sonin.mn

Монгол улс 1997 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдөр “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.

Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий нийтээр нийгэмд гэр бүл, бэлгийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хүн амын мэдлэгийг нэмэгдүүлж, тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог сайжруулах замаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

Гэр бүлийн хүчирхийлэл жил бүр өсөн нэмэгдэж байгаа төдийгүй хүний амь нас хохирох, гэмтэх хүүхэд эмэгтэйчүүд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих хандлагатай байна.

Иймд олон нийт, бодлого шийдвэр гаргагч нарын хүчирхийллээс сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх, салбар дундын хамтын оролцоог сайжруулах шаардлагатай байна.

2010-2013 онд 49 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амь насаа алдсан бөгөөд 1180 хүн гэмтэл авсан байна.  

2014 оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 619 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 302 хэрэг буюу 52.1 хувиар нэмэгджээ.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хүчирхийллийн эсрэг төр засгаас баримталж буй бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, Үйлдвэр, аж ахуй, нэгж байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудад хүчирхийллийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өсвөр үе, залуучуудын дунд хүчирхийллийн эсрэг талаарх мэдлэгийг дээшлүүлэх олон талт ажлыг хийх, Нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний гэр бүлд зориулсан гарын авлага боловсруулж, түгээх зэрэг хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дээрх ажлуудыг 2014 оны 11 дүгээр сарын 25-наас 2014 оны 12 дугаар сарын 10-ны хооронд хийх ажээ.