sonin.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай улс төрийн намуудад Засгийн газарт хамтарч ажиллах санал тавьсан билээ. Энэ хүрээнд улс төрийн намууд дотооддоо шинэ Засгийн газарт хамтрах уу, үгүй юү гэдгээ ярилцаж байна.

МАН- ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өчигдөр Зөвлөхүүдийн танхимын гишүүдээ хүлээн авч, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах эсэх талаар тэдний байр суурийг сонслоо.

МАН-ын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим 15 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ удаагийн уулзалтад Н.Багабанди, Д.Содном, Ш.Гунгаадорж, Сү.Батболд, Ө.Энхтүвшин, Б.Даш-Ёндон, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар оролцлоо.

Монголын төрд хариуцлагатай өндөр албан тушаал хашиж байсан гишүүдийнхээ үгийг сонсох нь улс төрийн эгзэгтэй үед оновчтой шийдвэр гаргахад ус агаар мэт хэрэгтэй хэмээн МАН-ынхан үзжээ.

Уг уулзалтын эхэнд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласан өдрийг тохиол дуулан хүрэлцэн ирсэн гишүүдэд МАН- ын дарга М.Энхболд бэлэг гардууллаа. Үүний дараа улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар үе үеийн парламент, Засгийн газарт ажиллаж байсан гишүүдийн санал бодлыг хэвлэл мэдээллийнхэнд хаалттайгаар сонссон юм.

Ч.Сайханбилэгийн саналыг хүлээж авах эсэхийг Зөвлөхүүдийн танхимын гишүүд шийдэхгүй. Ирэх баасан гаригт МАН бага хурлаа хуралдуулж, шийдвэрээ гаргана гэдгээ мэдэгдсэн билээ. МАН-аас Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, энэ асуудлыг авч хэлэлцсэн Төрийн байгуулалт болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бүлгээрээ суугаагүй билээ.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд МАН-ынхан дотроо санал хуваагдаж эхэлжээ. УИХ дахь бүлэг, Удирдах зөвлөлийн гишүүд дотор Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрахыг дэмжсэн байр суурьтай гишүүн цөөнгүй байгаа аж.

Шинэ Засгийн газарт МАН- аас хэн орж ажиллах талаархи таавар цахим сүлжээ, сайтуудаар хүчтэй явж эхэлсэн. Юутай ч МАН-ын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын хуралдаанаар энэ бүх асуудлыг орхихгүй хэлэлцсэн нь лавтай. Гэхдээ уг уулзалтад оролцогчид танхим дотор ярьсан сэдвээр хэвлэлийнхэнд үг унагах тун дургүй байлаа.

Хэрвээ МАН засагт хамтарч ажиллавал бие даагч гишүүд сөрөг хүчин болж, АН, МАХН-ын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болохыг мэдэгдэж байгаа юм. Олон нийтийн зүгээс “МАН засагт хамтрахгүй” гэсэн шийдвэр гаргавал дараагийн сонгуулийн имижид эерэгээр нөлөөлнө гэсэн хандлагатай байгаа. Гэвч шинэ Засгийн газартай МАН хамтарч ажиллавал хэд хэдэн сайдын суудал амласан учраас сөрөг хүчний гишүүд дотроо үзэл бодол зөрчилдөж эхэлсэн нь энэ.

МАН- ын нөлөө бүхий гишүүд ирэх баасан гаригт болох бага хурлаар Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орох асуудлыг дэмжүүлэх чиглэлд ажиллаж байгаа гэх мэдээлэл ч байна.

Засагт хамтрах асуудлаар МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Су.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тэд намын шат шатны байгууллагын гишүүдийн саналыг сонсч байгаа аж.

Зөвлөхүүдийн танхимын гишүүд дотор “Үлдсэн хугацаанд АН-д ачааг нь үүрүүлээд Ч.Сайханбилэгийн саналаас татгалзсан нь дээр” гэсэн саналтай гишүүн ч цөөнгүй байжээ. Ингээд энэхүү уулзалтад оролцсон зарим гишүүний байр суурийг сонслоо.

Эцсийн шийдвэрийг Бага хурлаар гаргана


МАН-ын дарга М.Энхболд: МАН-ын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим хуралдаж байна. Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-д Засгийн газарт хамтарч ажиллах эсэх талаар албан бичиг явуулсан. Энэ удаагийн хуралдаанаар шинэ Засгийн газартай хамтарч ажиллах уу, үгүй юү гэдэгт Зөвлөхүүдийн танхимын гишүүдийн саналыг сонсч эхэлж байна.

МАН-ын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим эцсийн шийдвэр гаргадаг байгууллага биш. Гэхдээ улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээний томоохон асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй хүмүүс. Яагаад гэвэл нэгэн цагт улс орныг удирдаж явсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан эрхмүүд Зөвлөхүүдийн танхимд багтдаг учраас тэдний санал бодлыг зайлшгүй сонсох ёстой.

МАН-ын бага хурал ирэх баасан гаригт болох тов гарсан. Энэ хуралдаанаар Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын ирүүлсэн албан бичигт хэрхэн хариу өгөх нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, эцсийн шийдвэр бага хурлаар гарна. Ард түмэн ямар саналтай байна вэ гэдгийг мэдэхийн тулд уржигдар оройноос судалгаа явуулж байна.

Намын анхан болон дунд шатны байгууллагууд ямар бодолтой байгааг сонсох чиглэл өгсөн. Зөвлөхүүдийн танхимын гишүүд улс орон, эдийн засгийн байдлыг харж үзэх ёстой гэсэн байр суурьтай байна. Намын Бага хурлаар тоймтой шийдвэр гаргах учраас би энд хувийн байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй.

МАН засагт орохыг дэмжихгүй


Ерөнхий сайд асан Д.Содном: Бага хурлын гишүүдийн саналыг сонсч шийдвэр гаргах юм байна. Энэ нь ч зөв. Би хувьдаа МАН шинэ Засгийн газарт хамтарч ажиллаад хэрэггүй болов уу гэсэн байр суурьтай байгаа. АН өмнө нь ИЗНН, МАХН, МҮАН-тай хамт Засгийн газар байгуулж байсан.

Тэгэхээр энэ бүтцээрээ УИХ-ын 2016 оны сонгуулийн хугацаа дуустал ачаагаа үүрээд явах нь дээр байх. Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засагт бүх анхаарлаа хандуулна гэдгээ хэлж байна лээ. Энэ их зөв зүйтэй.

Би дээр нь нэмээд үйлдвэрлэлийг чухалчилж хэлмээр байна. Ер нь эдийн засгаа өөд нь татаж хямралаас гаргая гэвэл экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Зөвлөхүүдийн танхимын гишүүдийн юу ярьсныг энд задлаад хэрэггүй байх. Намын удирдлагууд байр сууриа илэрхийлнэ биз. Би тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй гэж ярьдаг хүн.

Ингэж байж асуудлыг эхнээс нь шийдвэрлэнэ. Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Гэтэл бодит байдалд ард түмэнд биш улс төрийн намуудын мэдэлд засгийн эрх оччихоод байна.

Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Одоогийн төрийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Төрийн тогтолцоо зөв байвал улс орныг хөгжүүлэх цэгцтэй төлөвлөгөөтэй, түүнийг биелүүлэхийн төлөө намууд ажилладаг байх ёстой. Засгийн газрыг парламентын гаднаас бүрдүүлэх хэрэгтэй.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: