sonin.mn

РОМ. /Xinhua/. Сьерра-Леонд “Эбола”-гийн халдвар авсан болох нь тогтоогдсон Италийн эмч өчигдөр нутагтаа буцан ирж, туршилтын эмээр эмчилгээ хийлгэж байна гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Бүртгэгдээгүй байгаа эмээр вирус утгах тусгай эмчилгээ хийж эхэлсэн гэж халдвартын “Спаллазани” эмнэлгийн эмч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Халуурахыг эс тооцвол өвчтөний биеийн байдал хэвийн байгаа гэж тэд мэдээлсэн байна.

“La Repubblica” сонины мэдээлснээр, өвчтөний нэрийг Фабрицио гэдэг ба өдгөө 50 настай. Тэрбээр Италийн өмнөд нутгийн Сицилийн арлын харьяат бөгөөд эхнэр, хоёр охинтой ажээ.

Тэрбээр  Сьерра-Леоноос гарахынхаа өмнө гэр бүлдээ, сайн байгаа, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

"Нөхцөл байдал хяналтад байгаа. Өвчтөнтэй зөвхөн асрагч болон эмч нар л харилцах учраас ямар ч аюул байхгүй" гэж Италийн Эрүүл мэндийн сайд Биатрис Лорензин “Messaggero” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Спаллазани” эмнэлгийн 15 эмч, эрүүл мэндийн туслах 15 ажилтан нийт 30 хүнээс бүрдэх баг Фабрициог эмчилж байгаа бөгөөд уг эмнэлэг нь Европын түвшний шилдэг төв болохыг тэрбээр цохон тэмдэглэжээ.

Гвиней, Либери, Мали, Сьерра-Леон, Нигери, Сенегал, Испани, АНУ зэрэг орнуудад “Эбола”-гийн халдвар бүртгэгдсэн. Халдвар авсан хүний нийт тоо 15351 болж, 5459 хүн халдварын улмаас нас баржээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: