sonin.mn

Орон нутгийн бүртгэлийн ажилтнуудын ажлын арга барилыг боловсронгуй болгох, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох зорилго бүхий бүсчилсэн сургалт, зөвлөгөөнийг тус газар жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Тэгвэл орон нутаг дахь бүртгэлийн  албан хаагчдын 2014 оны ээлжит бүсчилсэн сургалт семинарыг энэ сарын 11-нээс 20-ны өдрүүдэд 4 бүсэд зохион байгуулахаар төлөвлөөд байсны дагуу  төвийн, баруун бүсийн сургалт 11, 12, 13-ны өдрүүдэд Говь-Алтай, Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан бол зүүн болон хойд бүсийн сургалт 18-наас 20-ны өдрүүдэд Дорнод, Булган аймагт тус тус боллоо.

Сургалтаар орон нутаг дахь улсын бүртгэлийн байгууллагын өнөөгийн байдал, цаашдын бодлого, стратеги төлөвлөлт, хэрэгжүүлэх арга хэмжээ, бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх зорилт, үйл ажиллагааны хэрэгжилт, анхаарах асуудлууд, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, үйлчилгээний стандарт, төрийн албаны шинэтгэл түүнчлэн эд хөрөнгө, иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн хууль, эрх зүйн орчны шинэчлэл, Иргэний бүртгэлийн тухай хууль, уг бүртгэлийг хөтлөх журам бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй эрх зүйн актуудын шинэчлэл, ач холбогдол түүний хэрэгжилт,  архивын баримтын менежмент, үйл ажиллагааны арга зүй  үр нөлөө зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвийн хүрээнд явагдаж өндөрлөсөн юм.

Хил залгаа оршдог нэг бүсийн мэргэжил нэгтнүүд өөр хоорондоо танилцан, харилцан ажлын арга барил, туршлагаа солилцож чадсанаараа чухал ач холбогдолтой боллоо.

Сургалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харъяа газар, хэлтсийн мэргэжилтнүүд удирдан зааж явуулсан бөгөөд орон нутгийн бүртгэлийн нийт 400 гаруй албан хаагч хамрагдан оролцлоо.