sonin.mn

Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бүх нийтийн түншлэл (GPPAC) хэмээх олон улсын энх тайвны байгууллагын Зүүн хойд Азийн бүс нутгийн Зохицуулах төвөөс эрхлэн уг байгууллагын Улаанбаатарын зохицуулах төв болох цөмийн аюулаас ангид байхын төлөө “Цэнхэр сүлд” ТББ-тай хамтран “Зүүн хойд Азийг цөмийн аюулаас ангижруулах нь” сэдэвт олон улсын бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны ивээл дор 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Энэ хуралд Монгол Улсын эрдэмтэн судлаачдаас гадна GPPAC-ийн Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын буюу Улаанбаатар, Токио, Киото, Пхеньян, Сөүл, Владивосток, Бээжин, Хонконг болон Тайпэй хотуудын зохицуулах төвүүдийн төлөөлөгчид, судлаачид, энх тайвны идэвхтнууд оролцлоо. Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, төр, нийгмийн нэр хүнд бүхий  зүтгэлтнүүд, гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагуудын ажилтнууд урилгаар оролцов.

Тус бага хурлын зорилго нь Зүүн хойд Азийн орнуудын эрдэмтэн, судлаачид, энх тайвны идэвхтнүүд Улаанбаатар хотноо уулзан ярилцаж цөмийн аюулгүй байдлын салбарт тулгарч буй сорилтууд, энэ чиглэлийн улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах шаардлага, бололцоо, үүнд Монгол Улсын гүйцэтгэж болох үүрэг роль, түүнчлэн цөмийн энергийн аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцход оршив.

Цөмийн зэвсгээс ангижруулах асуудал нь GPPAC-ийн үйл ажиллагааны өнөө үеийн тэргүүлэх нэг чиглэл юм. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын туршлагаас суралцах нь бүс нутгийн хувьд ихээхэн ач холбогдолтой хэмээн GPPAC үздэг болно.

Ийм учраас уг бага хурлын явцад GPPAC-ийн гишүүн байгууллагууд болон бусад оролцогчид Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын талаар тодорхой мэдээлэлтэй болох, үүнийгээ бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх өөрсдийн чармайлтдаа үр дүнтэй механизм болгон ашиглахад суралцах болоцоо гарна гэж хурлыг зохион байгуулагчид үзэж байна.

Мөн Монголын туршлагыг хэлэлцэх нь зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх өөр бусад асуудлыг ч авч үзэх арга зүй эзэмших бололцоог олгох юм.