sonin.mn

УЛААН-ҮД. /www.baikal-daily/. Буриадын хөдөө аж ахуй эрхлэгчид энэ өдрүүдэд жилийн ажлаа дүгнэж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын төлөөлөгчид тус улсад хүрэлцэн ирнэ. Хөрш улсаас мах нийлүүлэх асуудлыг Буриадын эрх баригчид тэдэнтэй хэлэлцэнэ.

Хөдөө аж ахуйн жилийн үр дүнгийн талаарх зөвлөгөөн 11 дүгээр сарын 20-нд болно. Уг арга хэмжээ “Буриадад үйлдвэрлэв” үзэсгэлэнгээр эхэлнэ.

Энэ жилийн зөвлөгөөний зочид нь хөрш Монгол Улсын төлөөлөгчид байх юм. Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн засаг дарга тэргүүтэй томоохон төлөөлөгчид оролцоно гэж Буриадын Хөдөө аж ахуйн сайд Даба-Жалсан Чирипов мэдээлжээ.

“Бид Монголын төлөөлөгчидтэй уулзана. Мах нийлүүлэлтэд “тодорхой саад бэрхшээл” тулгардаг. Уулзалтын хүрээнд хоёр орон хоорондын санал зөрөлдөөнийг арилгах хэрэгтэй. Үйл ажиллагаагаа шалгаж, хоёр талын харилцааны дараагийн алхмууд болон механизмыг боловсруулъя” гэж тэрбээр хэлсэн байна.

Монголын төлөөлөгчид Буриадын тэргүүн Вячеслав Наговицынтэй уулзаж, “Бурятмяспром” компанид зочилно. Тус үйлдвэрт Буриадын боловсруулах салбарын нөөц, боломж болон одоогийн нөхцөл байдлыг дүгнэнэ, ерөнхийдөө махны эрэлт хэрэгцээг ойролцоогоор тодорхойлно.

Монголын мах Буриадын махны үйлдвэрүүдийн хувьд үндсэн түүхий эд байсан билээ. Монголд шүлхий өвчин дэгдсэнтэй холбоотойгоор нийлүүлэлт тасалдсан бөгөөд эхний хагас жилд Монголоос нэг ч кг үхрийн мах оруулаагүй байна.

Хоёр орон өөр хоорондоо мах нийлүүлэх тодорхой алхмуудын тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр тохиролцсон юм.

“Бид Монголын нөхөдтэйгөө уулзахдаа эдгээр алхмыг хийнэ, мөн Монголоос мах импортлох шийдвэрийг Оросын Засгийн газар удахгүй гаргана. ОХУ-ын эрүүл ахуйн хэм хэмжээний дагуу манай улсын зах зээлд нийлүүлдэг малын гаралтай бүтээгдэхүүний хэмжээг үлэмж нэмэгдүүлэх боломж Монгол Улсад бий” гэж Оросын Ерөнхийлөгч уулзалтыг дүгнэж хэлэхдээ мэдэгджээ.

Монголын мах үйлдвэрлэгчидтэй харилцаагаа сайжруулахыг Буриадын тэргүүн үүний дараа уриалсан байна.

Үүний сацуу Монголын найман үйлдвэрийн махны нийлүүлэлтийг хязгаарласнаа хожим нь ОХУ мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: