sonin.mn

Саяхан “Викилийкс” тухайн үед АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны Төрийн департаментэд бичсэн “нууц”-ын зэрэглэлтэй захидлыг  олон түмэнд задлан дэлгэснээр нэгэнт нууц биш болсон захидлыг олж үзлээ. Энэхүү захидалд голлон Оюу толгой ордын тухай, тэрхүү ордын гэрээг хэн Монголд ашигтай хийхийн төлөө зүтгэж, хэн гадаадынханд ашигтай хийхээр хөөцөлдөж байсныг тодорхой бичжээ. Үүнтэй холбогдуулж төрсөн санаа бодлоосоо хуваалцахаар шийдлээ.

М.Минтон Элчин сайдын “нууц” захидлаас ишлэе. Үүнд:

“Сэдэв: Монголын уул уурхайн хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн эрх мэдэл суларч байгааг харуулж байна.

Нууц.

1. Дүгнэлт. 3 сарын 2-ны шөнө Монголын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд болсон санал хураалтаар 2-1-ийн харьцаатай дүн гарч, Монголын Өмнөд Говийн бүс нутаг дахь Оюу толгойн алт-зэсийн төслийн удаан хойшлогдсон хөрөнгө оруулалтын гэрээг сайшаав гэсэн мэдээ ирэв.

Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын спикер Дэмбэрэл нар Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсэргүүцлийг ийнхүү санал хураалтаар олонхи болж давжээ.

Санал хураалтыг шууд залган Засгийн газар хуралдаж, санал хураалтын дүнг баталгаажуулж, гэрээг 3 сарын 4-нд Парламентад хүргүүлэв.

Парламент энэхүү гэрээ орж ирэхийг тэсгэлгүй хүлээж байсан хийгээд бүх ажиглагч нарын үзэж байгаагаар ширүүн хэлэлцүүлгийн дараа сайшаан батлах бололтой.

Парламент ийнхүү баталснаар Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах талаар зургаан жилийн турш үргэлжилсэн улс төрийн их аян өндөрлөснийг илтгэх бололтой.

Нэмж тэмдэглэхэд Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн жил Оюу толгойн төслийн талаар болсон ижилхэн мэтгэлцээн маргаанд ҮАБЗ-д өөрийн бодол санаагаа тулгаж чадаж байсан шигээ энэ удаа ҮАБЗ-д бодол санаагаа тулгаж чадаагүй нь түүний толгойлж буй Ерөнхийлөгчийн байгууллагын улс төрийн байр суурь дотооддоо суларч байгааг харуулж байна” гэжээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ашигт малтмалын баялгаа хэрхэн хамгийн зөв оновчтой аргаар ашиглах вэ? гэдэг нь яахын аргагүй хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Үнэхээр Монгол Улс ашигт малтмалын баялгаараа дэлхийд дээгүүр ордог.

Монголд алт, зэс, нүүрс, төмөр, уран, газрын ховор элемент гээд ер нь байхгүй баялаг байхгүй гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Гэтэл ард түмнийх нь амьдралын түвшний нь аваад үзвэл дэлхийд доогуур ордог.

Яагаад ийм их баялагтай мөртлөө ард түмэн нь ядуу зүдүү хэвээр байгаад байна вэ? Энд хэн нэгэн хүн, нам буруутай юу? Хүн, нам буруутай гэхийн хажуугаар өөр хэн буруутай байж болох вэ? Гадаадынхан буруутай юу? Эдгээр асуултанд хариулахын тулд эхлээд одоогийн байдлаар Монгол Улс стратегийн ордуудын ашигт малтмалаа яаж ашиглаж байгаа вэ? гэдгийг цөөн томоохон ордуудын жишээн дээр авч үзэж тодруулъя.

Ашигт малтмалаар баян аливаа орон стратегийн ордуудаа ашиглаж байгааг нь судалвал ерөнхийдөө үндсэн хоёр арга хэрэглэж буй нь харагддаг.

Нэгд, Тухайн орны төр засаг ашигт малтмалаа ашиглах эрхийг хувийн хэвшлийнхэнд өгч тэдгээрээс зөвхөн татвар авах байдлаар ашиглах арга. Хялбаршуулан тодруулвал тухайн ордыг ашигласнаас орж ирэх ноогдол ашиг бүхэлдээ хувийн хэвшлийнхэнд очно гэсэн үг.

Энэ нөхцөлд голдуу гадаадын том компаниуд хөрөнгө мөнгө ихтэй, технологитой, боловсон хүчний нөөц сайнтай, хууль эрх зүйн талаар өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах туршлага хуримтлуулсан, хөгжилтэй орнуудын төр засаг өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалахын тулд тухайн орны төр засагт хүчтэй шахалт үзүүлдэг, шаардлагатай тохиолдолд өөрсдөө янз бүрийн сайн муу аргаар тухайн орны төр засгийнхан, нөлөө бүхий хэсгийнхнийг гартаа оруулдаг, шаардлагатай бол хээл хахууль өгөхөөс ч буцдаггүй, зарим тохиолдолд тухайн орны өөрсдийнх нь эрх ашигт нийцэхгүй бодлого баримталж байгаа төр засгийн удирдагчдыг өөрчлөх, унагах ажилд шууд болон шууд бус аргаар оролцдог тул дандаа давуу байдлыг олж авдаг. Хүсвэл энэ тухай жишээг Африк тив, Ази тив, Латин Америк зэргийн орнуудын туулж өнгөрүүлсэн болон одоо ч туулж байгаа гашуун түүхээс олныг олж болно.

Ийм аргаар ашигт малтмалаа ашиглахад гадныхны хажуугаар тухайн орны нам нам дамжсан дотоодын улс төр-бизнесийн бүлэглэлийнхэн буюу олигархууд бас хожино (өнөөдөр улс орон болгон ардчилсан төр засагтай болох гэж жүжиглэхгүй бол болдоггүй учир тийм байдлыг үзүүлэх, нэг ёсны дүр эсгэхэд өөр өөрийн үүрэгтэй оролцох намууд, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн гэх мэт байх ёстой байдаг).

Олон тохиолдолд тэд гадныхантай хамтарч тухайн улс орны баялгаас цадахаа мэдэхгүй иднэ, гадныхны гар хөл болж, тэдэнд улайм цайм үйлчилнэ, нэг ёсны ард түмнийхээ эрх ашгаас шууд урвана. “Зэрлэгшсэн нохой чононоос илүү аюултай” гэж ярьдаг шүү дээ.

Нам нам дамжсан улс төр бизнесийн бүлэглэлийнхэн өөрсдийн байр суурийг бэхжүүлж, тэрхүү байр сууринаасаа салахыг үл хүсч, сонгуулийг луйвар булхай болгож, хууль, шүүхийнхнийг өөрсдөөсөө хараат байдалд оруулж, хэвлэл мэдээллийг худалдан авахыг нь худалдан авч, айлгахыг нь айлган амыг нь барьж, улс төрийн өрсөлдөгчдөө хилс хэргээр хэлмэгдүүлэн орон шоронд оруулж, орон зайгаа цэвэрлэж, намууд наанаа өрсөлдөж байгаа мэт дүр үзүүлж, цаагуураа тэрхүү улс төр-бизнесийн бүлэглэлийн эрхэнд орж, тэднээс санхүүжиж, зөвхөн тэдэнд үйлчилдэг болж, ард түмэндээ амласнаа амархан мартдаг болно.

Ам ба ажил хоёрын хооронд асар том зөрөө гарч, баян ба хоосны ялгаа хөлгүй ангал мэт гүнзгийрнэ. Энэ үед хээл хахууль дэлгэрнэ, шударга ёс алдагдана. Ийм нөхцөлд ихэнх тохиолдолд цөөн хүн баяжина, олонхи нь ядуу зүдүү хэвээр байна. Ийм нөхцөлд дүр эсгэсэн ардчилал цэцэглэж, жинхэнэ ардчилал алга болно. Хувийн өмч хэмээх ойлголтын цаана ихэнхи тохиолдолд хэмжээ хязгааргүй шунал байдгийг өнөөдөр юм боддог, уншдаг болгон ухаарч ойлгож байна.

Хоёрт, Тухайн улс орон байгалийн баялаг буюу ашигт малтмалаа төрийн өмч болгон ашиглана. Ялангуяа стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг тийнхүү ашиглана.

Ингэхийг зарим судлаачид “ашигт малтмалын үндсэрхэг үзэл”-ийн дагуу явуулж буй бодлого гэдэг. Энэ замаар газрын тосны баялаг ихтэй Арабын улс орнууд (Саудын Арабын газрын тосны “ARAMCO” компани 100 хувь төрийн өмч, АНЭУ-ын “ADNOC” хэмээх газрын тосны компани 100 хувь төрийн өмч, Кувейтын “KNPC” хэмээх газрын тосны компани нь 100 хувь төрийн өмч, Катарын “Qatar Petroleum” хэмээх газрын тосны компани 100 хувь төрийн өмч), Норвег (“Statoil” газрын тосны компанийн 70 орчим хувь нь төрийн өмч, “DNB ASA” хэмээх хамгийн том банкны 34 хувь нь төрийн өмч, 10 гаруй хувь нь тус банкны хадгаламж эзэмшигчдийн өмч), ОХУ (“Газпром” байгалийн хийн компанийн 50 гаруй хувь нь төрийн өмч), Хятад (“CNPC” хэмээх газрын тосны компани 100 хувь төрийн өмч, “Shenhua Group” болон “China Coal” хэмээх уул уурхайн компаниуд 100 хувь төрийн өмч) зэрэг орнууд явсан байдаг. Энэ нөхцөлд тухайн орны төр засаг татвараас гадна хамгийн гол нь ноогдол ашгийг авна, тухайн томоохон ордыг олборлох, ашигт малтмалыг ашиглах бодлогыг тодорхойлно.

Ухаантай хийгээд ёс суртанхуунтай төр засаг авсан мөнгөө эргээд ард түмэндээ ашигтай хэлбэрээр зарахыг хичээнэ. Тухайлбал Норвегт тусгай сан байгуулж, түүнд ашигт малтмалын баялгыг ашигласнаас орж ирсэн ноогдол ашгийг төвлөрүүлж, нийт норвегичуудын эрх ашигт нийцүүлэн зарцуулах бодлого баримтална.

Энэ бодлогоо зөв тодорхойлж, тууштай баримталж байгаа учир Норвегийн нийт ард түмний амьдралын төвшин өндөр, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийт хүмүүсийн хөгжил дэвшил, амар амгалан амьдралд хамгийн чухал нөлөө бүхий салбар үнэ төлбөргүй байдаг билээ.

Норвегт нэг хүнд ноогдох ДНБ (Дотоодын нийт бүтээгдэхүүн) 106 мянган ам.доллар байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд эхний хоёрт бичигдэж байна. Түүнчлэн норвегичууд Норвегт баян ба хоосны ялгаа бага гэдгээрээ бахархдаг. Тэд энэ үзүүлэлт шударга ёс бат бэх тогтохын үндэс мөн гэж үздэг ажээ.

Арабын орнуудад газрын тосны орд газар, байгалийн хий ашигласнаас орж ирсэн ноогдол ашгийг мөн иймэрхүү байдлаар тусгай санд төвлөрүүлж, нийт ард түмэндээ зориулахыг хичээнэ. Нэгэн тодорхой жишээ гэхэд Катар Улс нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ дэлхийд эхний гуравт бичигдсэн байна. Катарт нэг хүнд ноогдох ДНБ 100 орчим мянган ам.доллар болжээ.

Гэхдээ энэ аргаар ашигт малтмалаа ашиглахад тухайн улс оронд ухаангүй, бас ёс суртанхуунгүй төр засаг байвал өөрийн улс оронд ч, өрөөл бусдад ч ихээхэн хор хохирол учруулна гэж үздэг. Тухайлбал тухайн орны төр засаг ашигт малтмал ашигласнаас орж ирсэн ноогдол ашигтаа хэт дулдуйдаж, зөвхөн тэр салбараа хөгжүүлэхэд анхаарч, бусад салбарын хөгжлийг үл анхаарч, ингэснээр тухайн улс орон байгалийн баялгаасаа хэт хараат байдалд орж, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн хэлбэлзэлд гуядуулж, хүний хөгжлийн асуудал орхигдож, баялгийг хуваахад шууд оролцож байгаа буюу төр засагт ойрхон нь хожиж, тэд өөрсдийн байр суурийг бэхжүүлж, тэрхүү байр сууринаасаа салахыг үл хүсч, сонгуулийг луйвар булхай болгож, хууль, шүүхийнхнийг өөрсдөөсөө хараат байдалд оруулж, хэвлэл мэдээллийг худалдан авахыг нь худалдан авч, айлгахыг нь айлган амыг нь барьж, улс төрийн өрсөлдөгчдөө хилс хэргээр хэлмэгдүүлэн орон шоронд оруулж, орон зайгаа цэвэрлэж, намууд наанаа өрсөлдөж байгаа мэт дүр үзүүлж, цаагуураа улс төр-бизнесийн бүлэглэлийн эрхэнд орж, тэднээс санхүүжиж, зөвхөн тэдэнд үйлчилдэг болж, ард түмэндээ амласнаа амархан мартдаг, ам ба ажил хоёрын хооронд асар том зөрөө гарч, баян ба хоосны ялгаа хөлгүй ангал мэт гүнзгийрдэг. Энэ үед хээл хахууль дэлгэрнэ, шударга ёс алдагдана. Ийм үед дүр эсгэсэн ардчилал цэцэглэж, жинхэнэ ардчилал хумигдаж алга болно.

Энэ хоёр замын аль аль нь сайн талтай, бас муу талтай. Эхний тохиолдолд гадаадын сайн технологи орж ирнэ, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж, ажлын байр бий болно. Хоёрдох тохиолдолд тухайн орны төр засаг ноогдол ашгаа өөрөө авна.

Гэхдээ Монгол Улс шиг ядуу, хөгжлийн төвшин харьцангуй доогуур, улс төр бизнесийн бүлэглэлүүд намуудыг “атгасан байгаа”, шударга сонгууль болдоггүй улс оронд дээрхи хоёр замын муу тал нь илүү үйлчилнэ. Энэ нь заавал тийм байх ёстой гэсэн үг биш, гэхдээ ихэнх тохиолдолд ийм л байдаг нь гашуун үнэн юм.

Эхний тохиолдлыг Монголын жишээн дээр аваад үзье. Дэлхийд дээгүүр ордог, 30 гаруй сая тонн зэс, 1,5 мянган тонн алт бүхий нөөцтэй Оюу толгой орд юу болоод байгаа билээ? Тийм ээ, “Рио Тинто” хэмээх тив дамнасан аварга том компанийн мэдэлд очсон байгаа. Хар ухаанаар бодоод үзье. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ дунджаар 6700 ам.доллар байгаа. Сүүлийн таван жилийн дундаж үнийг аваад үзвэл нэг тонн зэс 5600 ам.доллар байжээ. Тэгвэл ирээдүйд буюу ойрын таван жилд зэсийн үнэ ямар хэлбэлзэлтэй байх вэ? гээд аваад үзвэл нэг тонн нь мөн л 6700 ам.доллар байх төлөвтэй байна. Тэгэхээр даруухнаар буюу өнөөгийн үнээр бодвол тус ордын зөвхөн зэсийн нөөц нь (30,0 сая тонн зэсийг 6700 ам.доллараар үржүүлнэ) 201 тэрбум ам.доллар болж байна. Одоо алтыг нь аваад үзье. Дэлхийн зах зээл дээр алтны өнөөгийн үнэ нэг унц нь 1250 ам.доллар байгаа. Сүүлийн таван жилээр авч үзвэл нэг унц нь дунджаар 1125 ам. доллар байжээ. Ирээдүйн төлөвийг нь авч үзвэл нэг унц нь мөн л 1250 ам.доллар байх таамаглалтай байна. Ингээд Оюу Толгой ордын алтны нөөц нь (1500 тоннд 48 сая унц байна, 48 сая унцыг 1250 ам.доллараар үржүүлнэ) 60 орчим тэрбум ам.доллар болж байна. Тус ордын алт ба зэсийн нөөцийг нэмвэл нийтдээ 260 тэрбум ам.долларын үнэтэй баялагийг агуулжээ. Оюу толгой нь гүний уурхай байгуулж, алт, зэсийг нь олборлох ёстой орд гэсэн техникийн шийдэлтэй гэж бодвол нийт гаргах зардал нь хөрөнгө оруулалт болон урсгал зардлыг оруулаад нийт баялгийн 40 хувьтай нь тэнцэнэ гэж тооцоход хэтрүүлэн нэмэгдүүлсэн тооцоо гэхээс биш дутуу бодсон тооцоо гэж хэлэх аргагүй. Уул уурхайн техник, технологи хөгжсөн өнөөгийн төвшинг тооцвол энэ зардал улам багасах хандлагатай болох нь ч үнэн. Тэгвэл Оюу толгой ордоос нийтдээ 160 орчим тэрбум ам.долларын цэвэр ашиг олох нь ээ. Ашиглах хугацаа нь 30 жил гэж бодвол нэг жилд 5,3 орчим тэрбум ам.долларын цэвэр ашиг олох нь байна.

Тэгвэл Оюу толгой ордын хувьд Монгол Улсын газар нутагт байгаа байгалийн баялаг, бидний өвөг дээдэс улсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолынхоо төлөө амь насаа хайрлахгүй тэмцэхдээ чухамхүү энэ газар шороонд байгаа байгалийн баялгийг үр саддаа өвлүүлэн үлдээж, бүгдээрээ өлсөх гачигдахын зовлон амсалгүй, улс орондоо эзэн болж амьдраарай гэж захиж үлдээсэн баялаг мөн. Гэтэл та бид өвөг дээдсийнхээ тэрхүү захиасыг хэрхэн биелүүлж байна вэ? Ялангуяа өнөөдөр манай төр засгийн өндөрлөгт янз бүрийн аргаар шургалан гарсан албан тушаалтнууд тэрхүү захиасыг хэрхэн биелүүлж байна вэ? гээд бодвол үнэхээр чамлахаар барахгүй бүр гасалмаар байгаа юм.

Нээрээн ч тийм. Монголын тал Оюу толгой ордын дөнгөж 34 хувийг эзэмшихээр болохдоо өөрийнхөө баялагийн өчүүхнийг нь бөөн өр тавьж эзэмшсэн нэр зүүхийн оронд 50-иас доошгүй хувийг нь эзэмшсэн бол орж ирэх орлого мэдэгдэхүйц нэмэгдэхээс гадна хамгийн гол нь “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэг зарчмаар ордоо ашиглах бодлогоо өөрсдөө боловсруулан шууд гардан хэрэгжүүлж байх боломжтой болох байжээ. Гэтэл өнөөгийн бодит байдал ямар байгаа вэ? гэвэл:

1.Монголын тал Оюу Толгой ордын 34 хувийг эзэмшиж байгаа. Харин 66 хувийг нь “Рио Тинто” хэмээх тив дамнасан компани эзэмшиж байгаа билээ.

2.Монголын тал Оюу толгой ордын 34 хувийг эзэмшихдээ 2 тэрбум ам.долларын өр тавьсан байгаа. Өөрөөр хэлвэл өөрийн нутагт байгаа байгалийн баялгийн 34 хувийг 2 тэрбум ам.доллараар худалдан авч, энэ орд ашиглалтанд орохоос өмнө нийт ард түмний нуруун дээр шууд 2 тэрбум ам.долларын өр үүрүүлсэн байна.

3.Оюу толгой ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулсан байгаа. Цаашид гэрээ автоматаар 20, 20 жилээр сунгагдана. Энэ баялаг ордыг ашиглаж дуустал Монголын тал 34 хувь, гадаадын тал 66 хувьтай байсаар байх болно. Өөрөөр хэлвэл нийт 70 жилийн турш манай баялгийг гадныхан давуу эрхээр мэддэг байна, тэд бодлогоо тулгана гэсэн үг. Харин бид тэднийг үг дуугүй дагаад МУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Багабанди нартай адилхан өндөр цалин авсандаа ханаж, ард түмнийхээ эрх ашгийг умартаж, гадныхны тулгасан бодлогыг баталж, тэдний гар хөл болж суухаас өөр аргагүй байдалд байсаар байх болно.

4.Одоогийн байдлаар тус орд 30 сая тонн зэс, 1,5 мянган тонн алттай гэж тооцогддог. Оюу толгой ордын нөөцийг эцэслэн тогтоогоогүй. Тийм учир цаашид геологийн хайгуул хийж нөөц нь нэмэгдсэн ч монголын талын эзэмших хувь 34 хувь, гадаадын талын эзэмших хувь 66 хувь байсаар л байна. Юу ч өөрчлөгдөхгүй. Анх гэрээгээр Монгол Улсад тулгасан тэр ашиггүй байдал үргэлжилсэн хэвээр байх болно.

5.Ногдол ашгийг хөрөнгө оруулахын тулд зээлсэн хөрөнгийг бүрэн төлж дууссаны дараа тооцон олгож эхлэнэ гэсэн тохироотой. Одоогийн байдлаар нийт хөрөнгө оруулалт 6 тэрбум ам.доллар, энэ нь зээл болж бичигдэж байгаа гэж тооцвол монголын талд оногдож буй 2 тэрбум ам.долларын хэмжээний зээлийн өрийг бүрэн төлж дууссаны дараа л Монгол Улсад ноогдол ашиг оногдох болно. “Рио Тинто” компани хөрөнгө оруулалтын дүнг ихээхэн өсгөж гаргасан гэсэн маргаантай асуудал байдаг. Энэ дүгнэлт үнэн бол монголын талд оногдох ноогдол ашгийг авч эхлэх хугацаа улам бүр хойшлогдох байдалтай болж байна.

Товчхон дүгнэвэл Оюу толгой хэмээх нөөцөөрөө дэлхийд дээгүүр ордог алт-зэсийн томоохон ордыг монголын талд ашиг муутай байхаар гэрээ хийжээ. Тэгвэл энэ гэрээг хэн хийсэн бэ? Хамгийн гол нь ийм муу гэрээ хийх эцсийн шийдвэрийг хэн хэн гаргасан бэ? Аливаа гэрээ байгуулагдахад гурван чиглэлийн шийдвэр гарах ёстой. Нэгд, хуулийн дүгнэлт, хоёрт, эдийн засгийн тооцоо, гуравт, улс төрийн шийдвэр. Мөн тооцох ёстой зүйл бол цаг хугацааны хүчин зүйл.

Тэгвэл энэхүү гэрээг байгуулахад С.Баярын толгойлсон Засгийн газар байсан. Хууль эрх зүйн асуудлыг сайдын хувьд Ц.Нямдорж хариуцаж байсан. Тухайн гэрээний гадаадынхны ашиг сонирхлыг давамгай байдалтайгаар баталгаажуулсан байдлыг харахад Ц.Нямдорж нь Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд монголын талын ашиг сонирхлыг хангах ёстой байсан атлаа үнэн хэрэг дээрээ гадаадын компанийн эрх ашгийг илүү хамгаалж ажиллажээ гэж дүгнэж болохоор байдаг. Эдийн засгийн тооцоог нь С.Зориг, С.Баярцогт нар хийсэн байдаг. Тэд нарын хийсэн тооцоо хэт гадаадынхны гаргасан тооцоонд дулдуйдан хөтлөгдсөн байдалтай болжээ. С.Баярцогт “фэн-шү” С.Ганбаатартай Оюу толгой ордын гэрээний талаар телевизийн халз мэтгэлцээнд орохдоо энэ тооцоогоо хамгаалж ярьсан. Байгуулсан гэрээгээ болон гэрээний нэр томъёог сайн мэддэг гэдэг нь харагдсан. Энэ утгаараа өнгөцхөн дүгнэвэл С.Баярцогт “ялсан”, харин “фэн-шү” С.Ганбаатар “унасан” юм шиг ойлгогдсон. Гэтэл үнэн хэрэг дээрээ Оюу толгой ордын гэрээ нь хэдэн нэр томъёо мэдэх эсэх тухай асуудал биш, “expats” буюу тухайн улс оронд ажиллаж байгаа гадаадын хүмүүс гэсэн үгийг мэдэх эсэх тухай асуудал биш, харин тус гэрээ монголын ард түмний эрх ашигт нийцэж байна уу, үгүй юу? гэсэн асуудал мөн тул “фэн-шү” С.Ганбаатар монголчуудын эрх ашгийг “хамгаалж байгаа”, харин С.Баярцогт тэрхүү эрх ашгаас “урвасан байна” гэж харагдсан тул эцсийн дүндээ хүмүүс С.Баярцогт “унаж”, С.Ганбаатар “ялсан” гэж үзсэн юм.

Гэхдээ эцсийн эцэст ийм том асуудлыг шийдэхэд хууль зүйн дүгнэлт, эдийн засгийн тооцооноосоо илүү чухал асуудал бол улс төрийн шийдэл мөн. Тэр тусмаа хууль зүйн талаас нь аваад үзсэн ч, эдийн засгийн тооцоо хийсэн ч монголын ард түмний эрх ашигт нийцэхгүй байгаа нь ойлгомжтой асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдвэрийг хүчээр тулган гаргасан нь ойлгомжтой. Тэгвэл Оюу толгой ордын гэрээг байгуулах улс төрийн шийдвэрийг хэн гаргасан бэ? Энэ шийдвэр хэзээ гарч, уг гэрээнд хэзээ гарын үсэг зурсан цаг хугацаагаар хөөн тогтооё.

Оюу толгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ (ХОГ)-д 2009 оны 10 сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан. Оюу толгой ордын ХОГ-д гарын үсэг зурах ёслол болоход Ц.Элбэгдорж, С.Баяр, Д.Дэмбэрэл гурав гурвуулаа оролцож, наанаа сайдууд гарын үсэг зурж байгаа мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэг дээрээ тэд: бид энэ гэрээг байгуулах асуудлыг шийдсэн юм шүү хэмээн гадаадынханд үнэлэгдэх гэсэн байдалтай царайлж, зураг хөргөө авахуулж байсныг хүмүүс сайн санаж байгаа. Түүний өмнөхөн ҮАБЗ, Засгийн газар, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн гээд бодоход бэлтгэл ажил нь 2009 оны зун, намрын цагт хийгдсэн гэж ойлгогдоно. С.Баяр 2009 оны зун наадам болж байх үед буюу нийт ард түмний анхаарал баяр наадамд хандан татагдсан байсныг ашиглан Оюу толгой ордын ХОГ-ий төслийг УИХ-аар хэлэлцүүлэн дэмжүүлэх гэж улайран зүтгээд бүтэлгүйтэж байсныг хүмүүс санаж байгаа байх. Гэхдээ энэхүү ХОГ-г байгуулахыг улайран хөөцөлдөж байсан учир УИХ-ын ээлжит бус чуулган зарлуулан хуралдуулж, МАН (тэр үед МАХН нэртэй байсан) олонхи байсныг болон МАН-АН-ын Засгийн газар байгуулсан байсныгаа ашиглан АН-ын зарим гишүүдийн саналыг “урвуулж”, ХОГ-г байгуулах шийдвэрийг хүчээр гаргуулсан билээ. Энэ тухай ч М.Минтон сайд “нууц” захидалдаа тодорхой бичжээ. Энэ утгаар нь авч үзвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бөгөөд Аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд, Д.Дэмбэрэл УИХ-ын даргын хувьд, С.Баяр Засгийн газрын Ерөнхий сайдын хувьд Оюу толгой ордын ХОГ-г байгуулах улс төрийн буюу хамгийн чухал шийдвэрийг гаргасан байна. Хамгийн чухал боловч Монголд ашиг муутай шийдвэр гаргасан гэсэн үг. Тэгээд ч ҮАБЗ-ийн шийдвэр нь тус зөвлөлийн гурван гишүүн гурвуулаа санал нэгдсэн тохиолдолд буюу консенсусаар гардаг учир Ц.Элбэгдорж, Д.Дэмбэрэл, С.Баяр нар Оюу толгойн ХОГ-г Монголд ашиггүй байдалтайгаар санал нэгдэж нэгэн дуугаар дэмжиж гаргасан гэдэг нь ойлгомжтой байна.

Тэгвэл Оюу толгой ордын гэрээг одоогийн байгуулсан тэр муу байдлаас монголын талын эрх ашигт илүү нийцтэйгээр байгуулж болох байсан уу? Энэ тухай хэн нэгэн албан тушаалтан бодож байсан уу? Эсхүл бүгдээрээ албан тушаалд очихдоо сайн сайхан юм ярьчихаад очсон хойноо өмнө нь ярьж байсныхаа яг эсрэг байр суурь баримталдаг болчихдог юм уу? Тэгвэл сонгууль гэдэг чинь утгаа алдаж байна шүү дээ. Яг энийг чинь л дүр эсгэсэн ардчилал гээд байгаа юм биш үү? Үнэн юм гэж байхгүй болсныг мөн л дүр эсгэсэн ардчилал гэж нэрлэнэ. Гэтэл үнэн байхгүй, дандаа худал ноёрхсон ертөнцөд амьдарна гэдэг үнэхээр аймшигтай. Худал ноёрхсон ертөнцөд зөвхөн албан тушаалтнууд болон баячууд сайхан амьдарна, тэд юу хүссэнээ хийнэ. Жирийн хүмүүст, цаашилбал улс оронд ямар ч гэрэл гэгээтэй ирээдүй байхгүй болно гэсэн үг. Тэгвэл энэ байдлыг яаж засах вэ? Гагцхүү үнэнийг тогтоосноор л засч болно. Тухайлбал Оюу толгой ордын гэрээний тухай асуудлаар хэн ямар байр суурь баримталж байсан бэ? гэдгийг түүхэнд үнэнээр нь бичиж үлдээх нь нэгд, тухайн албан тушаалтныг үнэнээр үнэлэхэд хэрэгтэй, хоёрт, дахин алдаа гаргахгүй байхын сургамж болох талтай, гуравт, муу гэрээг сайн гэрээ болгож засах боломж олгох бололцоотой.

Гэхдээ үнэнийг олж тогтооё гэж бодоход өнөөдөр бүгд худлаа хэлж байгаа учир монголчууд бид нэг нэгэндээ итгэхээ больжээ. Аргагүй ч юм даа. Тэгвэл гадаадынхан өөрсдийнх нь эрх ашигтай холбоотой томоохон асуудлаар монголчуудын тухай юу гэж хэлсэн байна вэ? гэдэг эх үүсвэрийг үзэж тэндээс үнэнийг тогтоох гэж оролдоё. Оюу толгой ордын гэрээний асуудал бол яахын аргагүй гадаадынхны өөрсдийнх нь эрх ашигтай холбоотой томоохон асуудал мөн гэж хэлж болно. Тэд энэ асуудлаар Монголын ямар албан тушаалтан ямар байр суурь баримталсан бэ? гэдгийг яг үнэнээр нь бичнэ. Өөрсдийнх нь хувьд ашигтай байр суурь баримталсан хүнийг магтаж, харин баримтлаагүй хүнийг янз бүрийн шалтгаар муулж бичнэ. Ямар ч байсан Оюу толгой ордын гэрээний асуудлаар яг үнэнийг бичнэ. Тэр тусмаа дээрээ “нууц” гэсэн тэмдэгтэй албан захидалд үнэнийг бичих нь ойлгомжтой.

