sonin.mn

Өчигдөр Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг эх орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол төрийн багана батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэн ч энэ өдөр салбарынхаа бахархан дуурайх ажил үйлсээ бахархалт хүмүүсээрээ жишээлэн олон нийтэд хүүрнэж, залуу үе, бяцхан кадетууддаа үндэсний бахархал, эх түүхийн товчоон “Монголын нууц товчоо” юугаан хүргэх хүндэтгэлт нэгэн ажиллагаа зохион байгуулсан юм.

 Энэ үеэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарын “Монгол Бахархлын өдөр”-т зориулан тавьсан илтгэлээс хүргэе.

  ... Монголын ард түмний бахархал тоолж баршгүй олон. Тэдний дундаас Монгол төрийн хамгийн аугаа бахархал бол Монгол цэрэг юм. Монгол төрийн их бэлгэдэл туг сүлд, төрийн эрдэнэ хэмээгддэг эрэлхэг жанжин, хүн төрөлхтний түүх, утга зохиолын хосгүй үнэт өв болох Монголын Нууц Товчоо, манай ард түмний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл ялалтын түүх гээд Монгол түмний хамгийн нандин бүхэн Монгол цэрэгтэй холбоотой.

Монгол үндэстэн, Монголын тулгар төр цэрэг эрсийн уухайн түрлэг дор үүсэн бүрэлдсэн. Харийн өнгөлзлийг сөрөн тэмцэхэд ч, эх орныхоо орчин цагийн их бүтээн байгуулалтыг цогцлуулахад ч, сансрын уудамд Монгол хүний мөрийг гаргахад ч, дэлхий дахинаа Монгол Улсын энхийг эрхэмлэгч бодлогыг тунхаглан үлгэрлэхэд ч Монгол цэрэг л түүчээлэн манлайлсан. Энэ их бахархалт түүх, бахархалт өнөө, түүнээс ч илүү бахархалт ирээдүйг бүтээлцсэн, бүтээлцэж буй, бүтээлцэх Монгол цэргийн үе үеийн төлөөлөл болсон алдар гавьяатнуудаараа бахархъя.

Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг өнгөлзөгч дайснаас олон зуун хөвгүүд, охидынхоо халуун амь, бүлээн цусыг золин байж хамгаалсан Халхын голын дайны түүхт ялалтын 75 жилийн ойг бид энэ онд ёслол төгөлдөр дурсан тэмдэглэсэн.

Энэ их ойн баяраар Монгол Улсын баатар хэмээх хамгийн эрхэм дээд цол хүртсэн ахмад дайчин, ахмад дипломатч Пунцагийн Шагдарсүрэн гуай бол Монголын бахархал, Монгол цэргийн бахархал мөн.

Тэрээр идэр залуу 21-хэн насандаа хорооны захирагчаар томилогдон дайчин нөхдөө удирдан эрэлхэгээр тулалдаж, дайны талбарт эх орноо цусаараа хамгаалж байсан бол хожим Монгол Улсын Гадаад харилцааны салбарыг тэргүүлж, оюун ухааны цараагаараа эх орноо Нэгдсэн Үндэстний Байгууллагад элсүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

П.Шагдарсүрэн гуайн шанг нь таталцсан манай дипломат алба өнгөрсөн зууны туршид ч, өнөө цагт ч Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх тулгуур багана нь байсаар ирсэн билээ. Монголын дипломат албаны онцлог нэгэн шигтгээ бол цэргийн дипломат алба юм. Энэхүү нэр хүндтэй албанд 30 жил оюунаа чилээж зүтгэсэн армийн бэлтгэл хурандаа, дипломат албаны шадар цолтой Готовын Лүндэн гуай энд хүрэлцэн ирсэн байна.

Тэрээр цэргийн дипломат албанаас төрийн дипломат албанд шилэгдэн уригдсан цөөхөн хүмүүсийн нэг бөгөөд манай салбарын төлөөлөл болж, Гадаад харилцааны яамны газрын дэд захирлаар ажиллаж, “Монгол Улсын гадаад харилцааны нэвтэрхий толь”-ийг гаргалцсан, өөрөө ч гадаад харилцааны амьд нэвтэрхий толь хэмээх алдрыг хүртсэн хүн юм.

Г.Лүндэн гуай шиг цэргийн дипломатчдын маань нөр их хөдөлмөр, зүтгэлийн үрээр өнөөдөр манай батлан хамгаалах салбар дэлхийн 30 гаруй улс, олон улсын байгууллагуудтай харилцан ашигтай, тэгш эрхтэй, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын тусын тулд идэвхтэй хамтран ажиллаж, ард түмнийхээ дунд “хоёрдахь Гадаад яам” хэмээн хүндлэгдэн байна.

Дэлхийн дахины амар амгалангийн үйл хэрэгт дипломат үйл ажиллагаанаас гадна эрэлхэг цэрэг дайчдынхаа эрсдэлээс халирахгүй, бэрхшээлээс шантрахгүй үйл хэрэг, сэтгэл зүтгэлээр хувь нэмрээ оруулах болсноор даруй арав гаруй оныг үдэж, “Монгол цэрэг – Дэлхийн цэрэг” хэмээн үнэлэгдэх болсон нь Монголын нэгэн яруу тод бахархал мөн.

Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор нэгэн түмэн монгол цэрэг бөмбөрцгийн аль хүнд хүчир цэгт энхийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирлээ. Баазад нь халдсан алан хядагчийг устгаж, үйлс зорилго нэгт хэдэн мянган нөхдийнхөө амь насыг аварсан Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нарын гавьяагаар алдаршиж эхэлсэн манай энхийг сахиулагчдын амжилт, нэр төрийн өндөрлөг өнөөг хүртэл өргөжин тэлсээр байгаа нь бидний бахархал юм.

2013 оны 04 дүгээр сарын 23-нд Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахлагч О.Анхболд, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлагч О.Болдбаяр нар үүрэг гүйцэтгэж байх явцдаа хүчтэй үерт автан урссан АНУ-ын цэргийн албан хаагчийг эр зориг гарган аварсныг ч бид энд бахархан сайшаах ёстой. Монголын энхийг сахиулагчдын хүрсэн түвшинг дэлхий даяар хүлээн зөвшөөрсний нэгэн баталгаа нь саяхан Өмнөд Судан улс дахь НҮБ-ын ажиллагааны бүсийн олон улсын хүчний командлагчаар Монгол генерал Дашдондогийн Баярсайханыг томилсон явдал юм.

Арав гаруйхан жилийн өмнө анхны цэргийн багаа илгээж байсан Монгол Улсын хувьд өнөөдөр таван улсын 5000 гаруй цэргийг командлах удирдлага төрнө гэдэг бахархалтай хэрэг билээ. Одоо тэрээр томилогдсон газар орноо үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Тэнд мөн Монголын 850 эрэлхэг хөвгүүд, охид мөр зэрэгцэн энхийг сахиулж яваа.

Монголын нэрийг дэлхийд дуурсгах цог золбоот охид, хөвгүүдийн дунд Монгол хүний эрч хүч, ид хав, тэсвэр хатуужлын илэрхийлэл болсон манай тамирчид томоохон байр суурь эзэлдэг.

Олимп, дэлхий, тивийн, цэргийн болон оюутны дэлхийн их наадмуудаас манай Зэвсэгт хүчний эгнээнээс төрөн гарсан тамирчин дайчдын амжилт ялалтын буухиа үл тасарна. Монголын бүх ард түмний 13 дугаар спортын их наадамд “Алдар” спорт хорооны тамирчид багаараа 11 дэх удаагаа түрүүллээ.

Өнгөрсөн жилүүдэд Цэргийн буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй баг тамирчид алт, мөнгөн медаль, чөлөөт бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 алт, 3 мөнгөн медаль хүртэж, эрэгтэй баг тэргүүн байр, эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртлээ.

Олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран  чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медалийг хүртсэн амжилтыг үзүүллээ.

Гавьяат тамирчин Н.Төгсцогт, Олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг нар цэргийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс алт, хүрэл медаль, буудлагын тамирчин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль, Азийн наадмаас мөнгөн медаль тус тус хүртлээ.

Шатрын их мастер Б.Мөнгөнтуул шатрын олимпиос хүрэл медаль, Оюутны их наадмаас мөнгөн медалийг хүртсэн зэрэг олон амжилтыг манай Зэвсэгт хүчний тамирчид үзүүлээд байна. Энэ оны хувьд Монголын тамирчдын оргил нь, од нь манай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Сүхээгийн Цэрэнчимэд байлаа.

Тэрээр энэ зун ганцхан сарын дотор насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медаль, Цэргийн дэлхийн аварга хэмээх гурамсан их амжилтын эзэн болж, хүүхэд залуучуудын үлгэрлэн дуурайх бахархал болоод байна.

Манай салбар улс орондоо олон зүйлээр анхдагч нь. Монгол улсын шинжлэх ухааны ууган эмнэлэг нь чухам манай Цэргийн госпиталь юм. Ер гаруй жилийн түүхтэй Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үе үеийн эмч, эмнэлгийн ажилтнууд цагийн цагт ачаалал өндөртэй ажилласаар ирсэн бөгөөд тэднийг ард түмэн “Хос тангарагтангууд” хэмээн хүндэтгэдэг.

“Эрдэнэт хүний төлөө”, “Монгол улсын төлөө зүтгэе” хэмээн хоёргүй сэтгэлээр ёслон тангараглаж, хичээн зүтгэдэг болохоор арга ч үгүй биз ээ. Манай эмч нар өвдөгний үе солих мэс заслыг өнгөрсөн жилээс эх орондоо хийж эхэлсэн, цөсний хүүдий, мухар олгойн мэс засал болон цээжний хөндийн мэс заслыг дурангийн тусламжтайгаар хийж байна.

Түнхний үе солих, нурууны бэхэлгээ зэрэг мэс заслууд, бөөрний архаг дутагдалтай хүнд цус шүүж цэвэршүүлэх эмчилгээ, бүх төрлийн угаар, хийн хордлого, хүчилтөрөгчийн дутагдал болон цусан үжлийн үеийн эмчилгээ зэргийг улсын хэмжээнд амжилттай хийж, ард түмнийхээ талархлыг хүлээж буй бахархам амжилтын эздийг төлөөлж энэ жил Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх эрхэм цолыг хүртсэн, анагаах ухааныдоктор, бэлтгэл дэд хурандаа Хандсүрэнгийн Должин гуай энд хүрэлцэн ирсэн байна.

Тэрээр Монголын Ардын Армийн ангид их эмчээр томилогдон ажилласнаас хойш нийт 27 жилийн хугацаанд мэдрэлийн өвчнөөр шаналсан  28 мянга, тархины цусан хангамжийн хурц дутагдал, цус харвалттай хүнд өвчтэй 4600 гаруй өвчтөнийг гардан эмчилж, үхлийн аюулаас аварч, амьдрал бэлэглэжээ. Өнөөдөр хөгжлийнхээ цоо шинэ үе шатыг авчралцахаар өдөр хоногтой уралдан ажиллаж байгаа Цэргийн госпиталь бол манай салбарын томоохон бахархал мөн.

Хэдхэн хоногийн дараа бид Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг ёслон тэмдэглэнэ. Өнөөдөр энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг цэргийн эрдмийн их уурхай болсон Батлан хамгаалах их сургууль дээр зохион байгуулж байгаа нь ч учиртай.

Энэ жилийн Монгол бахархлын өдрөөр Монгол төрийн дээд шагнал – Чингис хааны одонг анх удаагаа эрдэмтэн хүнд соёрхон хүртээхээр төрийн тэргүүн маань шийдвэрлэсэн нь ч нэн бэлгэшээлтэй. Монгол цэргийн эрдэмтэд хэзээнээсээ манай орны эрдмийн хүрээлэл дундаа нэртэй, бүтээлтэй.

Олон зуун бүтээл, туршилт, патентын эзэд болсон цэргийн эрдэмтдийн төлөөлөл болон энд залагдсан Түүхийн ухааны доктор, профессор Жамбын Базарсүрэн бол жирийнбайлдагчаас Батлан хамгаалах яамны ахлах офицер, цэргийн инженер-механикчаас түүхийн ухааны доктор, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан болтлоо манай салбарт  50 шахам жил үр бүтээлтэй, тасралтгүй ажилласаар байгаа тэргүүний эрдэмтний нэг юм. 

Тэрбээр монгол цэргийн түүх, тэр дундаа зэр зэвсгийн талаарх судалгааны шинэ чиг хандлагыг оруулж ирсэн бөгөөд түүх болон техникийн 20 гаруй ном, сурах бичиг, гарын авлагын зохиогч, хамтран зохиогч билээ. Монголын бахархал болсон эрдэмтэн мэргэдээсээ идэр залуу үе ихийг суралцаж, улс үндэстнийхээ оюун санааны тусгаар тогтнолыг бататган хамгаалах учиртай.

Монголын аугаа их бахархал бол манай соёл, урлаг. Ертөнцийн мэлмийг баясгаж, сонорыг мялаасан гайхамшигт ур ухаан шингэсэн олон сор бүтээлийг манай өвөг дээдэс, ард түмэн туурвисан билээ. Монгол соёл, урлагийн их түрлэг дунд яруу тод нэгэн эгшиг нь болсон цэргийн хөгжим энэ өдрүүдэд нэгэн зууныхаа бахдам түүхт ойгоо тэмдэглэж байна.

Богд хааны зарлигаар үүсэн байгуулагдсан цэргийн хөгжимчид, уран бүтээлчид өнгөрсөн онд Их Британи, ОХУ-д зохион байгуулагдсан үлээвэр хөгжмийн наадмуудад  амжилттай оролцож,дэлхийн 300 мянга гаруй  үзэгчдэд Монголынхоо соёл урлагийг сурталчлан таниулсан.  Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хаврын баяр” олон улсын урлагийн наадамд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид амжилттай оролцож, “Шилдэг гоцлол дуу”, “Шилдэг найрал дуу”, “Шилдэг зохиол”-ын төрлийг тэргүүлж, багийн дүнгээр “Гран при” шагналыг хүртсэн.

Тус чуулгын дуучин Г.Бадрал ОХУ-д зохион байгуулагдсан олон улсын ари, романс дуулаачдын уралдаанаас Гран при шагнал, бүжигчин Б.Юүлээхорол Ази-Номхон далайн орнуудын гоцлол бүжигчдийн уралдаанаас  Гран при шагналыг тус тус хүртлээ. Соёлын тэргүүний ажилтан Б.Батбаатар олон улсын ари романс дуулаачдын уралдааны дэд, тусгай байрын шагналыг хүртэж, удахгүй М.И.Глинкагийн нэрэмжит уралдаанд оролцохоор мордох гэж байна.

Манай цэргийн уран бүтээлчид хэдхэн хоногийн дараа өмнөд хөршийг зорин Монгол соёлынхоо өвийг бахдан таниулах гэж байна. Ургац арвинтай уран бүтээлчдийг төлөөлж, өнгөрсөн жил Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрын эзэн болсон ахлах ахлагч Дэмбэрэлийн Батсүх энд хүрэлцэн иржээ.

Эх орны энх цагийн хамгийн чухал бөгөөд хэзээ ч үл мартаж болох бахархалт үйлс бол бүтээн байгуулалт байх ёстой. Монгол Улсад бүтээн байгуулалт, хөгжилт цэцэглэлт өрнүүн байсан 1960-80-аад оны ачааны хүндийг манай Ардын Армийн Барилгын цэргийнхэн үүрч гарсан гэдэг.

