sonin.mn

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, үндсэн хоёр асуудлыг хэлэлцжээ.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд шинээр томилогдсонтой холбогдуулж Засгийн газрын бодлого, чиглэл цаашид юунд анхаарал хандуулан ажиллах вэ  гэдэг дээр гишүүд харилцан санал солилцжээ.

Үүний дараагаар Ерөнхий сайдаас УИХ-д суудалтай намуудад хүргүүлсэн Засгийн газарт хамтарч ажиллах саналын талаар ярилцсан байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Намууд энэ долоо хоногт багтаж хариугаа өгөх байх. Намуудад хүргүүлсэн албан бичгийн гол агуулга нь улс орон, нийгэм, эдийн засгийн хүрээнд хуримтлагдаад байгаа  асуудал дээр хамтарч ажиллахад чиглэгдсэн байгаа” гэв.

Мөн Засгийн газар дотроо өнөөгийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны юу нь болж байгаа, юу нь саад тотгор болж байгааг дахин нягталж тулгамдсан асуудлыг нэгтгээд ирэх долоо хоногт дахин бүлгийн хуралдаанд оруулж ирэхээр болсон гэдгийг давхар хэллээ.

Дараа нь бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг дэмжихгүй, Засгийн газарт хамтрахгүй гэдгээ мэдэгдэж байсан?

-Бид хамтарч ажиллая гээд байгаа шийдэл нь намын явцуу эрх ашгийг хойшоо тавъя. Монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүднээс энэ саналыг хүргүүлсэн. Бид одооны зарчмаар олонхоо бүрдүүлээд Засгийн газраа байгуулаад явж болно. Гэхдээ МАН энэхүү саналыг эрүүлээр хүлээн аваад хамтраад ажиллах боломжтой.

-Засгийн газрын бүтэц дахин өөрчлөгдөх үү?

-Хэдэн яам, ямар бүтэцтэй байх вэ гэдэг талаар одоо ярихад эрт байна. Бүлэг дээр ч энэ асуудлыг яриагүй.

-Хэрвээ МАН Засагт орохгүй гэвэл бол яах вэ?

-Улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдэхэд дахиад л хүндрэл үүснэ. Ийм учраас олонх, цөөнх гэсэн асуудлаа хойш тавих хэрэгтэй. Хамгийн гол энэ бүх гацаа хүлээлт дунд ард иргэдийн амьдрал, эдийн засаг туйлдаад байна. Тэрнээс бид цааш явж чадахгүй, хийж чадахгүй болчихсондоо хамтарч ажиллая гээд байгаа юм биш.

Бүлгийн дэд дарга С.Одонтуяа энэ үеэр тус бүлгийн хуралдаанаар Төрөөс баримтлах бодлого, Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцсэн болохыг хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг