sonin.mn

Япон Улсын Окаяма хотын Окаяма Их сургуульд “Японы Монгол судлалын нийгэмлэг”- ийн 2014 оны Намрын ээлжит эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 15-16-нд боллоо.

Японы Монгол судлалын нийгэмлэг нь 1970 онд байгуулагдсан бөгөөд Монголын нийгмийн тогтолцоо, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Монгол судлалыг тууштай хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Энэ нийгэмлэг нь жилд хоёр удаа хавар, намар Японы баруун бүс нутаг дахь Их дээд сургуулиудыг түшиглэн Монгол судлалын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ удаагийн намрын чуулга хуралдаан нь хоёр хоног үргэлжиж, Японы Монгол судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүд, эрдэмтэд багш, энэ чиглэлээр судалгааны ажил эрхэлж буй 50 гаруй залуу судлаачид оролцож, 11 үндсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Үүнд Монголын түүх, бичиг, хэлний судалгаа, Япон дахь Монголын уран зохиолын судалгаа, Монголын нүүдэлчин өрхүүдийн өөрчлөлт, Монголын археологи, Монголд олдсон модон бүтээгдэхүүний судалгаа, Монголын сүүлчийн Эзэн хаан VIII Богд Жавзандамба, Суварганы үүсэл хөгжил ба Хэрлэн барсын суварга, Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүн, сүүний салбарын өнөөгийн байдал, Айраг боловсруулах судалгаа зэрэг эрдэм шинжилгээ судалгааны илтгэлүүдийг хэлэлцэв.

2013 оноос хойш Монголч эрдэмтэдийн энэхүү хуралд Япон дахь Монголын Элчин сайдын яам, Осака хот дахь Ерөнхий Консулын газрын төлөөлөгчид тасралтгүй оролцож, монгол судлаачидтай санал бодлоо хуваалцах, мэдээлэл солилцох таатай боломжийг бүрдүүлээд байгаа юм.  2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон.

Улмаар 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 56-р тогтоолоор “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулсан. Энэ хууль батлагдсанаар монгол судлалаар мэргэшсэн дотоод, гадаадын судлаачдын хамтын ажиллагаа сайжирч, Монгол судлалын мэдээлэл, сурталчилгааны цар хүрээ өргөжих эрх зүйн орчин бүрдэж байна.  2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Осака хотноо суугаа Ерөнхий Консул Ч.Куланда нар Окаяама хотын Окаяама Их сургуульд болсон Монгол судлалын эрдэм шинжилгээний хуралд оролцов.

Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол Японы харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Япон дахь монгол судлалын бодлогод тусгах тодорхой саналуудыг дэвшүүлсэн болно.

Мөн Япон Улсад Монгол судлалыг хөгжүүлэх, монголыг сурталчлан таниулахад Монгол судлалын нийгэмлэг, монголч эрдэмтэд, судлаачид чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих сан байгуулагдсаныг онцолж шинээр нээгдсэн боломжийг бүрэн дүүрэн ашиглах талаар хамтран ажиллахыг уриалав.

Мөн Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий консул Ч.Куланда “Дэлхийн Монгол судлалын төлөв байдал”-ын талаар танилцуулга хийж, хэлэлцүүлгийн ач холбогдлыг дүгнэж, Японы Монгол судлаачид, эрдэмтэн багш нарт хандан Монгол Улсын төрийн бодлого цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг дуулгалаа.

Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газар нь Япон дахь Монгол судлал болон монгол судлааачидтай харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагааны чиглэлээ нэгтгэх, шаардлагатай сэдвийн судалгааг санал болгох зэргээр олон талын хамтын ажиллагааг өргөжүүлж буйг онцлон тэмдэглэж байна.