sonin.mn

БЕРЛИН. /АР/. Украины зүүн нутагт осолдсон Малайзын агаарын тээврийн Боинг онгоцны ослын талаарх мэдээллийн шагналыг Германы “Wifka” мөрдөх товчоо өсгөжээ. Энэ тухай хувийн мөрдөгч Йозеф Реш “Capital” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.

“Онгоцны ослын ард байгаа гэм буруутныг нотлох баримтын тухай мэдээлэлд урьдын адил 30 сая доллар төлнө. Нэмээд 17 саяыг зарим оронд мөрдөн шалгалтын дүнг нууж эсвэл саад болж буй талаарх мэдээлэлд төлөхөөр төлөвлөж байна” гэж Реш мэдэгджээ.

Хоёр дахь мөнгөний хэмжээг тохиолдлоор сонгоогүй бөгөөд энэ нь Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд нислэг үйлдэж МН17-гийн дугаар юм гэж тэрбээр тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, нэг мянга орчим захидал, хэдэн зуун дуудлага, мөн баримт бичиг бүхий хэдэн арван илгээмж “Wifka” мөрдөх товчоонд иржээ.

“Эхлээд 10 орчим мэдээлэгч байсан, одоогоор тэднээс тав нь үлдсэн” гэж тэрбээр ярьсан байна. Түүний хэлснээр, одоо мэдээлэгчидтэй хэлэлцээ хийж байгаа аж. “Бид хоёр дахь Эдвард Сноуденыг хайж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Ингэхдээ мөрдөгч онгоцны осолд босогчид буруутайг АНУ-аас хүлээн авсан хиймэл дагуулын зургуудад нотолж байна гэж мэдэгдсэн Германы Холбооны тагнуулын албаны хувилбарт эргэлзсэн байна.

“Тэгвэл Нидерландын ивээл дор явуулж буй ослын шалтгааныг мөрдөн шалгах комисс эдгээр зургийг яагаад хүлээж аваагүй вэ? Холландын мөрдөн шалгах багийн ахлагч Фред Вестербек энэ зургуудын талаар огт мэдэхгүй байгаагаа мэдэгдсэн” гэж Реш цохон тэмдэглэжээ.

Чухам хэн хувийн мөрдөгч хөлсөлсөн тухай мэдээлээгүй байна. “Wifka” мөрдөх товчоо нь эдийн засгийн гэмт хэргийг мөрддөг аж.

Амстердам-Куала-Лумпурын чиглэлд нислэг үйлдэж байсан “Malaysia Airlines” компанийн онгоц энэ оны долдугаар сарын 17-нд Украины Донецк муж орчимд осолдсон билээ. Онгоцны бүхээгт байсан 298 хүн бүгд амиа алдсан юм.

Д.Жаргал

Эх сурвалж: