sonin.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг болон тус Элчин сайдын яамны ажилтнууд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Анкара хот дахь Чингис хааны хөшөөнд цэцэг өргөв.

Цэцэг өргөсний дараа Монгол, Туркийн төрийн дуулал эгшиглүүлж, Элчин сайд Б.Батхишиг, тус хотын Чанкаяа дүүргийн орлогч дарга Гүлсүн Бор Гүнер нар харилцан баяр хүргэж үг хэлэв.

Уг ёслолд Туркийн Гадаад хэргийн яам болон Анкара хот, дүүргийн захиргааны хариуцлагатай ажилтнууд, тус хотод суралцаж, ажиллаж байгаа Монгол иргэд оролцов. Анкара хотын Цагдаагийн академийн монгол оюутнууд дүрэмт хувцастайгаа жагсаж хүндэтгэл үзүүлэв.

Эзэн Чингис хааны хөшөөг тус хотын төв дүүрэг Чанкаяа дахь үзэсгэлэнт цэцэрлэгт 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан босгосон бөгөөд хүмүүс энд ирж, амарч зугаалах дуртай.