Төр засгаас ч манай барилгын цэргийнхний түүхэн амжилтыг өндрөөр үнэлж, тэдний дундаас Монгол Улсын Гавьяат барилгачин төрсөн нь Монгол Улсын зөвлөх инженер, бэлтгэл хурандаа Санжидын Мөнхөө юм. Зэвсэгт хүчний барилгын цэрэгт жагсаалын цэргээс Барилгын цэргийн удирдах газрын дарга хүртэлх албан тушаалд 36 жил үр бүтээлтэй ажилласан тэрбээр өнөөдөр ч бүтээн байгуулалтын үйл хэрэгт оролцож явна.

Ахмад үеийн маань энэ бүх үйл хэргийн үргэлжлэл болж, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр батлагдсан билээ.

Цэргийн алба хаагчид бетон арматур, сантехник, засал чимэглэл, гагнуурчин, барилгын мужаан, өрөг угсралт гээд барилгын үйлдвэрлэл сэргэж, бүтээн байгуулалт өрнөж байгаа өнөө үед зайлшгүй шаардлагатай мэргэжлүүдийг эзэмшиж, мэргэжлийн үнэмлэхээ гардан аваад байна. Ийнхүү Монгол цэргүүд эх орноо хамгаалахын зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон, зах зээлийн зарчмын дагуу хөлс хүч, хөдөлмөрөө үнэлүүлдэг болсон нь бидний хувьд бахархан дуурайх үйлс байх учиртай.

Монгол орныхоо нийгмийн амьдралын салаа, мөчир бүрт бахдам амжилтын эзэд болж буй манай цэргийнхний ирээдүй хойч үе болсон хөвгүүд ч ахмад үе, ах эгч нарынхаа амжилт алдрын буухиаг бахархалтайгаар үргэлжлүүлж байна.

Энд хүрэлцэн ирсэн Батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин-Өрлөг” бүрэн дунд сургуулийн 11-а ангийн сурагч, түрүүч ЦогтбаатарынХишигбаатар нь Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд сурч байгаад “Тэмүүжин-Өрлөг” сургуульд шилжин орж суралцсан. Ц.Хишигбаатар нь сурлага, спорт, урлагийн олон амжилтыг нэгэн биед цогцлуулж байгаа үлгэр дуурайл болсон сурагч юм.

Тэрээр хөлбөмбөгийн спортын II дугаар зэрэгтэй, хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, “Дуулиан 2020” тэмцээнээс мөнгөн медаль, БХИС-ийн Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2013, 2014 онд хоёр жил дараалан “Шилдэг хамгаалагч”, 2012 онд БХИС-ийн “Соёмбын барсууд” клубын шилдэг тоглогчоор шалгарсан сайн тамирчин юм.

Гэхдээ түүний амжилт зөвхөн спортоор хязгаарлагдахгүй. 2013 оны сургуулийн урлагийн их наадмын Шилдэг уран уншигч төдийгүй 2014 онд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогдсон “Оросын армийн үл мэдэгдэх хуудас” илтгэлийн тэмцээний тэргүүн байр, Орос-Монголын найрамдлын сарын аяны хүрээнд зохиогдсон арга хэмжээнд тэргүүлэн оролцож, Оросын соёл, шинжлэх ухааны төвийн Өргөмжлөл хүртэн шагнагдсан орчин үеийн жинхэнэ үлгэр жишээ кадет юм.

Ийнхүү миний Монголын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд Монгол цэргийн ахмад, дунд, залуу үеийнхэн улс нийгмийнхээ, хүн ардынхаа эрч хүч, эрэмгий зориг нь, тулах багана, тэмүүлэх хүсэл нь, алдар суу, алсын хараа нь болон гялалзаж явна. Судсаар лугших цусан омогшил, оюунаар дамжих үндэсний дархлаа, зүрхнээс ундрах эх орончийн хайр гэдэг та бидний нандигнан явах дээдийн дээд бахархал билээ. Та бүхэндээ Монгол бахархлын өдрийн халуун мэндийг дахин хүргэе.

Монгол цэргийн хийморь лундаа үргэлж өөдөө байж, Монгол төрийн алтан соёмбо мөнхөд ивээг ээ.