sonin.mn

Шинжлэх Ухааны Акадмеми, Монгол Үндэсний Ардчилсан нам хамтран “Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт болж өнгөрлөө.

Тус хуралд анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөний сайд асан Д.Содном, УИХ-ын гишүүд зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд, судлаачид оролцсон юм. Хуралд танилцуулсан илтгэлүүдийг ишлэл хэлбээр товчлон хүргэж байна.

Анхдугаар Үндсэн хуулиас өмнөх үеийн Монголчуудын дундах үндсэн хуульт  засаглалын тухай үзэл санаа

ШУА-ийн Түүхийн хүрээлэн Түүхч, доктор Д.Өлзийбаатар

1921 оны хувьсгалын дараахь үеэс төрийн байгууламж, засаглалын хэлбэрийн талаар:

-Үндсэн хуульт хаант засаг;
-Парламентийн засаглалт БНУ;
-Зөвлөлийн хэлбэрт БНУ; гэсэн 3 үндсэн санал, үзэл бодол бий болж, түүнийг тойрсон маргаан мэтгэлцээн, талцал зөрөлдөөн өрнөсөн гэж үзэж болохоор байна.

• Энэ маргааны гол илрэл нь Үндсэн хууль боловсруулах үйл явц ба Бодоо, Данзан, Богд нарын үхэлээр илэрхийлэгдэнэ.

• 1924 оны анхдугаар Үндсэн хууль батлагдах хүртэл монголчуудын Үндсэн хуульт засаглалын хэлбэрийн талаархи үзэл бодол нь Английн төрийн байгууламжийн хэлбэрийг загварчлан авах тал дээр баттай байсан билээ.

• Англитай адил Үндсэн хуульт хаант Засаглалын хэлбэрээр монголчууд 1921 оны хувьсгалын дараа төр засгаа эмхлэн байгуулав.

• Д.Бодоог устгасан нь Үндсэн хуульт Хаант засаглалын талаархи үзэл бодол, үйл ажиллагааг устгасан хэрэг юм.Энэ нь бүр 1921 оны 8-9 дүгээр сард болсон “Хүрээний хуралдаанаас” эхтэй.

Энэ үеэс эхлэн Д.Бодоог “Санаагаа өөрчилж, хуучныг нэхэгч” хэмээн буруушааж эхэлсэн юм. Д.Бодоог буруутгах буюу Үндсэн хуульт хаант засаглалын эсрэг парламентын бүгд найрамдах засаглалыг тууштай дэмжигч С. Данзан оройлон тэмцсэн билээ.

• Дараа нь ээлж С.Данзан дээр ирлээ. С.Данзангийн бодлоор Монгол орны хөгжлийн төлөв нь хөрөнгөт ёсны харилцаанд орох явдал байсан бөгөөд төрийн байгууламжийн хэлбэрийг, сонгох эрх бүхий Бүгд найрамдах улс хэмээн томъёолж чухам тэр үзлийнхээ үүднээс Монгол орон капитализмыг алгасах нь түүхийн дэс дарааллыг зөрчсөн гаж үйлдэл болно гэдгийг илээр тунхаглан хэлж байлаа.

• Одоо хөгжлийн гурав дахь зам, засаг төрийн байгууламжийн тухай гуравдахь төсөөлөл нь ЗОУ-ын төрийн байгууламжийг загвар болгосон “Ардын зөвлөл буюу хөдөлмөрчдийн хурлыг” төрийн байгууллын үндэс болгох хувилбар л үлдэв. Энэ хувилбар 1924 оны 11 дүгээр сард Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхдугаар Үндсэн хууль батлан” гаргаснаар хэрэгжив.

 



Гүйцэтгэх эрх мэдэл ба хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл

УИХ-ын гишүүн М.Батчимэг

Монгол Улс дахь парламентын засаглалын гажуудал:

- Төвлөрсөн гүйцэтгэх эрх мэдлийг баталгаажуулж чадаагүй (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ хуваалцдаг)

- Гүйцэтгэх засаглалын тэргүүний танхимаа байгуулах үндсэн эрх мэдэл УИХ-д байдаг.

- УИХ сайд нарын томилгоогоор дамжуулан гүйцэтгэх эрх мэдлийг “барьцаалсан”. Парламентын зөрчил шууд ЗГ-ын зөрчил болон хувирч засаглалын тогтворгүй       байдал үүсгэдэг.

- Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал холилдсон. Харилцан хяналт тэнцэлийн оновчтой механизмгүй. (УИХ-ын хяналтын чиг үүрэг хэрэгждэггүй)

- Ерөнхий сайдын эрх мэдэл хязгаарлагдмал, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, Хөгжлийг удирдах боломжгүй.

- Парламент гүйцэтгэх эрх мэдэлд хэт хутгалддаг. (Төсөв, татвар, хөгжлийн бодлого...)

- Гүйцэтгэх засаглалаар дамжаад төрийн алба бүхэлдээ улс төрд барьцаалагдсан.

Шийдэл:

- Үндсэн хуулийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх

- Сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх

 



Үндсэн хуульд шинэчлэл хийх шаардлага

УИХ-ын гишүүн  Я.Содбаатар

• 1999 онд оруулсан нэмэлт өөрчлөлт парламентын дархлааг сулруулсан гэж судлаачид үздэг.

• УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг эрх зүйн хүрээнд нээж өгсөн явдал нь төрийн эрх мэдлийн хуваарилах хяналт-тэнцвэрийг алдагдуулсан.

• Төрийн эрх мэдэл хуваах, засаглал хуваах онолын зарчмыг Үндсэн хуулинд хатуу зааж, сонгодог парламентыг төлөвшүүлэхэд зорих ёстой.

• Парламентаа 2 танхимтай болгох, эсвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэн аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтран Ерөнхийлөгчийг сонгодог болвол зөв байх.

• Ерөнхийлөгчийн чиг үүргийг тодорхой, хуулийн хүрээнд нарийвчлан боловсронгуй болгох нь зүйтэй юм.

• Ерөнхийлөгчийн институтыг харахад бусдын ажилд хошуу дүрэх, цаашилвал гараа дүрэх байдал ч ажиглагдаж байна.

• Манай улс парламентын засаглалтай орон боловч бүх ард түмнээс сонгогдсон мандат авсан  Ерөнхийлөгч парламенттай эн тэнцүү харагдаж, оролцох хандлага их байна.

• Ерөнхийлөгчийг парламентаас сонгоод гүйцэтгэх засаглалын түвшинд ажиллуулах нь зөв юм.

• Гүйцэтгэх засаглалын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд Ерөнхий сайдад бодитой эрх мэдлийг олгох нь зүйтэй юм. Ерөнхий сайд парламентын өмнө ажлаа бүрэн хариуцдаг, танхимын гишүүдийн томилгоо, шаардлага гарвал өөрчлөх тухай асуудлыг шийддэг эрхийг нь олгох хэрэгтэй.

• Улс төрийн намыг төрийн өндөр эрх мэдэлд хүргэх машин, шат дамжлага мэтээр үнэлэх үнэлэмж нэгэнт тогтсон байна.

• Хот суурингийн эрх зүйн орчинг ойлгомжтой томъёолох. Нийслэлээс гадна зарим нутаг дэвсгэрийн нэгжийг “хот” гэж хүлээн зөвшөөрөх. Үндсэн хуулинд "хот" гэсэн ангиллыг нэмж тусгах шаардлагатай.

• Төрийн нэрээр өмчийн эрхэнд ихээхэн халдах байдал ажиглагдаж байна.Үүнийг зогсоох шаардлагатай.

• 1992 оны шинэ Үндсэн хуулинд өмчийн харилцааг бэхжүүлсэн ганцхан заалт орсон байдаг.

• Эдүгээ манай улсын эдийн засаг хямралын байдалтай, гадаад өр зээл ихэссэн, засаглалын чадамжгүй байдал үүссэн гол шалтгаан нь Үндсэн хуулиас эхтэй засаглалын хямралаас үүссэн хэмээн дүгнэж болох юм.

 



Монгол улсын үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулах асуудлаар хэлэх санал

Ерөнхий сайд асан Д.Содном

• Төр төвтэй биш нам төвтэй засаглал бий болсон нь улам лавширч байна.

• УИХ-ын гишүүдыг шууд сонгож байх иргэдийн эрхийг улс төрийн намууд үгүй болгож 2012 оноос УИХ-ын 28 гишүүнийг улс төрийн намууд томилсон. Одоо түүнийгээ хуульчилахыг санаархаж байна.

• Үндсэн хуулийн дээрх суурь заалтуудыг хэрэгжүүлэхгүй байгаа нь Үндсэн хуулийн цэц үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас улбаатай.

• Энэ гажуудлыг даруй засахгүй бол иргэд ба төрийн хооронд итгэлцэл алдагдах, төрийг хүндэтгэдэггүй болох аюултай.    

• Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Төрийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай.

• Парламентийг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэх хоёр танхимтай болгох, Ардын Их Хуралын гишүүдийг сум дүүрэг болгоноос /нэг хүнийг/ иргэд өөрсдөө нэр дэвшүүлэн шууд сонгодог, Улсын Бага Хурлыг Ардын Их Хурлаас томилдог, Монгол улсын Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлдог болох,

• Ардын Их Хурал болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг 7 жил болгох асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх.

• Төрийн тогтолцоог боловсронгуй болгох дээрх саналаа би шинэ үндсэн хуулийг хэлэлцэж баталж байх үед депутатын хувьд хэлж байсан, одоо хүртэл хорин хэдэн жил хэлж л байгаа. Хууль санаачлах эрхтэй нөхөд сонсох анхаарахаас өөр аргагүй байдалд хүрнэ, тийм цаг удахгүй ирнэ гэж боддог.

 



Шинэ үндсэн хууль боловсруулахад анхаарах зарим асуудалд

МҮАН-ын дарга М.Энхсайхан

• Үндсэн Хуулийн эрх мэдлийн институциуд хоорондоо зөрчилдөөд, асуудлаа шийдэж чадахгүй байгаа зүйл бол Үндсэн Хуулийн хямрал гэдэг ойлголтонд оруулах ёстой юм байна.

• Үндсэн Хуулийн хямрал гэдэг бол хэвийн үзэгдэл. Харин засвар хийхгүй байгаа нь гамшиг юм.

• Нэг танхимтай парламент “Хяналтгүй төр үүсгэдэг, Үндсэн хуулийн харилцан хяналт, тэнцвэрийг алдуулдаг аюултай”. Монгол Улс хоёр танхимтай парламенттай  байх нь гарцаагүй юм.  

• Харин Улсын бага хуралдай нь цөөхөн гишүүнтэй, хууль тогтоох эрх мэдэлтэй, үүнийг нь хянадаг тогтолцоо буюу төрийн дээд эрх мэдлийг Үндэсний Их Хуралдай дээр хадгалагддаг байвал яасан юм бэ гэсэн саналтай байгаа юм.

• Үндэсний Их Хуралдай нь сонгогдсон болон томилогдсон гишүүдээс бүрдэнэ. Томилогдсон гишүүд гэдэгт тухайлбал: ИТХ-ын дарга нар, ҮЭ-ийн Ерөнхийлөгч МХАҮТ-ын дарга, ШУА-Ерөнхийлөгч, ҮИС-ын захиралууд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, Эрдэмтэн мэргэд, Хүндэт иргэд.

• Ерөнхийлөгчийг гүйцэтгэх засаглалд хамруулах хэрэгтэй гэж үзэж байна. Тийм учраас Ерөнхийлөгчөө Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдайн хамтарсан хуралдаанаас сонгох нь зөв.  

• Энэ нь Хүчтэй Ерөнхийлөгч бий болгох мэт харагдавч үнэн хэрэгтээ парламентийн засаглалыг бэхжүүлж байгаа хэрэг юм.

• Парламентийн засаглалыг улам бэхжүүлэх шаардлагатай, үүний зэрэгцээ Ерөнхийлөгчөө хүчтэй болгох хэрэгтэй юм.  

• Үндсэн хуулиас Их засаг руу шилжие

 


1992 оны Үндсэн хуулийн үйлчлэл, шийдэх асуудал

ШУА-ийн ФСЭХ-ийн хүрээлэнгийн захирал, академич  Г.Чулуунбаатар

• 2000 оны өөрчлөлтөөр Ерөнхий сайдын гарт Засгийн газар ба парламентыг зэрэг хяналтандаа байлгах тодорхой нөхцөл бүрдсэн.

• Ерөнхийлөгч парламентыг  тараах эрхтэй,  Засгийн газартай зөвшилцөх боломжгүй  \ Парламент Засгийн газраараа тоглох, Засгийн газрынхаа өмнө хариуцлага хүлээдэг байх\

• Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд шууд заагаагүй.

• Улс төрийн намын тухай Үндсэн хуульд тусгах эсэх. Үүнийг судлах шаардлагатай.

• Өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослох. Энэ зохицуулалт  НЭУЁ-ыг сулруулдаг, төрийн удирдлага нэрийн дор улс төрийн намын оролцоо хэт их болсон. Нутгийн удирдлага зохистой төлөвшихгүй байгаа. 
 
• Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх  асуудал маргаан үүсгэж шийдэгдэхгүй байдал үргэлжилсээр байна. Энэ талаар  Үндсэн хуульд “тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн шийдвэрлэнэ”  гэж заасан. Иргэд сумаа, дүүргээ татан буулгахыг бараг зөвшөөрдөггүй.

• Нийслэлээс гадна зарим нутаг дэвсгэрийн нэгжийг “хот” гэж хүлээн зөвшөөрөх шаардлага бий.

• Улс төрийн намуудын үйл ажиллагаа, төр-нам- бизнесийн бүлэглэл болсон.

• Ялсан хүч ҮХ-иас  давсан эрх эдлэх, ялагдсан нь ҮХ-д байхгүй  ялгаварлан гадуурхалд өртөх.

• Ерөнхийлөгчид бодит эрх мэдэл дутагддаг.

• Үндсэн хуулийн сайтар нягтлаагүй, ойлгомжгүй, бүрэн бус үг хэллэг зөрчлийн шинэ эх үүсвэр болох

• Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог ард  түмэн л огцоруулах эрхтэй

• Орон нутагт төрийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлж буй одоогийн тогтолцоо зөрчилтэй

• Үндэстний цөөнх,  улс дамнасан угсаатан, угсаатан ястаны бүлгийн эрх ашиг, онцлогийг хамгаалах

• Манайх 1999-2000 оны заагт 10 хүрэхгүй жилд анхны өөрчлөлт хийгдсэн, өөрчлөх тухай санаачилга түүнээс хойш тасраагүй

М.Сүрэн

Илтгэлийн видео бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.