Тухайн үед АНУ-аас Монголд сууж байсан Элчин сайд Марк Минтоны Оюу толгой ордын тухай бичсэн “нууц” зэрэглэлтэй захидлыг алдарт “Викилийкс” нээн задаллаа. Тэр захидалтай танилцвал С.Баяр ба түүний гар хөл болсон хэдэн нөхөд үнэхээр монголын талд биш харин гадаадын талд үйлчилж, хөлөө хугалчих шахан гүйж, тийнхүү аяглаж аашилж байхдаа монголын талдаа ашигтай шийдвэр гаргах бодлого баримталж байсан тухайн үеийн Төрийн тэргүүнээ хүртэл муулж явсныг олж харж болно. С.Баяр ба түүний гар хөл бологчид Оюу толгой ордын ХОГ-г гадныханд ашигтайгаар шийдвэрлэхийн төлөө улайрч, харин Ерөнхийлөгч Н.Энхбаяр Оюу толгой ордын гэрээг байгуулвал монголын тал 51 хувьтай байх ёстой гэсэн байр суурийг баримталж байсан тухай тэдгээр захидлаас үзэж болно. Ийм байр суурь баримталж байсан тухайгаа Н.Энхбаяр өөрөө хэд хэд дахин ярьсан байдаг. Түүний хэлсэнд итгэсэн хүмүүс байхын хажуугаар эргэлзэх, эсхүл итгэхгүй байх хүмүүс ч байсан. Гэхдээ Оюу толгой ордын ХОГ байгуулагдаж, түүнээс хойш өрнөсөн байдал зэргээс харахад Н.Энхбаярт итгэх хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. Тэгвэл одоо М.Минтон сайдын ил болсон “нууц” хэмээх захидалд Н.Энхбаяр Оюу толгой ордын 51 хувийг монголын талд авч өгөх гэж, харин С.Баяр, Д.Дэмбэрэл нар гадаадынханд ашигтай гэрээ байгуулах гэж зүтгэж байсныг хөндлөнгөөс баталлаа. Н.Энхбаярын хэлсэн нь үнэн байжээ. Харин М.Минтон сайд захидалдаа Монголын хууль тогтооомжтой холбоотой хэд хэдэн алдаа гаргасан байна лээ. Энэ нь том орны элчин сайдууд сууж байгаа жижиг орныхоо тухай, хууль тогтооомжийнх нь тухай сайн мэддэггүйн жишээ. Тэд ийнхүү мэддэггүйгээ тухайн орны албан тушаалтнууд, ялангуяа өөрсдөд нь саймширч гүйж байдаг хүмүүсийн хэлсэнд үг дуугүй итгэдгээрээ нөхдөг. Тухайлбал М.Минтон захидалдаа “Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн хурлаар Оюу толгой ордын ХОГ-г байгуулах эсэх асуудлаар санал хураахад Н.Энхбаяр эсрэг санал, С.Баяр ба Д.Дэмбэрэл нар дэмжсэн санал өгч ийнхүү 2:1-ийн харьцаатайгаар Оюу толгой ордын ХОГ-г байгуулах шийдвэр гарав гэсэн мэдээлэл ирлээ” гэж бичжээ. Энэ бол С.Баярын өөрт нь өгч байсан худал мэдээлэл дээр үндэслэж М.Минтон сайдын захидалдаа бичсэн мэдээлэл юм. Үнэн хэрэг дээрээ ҮАБЗ-ийн шийдвэр гагцхүү “консенсус”-аар буюу бүгд дэмжсэн санал өгвөл гардаг онцлогтой байдаг. Энэ утгаараа Н.Энхбаяр ҮАБЗ-ийн хурал дээр Оюу толгой ордын ХОГ-г монголын талд ашиг муутайгаар байгуулахыг эсэргүүцсэн санал өгснөөрөө уг гэрээг батлах шийдвэрийг тухайн үед ҮАБЗ гаргаагүй гэсэн үг юм.

Харин Н.Энхбаярыг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тухайн үед МАХН (одоогийн МАН) бүхэлдээ АН-ын нэг хэсэгтэй нийлж, далдуур хуйвалдан унагаасны дараа Ц.Элбэгдорж тийнхүү өөрийг нь луйвар булхайгаар ч хамаагүй хуйвалдан дэмжиж Ерөнхийлөгч болгосны ачийг хариулж маш богино хугацаанд Оюу толгой ордын ХОГ-г байгуулахыг дэмжсэн шийдвэрийг ҮАБЗ-өөр гаргуулсан гэж хүмүүс үздэг. Хүмүүс худлаа ярих нь хэрээс хэтэрсэн энэ цаг үед ярьсныг нь биш харин хийснийг нь харгалзан дүгнэвэл арай илүү үнэнд очиж буух магадлалтай учир ийнхүү болсон үйл явдлуудыг цаг хугацааны дэс дарааллаар нь аваад үзэх, түүнчлэн үр дүнгээр нь хөөгөөд үзэхэд яахын аргагүй дээрхи дүгнэлт гарч ирж байгаа юм. Н.Энхбаяр ч өөрийг нь С.Баяр тэргүүтэй МАХН (одоогийн МАН) АН-ын зарим хэсэгтэй нь нийлж, луйвар булхай хийж, тухайлбал саналын хуудсыг өөрчлөх зэрэг хууль бус үйлдлийг хийх арга зэргийг ашиглан “унагаж”, ингэснийхээ дараа Оюу толгой ордын ХОГ-г байгуулсан, тэр нь Монголд үнэхээр ашиг муутай гэрээ болсон, Таван толгой ордын “өрөм”-ийг нь хувийн компанид өгсөн нэртэйгээр өндөр албан тушаалтнууд өөрсдөө ард нь нуугдаж, тэрхүү ордыг эзэмшигч болж хагартлаа баяжсан, 7 сарын 1-ний асуудлыг тухайн үед МАХН (одоогийн МАН) ба АН намыг тус тусад нь удирдаж сонгуульд орсон С.Баяр ба Ц.Элбэгдорж нар үгсэн тохиролцож, 7 сарын 1-нд болсон эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан зөвхөн цагдаагийн хэдэн даргыг буруутган, ялыг тэдэнд үүрүүлж, өөрсдөө луйврын сонгууль явуулж, тэгсэнд нь дургүйцэж эсэргүүцэн жагссан иргэдийн амь нас хохирох нөхцөл байдлыг үүсгэн бүрдүүлснийхээ хариуцлагаас мултарсан гэж мэдэгдсэнийг нь өнөөгийн өндөрлөгөөс харахад үнэхээр үнэн үг байжээ гэж хүлээж авахаас өөр аргагүй тийм үйл явдлууд өрнөжээ. Ц.Элбэгдорж ба С.Баяр нарын хэлсэн үг ба хийсэн үйлдэл нь зөрж, Н.Энхбаярын хэлсэн үг ба хийсэн үйлдэл нь таарч байгаа ийм нөхцөлд энэнээс өөр дүгнэлт хийх аргагүй юм.

Харин энэ бүхнийг нь мэдэж, өөрсдийг нь илчилж тэмцсэнийх нь төлөө, хамгийн гол нь монголын талд ашигтай гэрээ байгуулахаар зүтгэж, байгалийн баялгийг ард түмэндээ ижил тэгш хүртээлтэй байхаар бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж оролдсоных нь төлөө Н.Энхбаярыг ямар ч үндэслэлгүй асуудлаар шоронд хийж хэлмэгдүүлжээ гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна.

Тэгэхээр Элчин сайд М.Минтоны захидлыг уншаад, түүнчлэн Оюу толгой ордын ХОГ-г байгуулсан цаг хугацаа зэргийг харахад дараахи зүйл ажиглагдаж байна. Үүнд:

Нэг, Н.Энхбаяр Монголд Оюу толгой ордын 51 хувийг, С.Баяр, Д.Дэмбэрэл нар тус ордын 34 хувийг авах байр суурьтай байжээ.

Хоёр, Н.Энхбаяр Оюу толгой ордын 51 хувийг Монголд авах байр суурьтай байсан тул тухайн үед ҮАБЗ-өөр Оюу толгой ордын ХОГ-г байгуулах шийдвэрийг гаргаагүй байна. Гэхдээ хожим Н.Энхбаярын тайлбарласнаас ажиглан дүгнэхэд Оюу толгой ордын 51 хувийг монголын талд үе шаттайгаар авах, тус ордын 51 хувийг аваад санаа амрах биш цаашид ч үе шаттайгаар хувиа нэмэгдүүлэх зорилготой байсан байдаг. Тухайлбал эхний 15-20 жилд Оюу толгой ордын 34 хувийг монголын талд авах, дараагийн 15-20 жилд монголын талын хувийг 51 хувь болгох, дараагийн 15-20 жилд монголын талын хувийг 66 хувь болгох, ингээд нийтдээ 45-60 жилийн дараа монголын тал тус ордын 100 хувийг эзэмшдэг болох бодлоготой байжээ. Харин Ц.Элбэгдорж, С.Баяр, Д.Дэмбэрэл нарын дэмжиж байгуулсан Оюу толгой ордын ХОГ-д 70 жилийн турш монголын талын эзэмших хувь 34 хувиас хэтрэхгүй байх, гадаадынхны эзэмших хувь ямагт 66 хувь байхаар баталж, нэг ёсны Монголын эрх ашгийг хөсөр хаях бодлого баримталж, түүнийгээ гэрээнд тусган батаалгаажуулж түгжсэн байдаг.

Гурав, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Баяр тэргүүтэй МАХН (одоогийн МАН) АН-ын зарим хэсэгтэй үгсэн хуйвалдаж, луйвар булхайгаар Ц.Элбэгдоржийг гаргаж ирсэн тухай яригддаг. Ингэснийх нь хариуд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болмогцоо “гэрлийн хурдаар” Оюу толгой ордын ХОГ-г байгуулах шийдвэрийг ҮАБЗ-өөр гаргажээ. Өөрөөр хэлвэл олны яриа ортой гэдэг нь Оюу толгойн ордын ХОГ хурдан батлагдсан үр дүнгээр нотлогдож байна. Ингээд 2009 оны 10 сарын 6-ны өдөр Төрийн ордонд Оюу толгой ордын ХОГ-д гарын үсэг зурсан юм.Ог-г  Хариуд нь “аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэдгийн дагуу гадаадынхан болон дотоодын олигархууд түүнд олон “бэлэг” барьсны нэг нь АНУ-д “Айвэнхоу Майнз”, “Рио Тинто” компани Элбэгдоржийн эхнэр Болормаагийн санд нэг сая гаруй ам.долларын “хандив” өгсөн явдал юм. Энэ тухай хэвлэл мэдээллээр их шуугисан даа. Олон улсад тухайн оронд ашигт малтмалын хамгийн том ордыг эзэмшсэн компани тэр орны Ерөнхийлөгчийн эхнэрт сая ам.доллар хандивлахыг “хандив” гэхээсээ илүү хээл хахууль гэж үздэг. Жинхэнэ ардчилсан оронд гэр бүлийнх нь хүн нь ийм хэмжээний хээл хахууль авсан бол тэр Ерөнхийлөгч нэг бол өөрөө огцордог, эсхүл түүнийг огцруулдаг билээ. Гэхдээ манайд дүр эсгэсэн ардчилал байгаа учир харин ч байр сууриндаа улам бат бөх шигдэн оршиж байх шив дээ.

Зөвхөн санд өгсөн боловсон хахууль ч биш, ер нь энд яригдаж байгаа бүхнийг хийсэн Ц.Элбэгдорж, С.Баяр нарын зэрэг хүмүүс хамгийн наад зах нь огцордог, цаашилбал тэд нартай хариуцлага тооцдог юм. Харин хэн тэд нартай хариуцлага тооцох вэ? Ард түмэн. Яаж? Шударга сонгуулиар. Харамсалтай нь ард түмнийх нь сонгуульд өгсөн саналыг луйвардаж, нэг бол хүчингүй болгож, эсхүл өөр хүний нэр дээр өгсөн санал болгож хувиргаад байвал хариуцлага тооцох боломж байхгүй болно. Хариуцлага тооцдоггүй тогтолцоог хатуухан хэлвэл дарангуйлал, зөөлөн хэлвэл дүр эсгэсэн ардчилал гэж нэрлэнэ. Гэхдээ ард түмнийг хэзээ ч байсч болохгүй. Нэг л өдөр энэ бүхнийг засах цаг ирэхдээ л ирнэ.

Дөрөв. Гадаадынхан Ц.Элбэгдорж луйвар булхайгаар гарч ирсэнийг мэдэж байсан. Гэхдээ тэгэх нь Оюу толгой ордын ХОГ-г байгуулахыг хүсч байсан гадаадынханд ашигтай байсан учир ийм үр дүн гарсныг дэмжсэн. Дэмжсэн ч гэж дээ гадаадын зарим хүн ба байгууллага Монголын сонгуульд хөндлөнгөөс хутгалдан оролцож, өөрсөддөө ашигтай үр дүн гаргахаар ажилласан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн өмнө нь гадаадын улс оронд Канадын Элчин сайдаар ажиллаж байсан нэгэн ноёнтон гэнэт Монголд ирж төрийн бус байгууллага байгуулж, түүнд хуучин ГХЯ-ны сайд Ц.Гомбосүрэн, нийтлэлч Б.Баабар нарын зэрэг хүмүүсийг оруулж ажиллуулсаныг юм санадаг улсууд санаж байгаа байх. Тэр төрийн бус байгууллагын монголын талын ерөнхий зохицуулагчаар С.Баяр ажиллаж байсан. Одоо энэ байгууллагын сураг нь тасарсан. Аргагүй шүү дээ. Учир нь тус байгууллагыг байгуулах гол зорилго Оюу толгой ордын ХОГ-г батлах ажилд туслах явдал оршиж байсан. Монголд ашиггүй Оюу толгой ордын ХОГ байгуулагдсан тул тэрхүү зорилго нь биелсэн. Нэгэнт зорилгодоо хүрсэн учир одоо хийх ажилгүй болсон. Ингээд тэр ноёнтон Монголыг орхиод явсан. Одоо өөр ямар оронд ингэж үймүүлж будлиулж яваа бол доо? гэж бодогдох юм.

Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тус байгууллага олон нийтийн дунд санал асуулга явуулах нэртэй зохиомол санал асуулга явуулсан болж жүжиг дэглэсэн. Тэр санал асуулга гэгчээр монголын нийт иргэдийн олонхи нь “Оюу толгой ордын ХОГ-г яаралтай байгуулахыг дэмжиж байна” гэсэн санал өгчээ гэсэн зохиомол үр дүн гаргаж тэрийгээ сурталчилсан. Ц.Элбэгдорж ч нэр дэвшигчийн хувьд томоохон ордуудтай холбоотой хөрөнгө оруулалтын гэрээг дэмжих байр суурь баримталж байсан. Ингээд С.Баяр, Ц.Элбэгдорж нар луйвар булхай хийж сонгуулийг завхруулсан ч тэр байгууллагын зохиомол санал асуулга хэмээх жүжиг зэрэг нь сонгууль шударга болжээ гэсэн уур амьсгалыг бүрдүүлэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн. Ард түмэн өөрсдийнх нь санаснаас өөр үр дүн гарсанд мэл гайхсан. Гэхдээ С.Баяр, Ц.Элбэгдорж нар ба тэдний хамсаатнууд саналын хуудсан дээр ажилласан учир 30 мянган саналаар Ц.Элбэгдорж ялсан мэт зохиомол дүр зургийг гаргуулсан. Үнэн хэрэг дээрээ судлаачид үзэхдээ Н.Энхбаяр 100 мянгаас 150 мянган саналаар ялсан гэдэг. Тэгэхээр 130 мянгаас 180 мянган саналын хуудсыг өөрчилж, дээрхи 30 мянган саналын зөрүүг гаргасан байна. Н.Энхбаяр “ялагдах” нь ч яахав гэж бодъё. Улс төрд хэн нэг нь ялж, нөгөө нь ялагдаж байдгийм хойно. Гэхдээ нэгд, шударга сонгуулиар ялах ба ялагдах, луйврын сонгуулиар нэг нь ялсан болж жүжиглэх хоёрын хооронд тэмээ ямаа, тэнгэр газар шиг асар том ялгаа бий. Ийм луйврын сонгуулийн дараа гарсан үр дүн нь:

1.Оюу толгой ордын ХОГ монголын талд ашиггүй хувилбараар байгуулагдсан.

2.Таван толгой ордын хамгийн ашигтай хэсгийг С.Баяр, Ц.Элбэгдорж тэргүүтэй луйварчид хувийн компаниудын ард нуугдан авч, хагартлаа баяжсан. Тэд өөрсдөө бүгдээрээ улсаасаа баян тэрбумтнууд болсон.

3.7 сарын 1-ний эмгэнэлт явдлын жинхэнэ гэм буруутай эзэд хэргээс мултарч, цагдаагийн хэдэн дарга нар хэрэгтэн болсноор дууссан.

4.Луйврын сонгуульд амташсан, өөрийнх нь нэр хүнд унасан Ц.Элбэгдорж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн л луйврын аргаар гарсан. Харин энэ тухай дараа жич дэлгэрэнгүй өгүүлэх нь зүйтэй байх гэж үзэв.

5.Ийнхүү Монголд дүр эсгэсэн ардчилалын дэглэм тогтсон.

Энэ нь гадаадынхан дотоодын улс төр-бизнесийн бүлэглэлтэй хамтран тухайн улс орны хэрэгт хөндлөнгөөс хутгалдан оролцдог, сонгуулийг шударга бус болгож, өөрсөддөө ашигтай үр дүн гаргадаг гэдгийг баталсан тод жишээ болсон. Ингэхийн тулд тэд сонгуулийг ашиглаж, “зөөлөн” аргаар өөрсдийнхөө төлөөний хүн, эсхүл хүмүүсийг өндөр албан тушаалд тавина.

Тийнхүү тавьсан хүмүүс нь эргээд өөрсдөд нь үйлчилнэ. Нэг нэгнийгээ яасан ч байсан “үхтлээ хамгаална”. Ц.Элбэгдорж болон С.Баяр нар иймэрхүү байдлаар ажилласан. Одоо ч тийм байдлаар байж байгаа. Тухайлбал С.Баяр сонгуулийн луйвар булхайгаас гадна Ерөнхий сайдын албан тушаалаа Сү.Батболдод зарсан (энэ тухай УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлснийг хүмүүс санаж байгаа бизээ) гэдгээс авахуулаад уул уурхайн компаниудаас хээл хахууль авсан гэж шүүмжлүүлдэг, хүмүүс тэгснийг нь сайн мэддэг тул түүнтэй хариуцлага тооцохыг шаарддаг ч тэрээр гэм зэмгүй хүн шиг явдагийн нууц Ц.Элбэгдорж өөрийг нь луйвар булхайгаар Ерөнхийлөгч болгож, Таван толгой ордод оруулсных нь ачийг хариулж буй байдал хэмээн учир мэдэх хүмүүс хэлдэг.

Энэ тухай захын вэбсайтад орж, тэнд бичсэн болон бичсэнтэй холбогдуулж гарсан комментуудыг уншихад хүмүүс тэгэж боддог, тэгснийг нь мэддэг, гадарладаг гэдэг нь батлагдана. Эсхүл гадаадынхан хатуу аргаар буюу шууд буу зэвсэг хэрэглэн тухайн орны дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцон өөрсдөд нь ашиггүй хүмүүсийг албан тушаалаас нь зайлуулдаг. Ийм тохиолдолд ихэнх хүмүүс амь насаа алддаг билээ.

Сүүлийн үед ОХУ АНУ болон бусад оронтой барьцаж өөрөө Украин, Гүрж зэрэг орны дотоод хэрэгт хутгалдан орж байна гэсэн шүүмжлэлд өртөж, түүний эсрэг хориг арга хэмжээ авч байгааг та бүхэн сайн мэдэж байгаа билээ.

Том улс орон тоглож наадна, жижиг улс орон өөрийнхөө эрх ашгийг хамгаалах гэж оролдвол элдвээр хавчигдана. Ялангуяа жижиг улс орны тухайн орныхоо ард түмний эрх ашгийг хамгаалах гэж оролдсон удирдагч нар нь хамгийн эхлээд золиослогдоно. Харин гадныхны гар хөл бологсод нь үлдэнэ, үлдээд зогмохгүй зохих шагнал урамшууллаа авна.

Одоо Оюу толгой ордын ХОГ-г байгуулсны дараа томоохон ордуудын талаар төр засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг эргэн санацгаая. Оюу толгой ордын ХОГ нь зөвхөн тус ордод хамаатай байгаад зогсохгүй бусад ордуудад ч нэг ёсны жишиг болсон ХОГ болсон нь ойлгомжтой. Тэр утгаараа энэхүү ХОГ-г байгуулсан нь дараа дараачийн алдаа гарахын үндэс болсон гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Энэхүү ХОГ нь үнэхээр “хогийн гэрээ” байжээ.

Тухайлбал Таван толгой орд юу болов? Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Таван толгой ордыг бүхлээр нь төрийн өмч болгон ашиглах бодлого баримталж, тухайн үед тус ордыг эзэмшиж байсан Сү.Батболдоос Таван толгой ордыг бүхлээр нь төрийн өмчид буцаан өгөхийг шаарджээ. Сү.Батболд Н.Энхбаярын шаардлагыг биелүүлнэ гэж хэлсэн ч тэр үед