэнд Замын-Үүд өртөөн дээр хяналт шалгалт хийхээс гадна дахин торгон хил дээр гарах чиглэлд 45 минут, орох чиглэлд 30 минут зогсоож хил хяналтын байгууллагууд шалгадаг. Өдөрт 30 гаруй галт тэрэг хяналт шалгалтын давхардлын улмаас дунджаар 6 цаг үр ашиггүй зогсож ачаа эргэлтэд сөргөөр нөлөөлж байна.

Ийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Замын-Үүдийн хил дээрх төрийн байгууллагуудын хяналт шалгалтын давхардлыг арилгаж, галт тэргийг үр ашиггүй зогсолт хийлгэхгүйгээр улсын хил нэвтрүүлэхээр ажиллаж байна.  

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар