sonin.mn

Манай орны сурган хүмүүжүүлэгч ахмад эрдэмтэд XX зууны эхнээс БНМАУ-д орчин цагийн сургуулийн системийг үүсгэн хөгжүүлэхдээ түүний судалгааны үндсийг зэрэг тавьсан байна. Монголын боловсролын судалгаанаас бидний үед ирсэн уламжлал нь өнгөрсөн зууны 90-ээд оноос эхэлсэн Монгол Улсын боловсролын ээлжит шинэчлэл, өөрчлөлтийн урьдач нөхцөл, түүний нэг үндсэн хэсэг нь болов.

Манай орны боловсролыг Дэлхийн олон улсын боловсролын нийтлэг хандлагыг тооцож хөгжүүлэх үйлсийн гараа болсон 1990-ээд оны эхэнд шинэ дэг сургуулиар үүсч хөгжсөн боловсрол судлал өнөөдөр Монголын нийгмийн оюуны амьдралд орон зайгаа баттай эзэлж, нийгмийн шинжлэх ухааны бие даасан чиглэл болон хөгжиж байна.


Нэг. Боловсролын судалгааны өв

БНМАУ-ын боловсролын үзэл баримтлал нь Ази, Дорно дахины болон Орос, Зөвлөлтөөр дамжин орж ирсэн европын боловсролын хөгжлийн онол, сургаалийн аль алинд нь суурилсан байв. Төвд, монгол, бусад хэлээр бичигдэж үлдсэн монголын иргэний болон шашны уран зохиолын дурсгалуудад эртний энэтхэгийн гүн ухаан, ертөнцийг үзэх үзлийн нөлөө тод мэдрэгддэг.

Ардын аман зохиол дахь хүний асуудал, амьдрал, ертөнцийн зүй тогтлыг үзэх үзлийн жанжин шугам нь үндсэндээ буддын философид тулгуурласан байв. Монгол хүний хөгжил, төлөвшлийн асуудалтуссан эртний түүх, уран зохиолын дурсгалуудад, мөн хожуу үеийн То Вангийн сургаал болон Дандаа Чинсан, Ч.Бат-Очир агсаны ном, бүтээлд Кунзийн сургаалийн үзэл санаа, хэллэг, томъёолол таарах нь бий.

Мөн 1905,1917 оны Оросын хувьсгалын дараагаар Монгол Улсад дагаар орж ирсэн буриад нарын дотор оросын сурган хүмуүжүүлэх ухааны боловсролтой хүмүүс цөөнгүй байсан нь европын сургалтын онол, суртал манайд нэвтрэхэд нөлөөлсөн байна.Ардын хувьсгалын жилүүдэд манай боловсролын хэрэгт орос боловсролтой олон хүн ирж ажилласан нь ч үүнд нөлөөлөв.

Монгол хүн төлөвшлийн асуудлаарх манай ахмад үеийнД.Равжаа, Б.Тогтохтөр, Ч.Дандаа, Ч.Бат-Очир нарын үэзл санаа нь шинэ үеийн П.Хорлоо, Ш.Гаадамба, Д.Дашжамц, Б.Бор, Х.Дарамбазар, Ж.Лувсандорж, Ш.Сүхээ, Л.Түдэв, Ц.Санжжав, Л.Шагдарсүрэн, Х.Нямбуу, Х.Сампилдэндэв, Г.Эрдэнэ-Очир, Д.Шагдар нарын зэрэг эрдэмтдийн сурган хүмүүжүүлэх үзэл санаа төлөвших суурь болсон гэж үзэж болно.

Мөн Х.Бадамсэд, Г.Рэнцэндорж, С.Цагаан, Б.Оргой, М.Цэрэнханд, А.Оюунханд.С.Бадамханд, Н.Даваажав, Ш.Зулхүү, Ш.Оюун, Д.Ганчимэг нарын зэрэг гавъяат, алдартбүтээлч багш нараас манай оронд тодорхой хичээлийн заах аргыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсныг тэмдэглэх хэрэгтэй.

Монгол хүний хөгжил, төлөвшлийн асуудлаарх доктор Ч.Жүгдэр, Г.Сүхбаатар, Д.Гонгор, Ц.Балхаажав, Д.Дашжамц, Х.Сампилдэндэв, Ш.Сүхээ, М.Төмөржав, Н.Эрдэнэцогт, Г.Эрдэнэ-Очир, Л.Дашням, Р.Батаахүүнарын зэрэг эрдэмтдийн судйлгаа нь XX зууны эцэст боловсролын шинэ үзэл санаа, хандлага төлөвшихөд үнэтэй хувь нэмэр, урьдач нөхцөл болов.

БНМАУ-д 1956 онд БНМДИ нэрээр байгуулагдсан Боловсролын хүрээлэн нь БНМАУ-д 1960-1990 онд хэрэгжсэн боловсролын 3 удаагийн томоохон шинэчлэлийн онол, аргазүйг гардан боловсруулж хэрэгжүүлсэн бөгөөд хүрээлэнгийн эрдэмтдээс дээд, дунд сургуулийн багш, судлаачдын оролцоотойгоор энэ чиглэлээр хийсэн судалгаа, туршилт, гаргасан бүтээлүүд нь манай орны боловсролын судалгааны бүхэл бүтэн үеийг төлөөлдөг.

Сургалтын онол, аргазүйн чиглэлээр судалгаа хийж, амжилт гаргасан олон арван эрдэмтэн хүрээлэнд ажиллаж байв. Манай улсад боловсролын асуудлаар шинжлэх ухааны докторын 1 зэрэг хамгаалсан 24 эрдэмтний 19 нь, улсын хэмжээгээр боловсрол судлалын философийн доктор зэрэг хамгаалсан 300 гаруй хүний 70 нь эдний дундаас төрж гарсан гээд бодоход монголын боловсрол судлалын хөгжилд тус хүрээлэнгийн оруулсан хувь нэмэр багагүй.

Хүүхдийн сурган хүмүүжүүлэх ухаанаас боловсрол судлалын хэмжээнд хүрч хөгжин өнөөг хүрсэн энэхүү судлал нь монголын ард түмний боловсролын хөгжлийн түүчээ, сургалтын системийг боловсронгуй болгох үйл явцын үндэс болж ирсэн нь тухайн цаг үед боловсролын салбарт ажиллаж ирсэн судлаач, эрдэмтэд.аргазүйчид, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын бодлого боловсруулагчид, хүүхэд залуучуудын хамтын үйл ажиллагааны үр дүн юм.

Хоёр. Боловсрол судлалын хөгжлийн шинэ үе

Хүний нийгэм байгалын үргэлжлэл. Хүн нэг талаасаа байгалын амьтан, нөгөө талаас нийгмийн бүтээгдэхүүн, боловсролын үйл ажиллагааны үр дүн. Байгаль эх хүнийг хар, шар, цагаас арьстай гэж ялгалгүй бие бялдар, оюун ухааны ижил потенциальтай төрүүлдэг.

Харин улс үндэстнүүдийн хөгжлийн түвшний ялгаа нь юуны өмнө тэдний боловсролын чанар, үр дүнтэй салашгүй холбоотой. Боловсрол цаг хугацааны дагуу өнгөрснөөс ирээдүйг чиглэн, үе үеийнхний бий болгосон мэдлэг, чадвар, хандлагыг шинэ үеийнхэнд уламжлуулан өвлүүлдэг нийгмийн механизм.

Иймээс байгаль, цаг агаарын өвөрмөц нөхцөл, соёлын өөр орчинд бүрэлдэж тогтсон боловсролын тогтолцоог нөгөө газар, өөр нөхцөлд шууд хуулбарлаж нутагшуулахад бэрхшээлтэй байдаг. Хүн нийгмээ байгаль, цаг агаарынхаа онцлогт тохируулан байгуулдаг, боловсрол нь тэр мэдлэг, туршлагыг уламжлуулдаг нийгмийн дэд систем гэж үзэх нь судалгааны энэ онолын суурь болно.

Боловсролын үйл явцыг өсөлт, хөгжпийн түгээмэл зүй тогтлын чиг хандлагаас судалдаг генетик хандлага (биологийн амьтан), хүний хөгжлийн зүй тогтолд эерэгээр нөлөөлдөг нийгмийн хүчин зүйл гэж үздэг антропологийн (хүн) хандлага Барууны орнуудад их түгжээ.

Боловсролыгхүний нийгэм-соёлын хөгжлийн зүй тогтлын чиг хандпагаас судалдаг соёл судлалын хандпага (соёлт хүн), хүний үнэт зүйлсийн хөгжлийн зүй тогтол талаас нь авч үздэг аксиологийнхандлага (үндэстэн), хүний үйл ажиллагааны зохион байгуулалт талаас нь авч үздэг үйл ажиллагааны хандлага (нийгмийн гишүүн), хүн бодит байдлыг танин мэдэх зүй тогтол талаас нь судалдаг танин мэдэхүйн хандлага (хүний хөгжил) Дэлхийн янз бүрийн бүс нутагт өөр өөрийн өнгө аястай хөгжсөн байна.

Өнөөдөр гадаад орнуудад боловсрол судлапын холбоод ажиллаж, олон улс, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Боловсрол судпалын тодорхой чиглэлүүдээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн 300 гаруй сэтгүүл хэвлэгдэж байна.

Боловсролын чанар үнэлгээ, боловсролын удирдлага, мэргэжлийн боловсрол, ёс суртахууны боловсрол зэрэг боловсролын бүхий л чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг судалгаа, аргазүйн чиглэлээр өрнүүлж, боловсролын хөгжлийн цаашдын чиг хандлагыгхамтын шийдлээр тодорхойлох зорилготой мэргэжлийн холбоодыг ажиллуулах хандлага өргөжиж байна.

Манайд 1990-ээд оноос өмнө боловсролын асуудпыг хүүхдийг сургаж хүмүүжүүлэх ухаан, сэтгэц судлалын хүрээнд, голдуу ЗХУ-ын эрдэмтдийн нийгмийн хүчин зүйлийн онолыг баримталж авч үздэг байв. Харин АБЯ-ны дэргэд 1990 онд байгуулагдсан Мэргэжлийн боловсролын аргазүй, судалгааны Төвийн эрдэмтэд Монгол улсад боловсрол судлалын шинжлэх ухааныг шинэ агуулга, аргазүйгээр хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулав.

Боловсрол судлал гэдэг шинжлэх ухааны шинэ чиглэлийн тулгуур ухагдахуунуудыг манай оронд анх түрүүн эдгээр эрдэмтдийн нийтлүүлсэн бүтээлдхэрэглэсэн юм.Одоо манай оронд монголын боловсролыг Эртний үе, Буддын философийн үе, БНМАУ-ын үе, Шинэ Монгол Улсын боловсролын үе гэж 4 үе шатанд хувааж авч үзэж судлаж байна.

Боловсрол судлалыг хүн судлал, сэтгэц судлал, боловсролын философи, боловсролын түүх, социологи, агуулга, аргазүй, үнэлгээ, эрхзүй, эдийн засаг, менежмент зэрэг 20 шахам суурь болон хавсарга ухаан бүхий шинжлэх ухааны нэг бие даасан салбар гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрлөө. Их, дээд сургуулиудад 1993 оноос боловсрол судлалыг бие даасан судлагдахууны хэмжээнд үзэж.мөн оноос боловсрол судлалаар эрдмийн зэрэг хамгаалуулж, энэ хугацаанд олон арван бүтээл гарлаа.

Өнгөрсөн 20-иод жилд монголын боловсрол судлаач эрдэмтдийн нэгэн шинэ үе өсч бойжив. Зөвхөн 2011 оны 4-р сараас 2014 оны 5-р сарын хооронд 73 хүн боловсрол судлалын салбарт эрдмийн зэрэг хамгаалаад байна.

Дэлхийн олон улсад болж байгаа боловсролын шинэчлэлийг харахад хүүхдийг сургуульд бага наснаас сургаж, мэргэжлийн боловсролыг дунд боловсролын түвшинд оруулж ирж байна. Ингэснээрээ дээд боловсрол эзэмших насыг доошлуулж, нийгмийн идэвхтэй хөдөлмөр эрхлэх насыг уртасган, тэтгэврийн дараах насанд ч хүн идэвхтэй сурах бололцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа байдал харагдаж байна.

ЮНЕСКО-ийн 2011 оны мэдээнд 207 улс, орон хамрагдсаны 128-д нь бага боловсролыг хүүхдэд 6 жилийн сургалтаар, 107 улс, оронд ерөнхий суурь боловсролыг 9 жилийн, бүрэн дунд боловсролыг 12 жилийн сургалтаар эзэмшүүлж байгаа ба 2012 оны мэдэзгээр 155 оронд хүүхдийг 3-6 насанд нь сургуульд суулгаж байна.

Дэлхийн улс, орнууд 2030 он гэхэд боловсролыг төлбөргүй болгож, хүн амд насан туршид нь үйлчлэх боловсролын тогтолцоог төлөвшүүлэхээр зорьж байна. Хүүхэд, залуучуудын эх болон олон хэлний боловсролд их ач холбогдол өгч, тэдний иргэниу төлөвшил, хөдөлмөрийн ур чадварт илүү анхаарч байгаа байдал ажиглагдаж байна.

Монголынхоо боловсролыг гадаад орнуудынхтай харьцуулж үзэхэд манай улсад сургуулийн хичээлийн жилийн үргэлжпэх хугацаа, нэг хичээлд ногдох хугацаа бусад орнуудтай харьцуулахад богино, төв суурин газарт сургуулийн ачаалал, хичээлийн ээлж их тул сургууль дээр хүүхдийн хүмүүжлийн ажил явуулах боломж Япон, Хятад зэрэг орныхоос 2 дахин бага байна.

Гадаад орнуудад орчны өөрчлөлтийг хурдан мэдэрч, хариу үйлдэл, шийдвэрээ оновчтой түргэн гаргадаг, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, глобаль соёлын орчинд зохицон амьдрах иргэнийг төлөвшүүлэхэд боловсролыг чиглүүлж байхад манайд боловсролыг мэдлэгийн түвшинд эзэмшүүлдэг, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн боловсролын шинэчлэлд залуу үеийнхний хүмүүжил, төлөвшлийн асуудал орхигдсон гэж шүүмжлүүлж байна.

Мэргэжлийн болон дээд боловсролын сургалт нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагаас хоцорсон, сургалт судалгааны нэгдэл алдагдсан байдалтай байна. Манай төгсөгчид мэргэжлийн чиглэлээрээ онолын бэлтгэлтэй ч практик ур чадвар дутагдалтай, мэргэжилтний ёсзүй, хариуцлагын мэдрэмж хангалтгүй гэж ажил олгогчдод гологдож байна.

Мэргэжлийн боловсролыг ажиллах хүчний түр сургалтын хэмжээнд үзэх байдал газар авлаа. Төрөөс дээд боловсролын үүргийг зөвхөн ажиллаххүчин бэлтгэх эдийн засгийн функц талаас нь хардаг, дээд боловсролын байгууллагад болон магистр, докторын сургалтын агуулгад тавих шаардпага, стандарт тодорхойгүй хэвээр байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагууд оюутны сургаптын төлбөрийн барьцаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бүхэн нь сүүлийн жилүүдийн судалгааны үр дүн, цаашид шийдвэрлэх асуудал болон тавигдаж байна.

Гурав. Цаашид шийдвэрлэх асуудлууд

Ийнхүү боловсрол судлал Монгол улсад богино хугацаанд шинжлэх ухааны бие даасан чиглэл болж, хөл дээрээ зогссон чтүүнийг монголын нийгмийг шинэ зуунд төлөвшүүлэн хөгжүүлэх үндсэн зүтгүүр болсон боловсролын хөгжлийн онол, арга зүйн шинжлэх ухаан гэдэг утгаар нь өндөр дээд шатанд гарган хөгжүүлэх дараагийн их зорилт та бидний үеийнхэнд ногдож байна.

Монголын боловсролын хөгжил нь юуны түрүүнд өөрийн өнгө аястай хөгжлийн философитой байхаас эхэлнэ. Системийн хөгжлийн ерөнхий зураглалгүй явж ирсэн нь манай боловсролын эмзэг тал юм.

Нийгмийн хөгжлийн төлөвлөлтгүй монголын нөхцөлд мэргэжлийн болон дээд боловсрол зохицуулалтгүй зах зээлийн эрэлтэд хөтлөгдсөөр, тогтвортой хөгжих боломжгүй байсаар байна. Өнөөдөр төрөлжсөн сургалттай ахлах сургуулиудыг байгуулах, энэ чиглэлээр баримтлах бодлогыг гаргах, системийг түүнд бэлтгэх асуудал тулгамдаж байна.

Бусад орнуудад ерөнхий ба мэргэжлийн боловсролын залгамжийг ахлах сургуулийн агуулгаар хангаж, хөдөлмөрийн зах зээл дээр 9 жилийн (ахлах сургуулийн 3, бакалаврын 4, магистрын 2)мэргэжлийн бэлтгэлтэй хүн гаргаж байхад манай улсын 4 жилийн бакалаврын дипломтой хүн тэдэнтэй ажлын байрны төлөө өрсөлдөхөд хүрч байна.

Бусадтай өрсөлдөх боловсролын зах зээлийг өөрийн хөрсөнд бий болгох нь энэ цаг үеийнхний үүрэг болоод байна. Монголын боловсрол судлалын хөгжлийн зураглалыг гаргаж, судалгааны чиглэлийг нарийвчлах нь ойрын зорилт.

Монгол хүн судлал, монгол хүний хөгжилд үзүүлэх нөлөөлөл, монголчуудын менталитетийн судалгаанд суурилжмонголын хүүхэд, залуучуудын хөгжил болон сурах чадварыг судлан тогтоох, монголын боловсролын философийг томъёолох, монголын хүүхэд, насанд хүрэгчид, өндөр настнуудыг сургах технологио шинэчлэн боловсруулах явдал чухал юм.

Судлаачдаа бэлтгэж мэргэшүүлэх, судалгааны дэвшилтэт аргазүй эзэмшүүлэх, мастер, доктор бэлтгэх сургалтын чанарыг эрс дээшлүүлэх, судалгаа, сургалтын нэгдэлийг хангах, гадаад орнуудтай хамтарсан судалгаа хийх, судалгааны ажлын шинжлэх ухааны түвшинг дээшлүүлэх асуудал бидний ойрын зорилт болж байна.

Судалгаа, сургалтын нэгдмэл ажиллагааг шинжлэх ухаан, боловсролын салбарт хангах, ШУТ-ийн бодлого, төсөл, хөтөлбөр, судлаач бэлтгэлийн нэгдсэн бодлогыг уялдуулах нь одоо бүрдсэн шинжлэх ухааны нөөцийг үр ашигтай ашиглах зохистой арга зам мөн.

Эдгээр зорилтыг шийдвэрлэж чадвал ойрын жилүүдэд монголын боловсрол судлалын чадавхи бусадтай өрсөлдөх хэмжээнд хүрч хөгжих боломж бүрдэнэ.

Академич Н.Бэгз