sonin.mn

Бээжин хот хэмээх Хятадын нийслэлийг өнөөдер мэдэхгүй хүн байхгүй. Гэтэл энэ хотыг монгол хүн анх байгуулж Хятадын нийслэл болгосныг хүмүүс тэр болгон мэдэхгүй ээ.

1260 онд Хубилай ширээнд залран Монголын Эзэнт Гүрний хаан болсон байна. Тэрбээр 1271 онд Юан улсыг байгуулснаар Хойд Өмнөд Хятадыг нэгтгэн Монголын Эзэнт гүрний хэсэг болгожээ.

Монголын Эзэнт гүрний нийслэл Хар Хорин хот байсан ч үй түмэн хятадуудыг захирахын тулд хятадын нутгаас захирах шаардлагатай хэмээн энд ниислэл хотоо байгуулахаар шийдсэн байна. Хойд Сун, Өмнөд Сун хэмээх 2 хэсэгт хуваагдсан Хятад улс тухайн үед Бянлин буюу одоогийн Кайфэй, Линъян буюу Ханжоу хэмээх хойд өмнө 2 нийслэлтэй байсан ажээ. Тухайн үед Бээжин хэмээх нэр байтугай хот ч байхгүй байлаа.

Энэ жижиг суурин газарт журжээнүүд сууршиж байснаас хятадуудын хот байсангүй. Энэхүү журжээнүүдийн хотыг Хубилай хаан сонгосон нь тохиолдлын зүйл биш, харин Хятадын хуучин нийслэлээс еөр шинэ газар нийслэлээ босгохоор шийдсэнтэй холбоотой хэмээн ойлгогдоно.

Хубилай хааны Ханбалыг буюу Дайду (Дату) хотын газрын зураг, мэдээ сурвалж, элбэг байх боловч голдуу Хятадын уран барилгын талаас л судалсан Өрнөдийн судлаачдын тайлбар байх юм.

Дайду хотын зохион байгуулалтын талаар Хубилай Хааны ордонд олон жил амьдарсан Италийн худаалдаачин Марко Поло нилээн бичиж үлдээсэн байдаг. Тэрбээр бичихдээ, Дайду хот нь өргөн гудамууд нарийн гудамжуудтай огтолцолсон энгийн зохион байгуулалттай хэмээн дурьдаж цэлмэг өдөр хотыг нэг өнцөгнөөс нь нөгөө хүртэл харж болдог тухай бичсэн байдаг.

Өргөн чөлөөнүүд (авенью) гудамжуудтай (стрийт) огтолцсон зохион байгуулалт нь орчин цагийн хот, тухайлбал Нью-Йорк хотын зохион байгуулалтанд ч бас хэрэглэсэн байдаг тул хотын төлөвлөлтийн сонгодог арга хэлбэр болсон хэмээн харагдана.

Дайду хотын төвд Хубилай хаан өөрийй ордонг бариулж, хотын хойд хэсэгт хаад ноёдын ан хийж зугаалахад зориулсан задгай тал бүхий байгалийн газартай байсан бөгөөд Хятадын зураач Лю Гуандао энд хаан ан агнаж буй зургийг зурсан нь эдүгээ Тайваны нийслэл Тайпэй хотын Хааны Ордон-музейд хадгалагдаж буй.

Хубилай Хааны ордонд хүн орохыг хориглодог тул Хориотой хот хэмээн нэрлэж гадуур нь өндөр хашаагаар халхалж усан шуудуй татан аливаа хүн амьтан ороход тун бэрхшээлтэй болгосон аж. Энэ хотын гол дунд хиймэл нуур бий болгож, хятад барилгуудаас гадна монгол хаад энд нүүдлийн гэр асар майхан босгож гэрт амьдардаг байсан гэсэн мэдээ байдаг.

Юань улс мөхөхөд Хубилай хааны хориотой хотыг Мин улсын цэргүүд шатаахыг нь шатааж Мин улсын ханы шинэ ордонг барихад хэрэглэсэн. 3охион байгуулалт, байшин барилгуудын хувьд Мин улсынхан Хубилай хааны Хориотой хотоос авсан зуйл их юм.

Хориотой хотын хойд хэсэгт эдүгээ байдаг “Нүүрсний уул” хэмээх нь Хубилай хааны үеийн уул бөгөөд эндээс хаан Дату хотоо алган дээр байгаа мэт бүхлээр нь хардаг байсан аж. Харин үүнийг эс ойлгосон хятадууд дайнд бэлтгэх зорилгоор монголчууд нүүрс цуглуулж уул босгосон хэмээн ташааран ойлгож ийнхүү “Нүүрсний уул” хэмээн нэрлэсэн ажээ.

Өрнөдийн судлаачдын үзэж байгаагаар Мин улсын Хориотой хот нь зохион байгуулалт, байшин барилгын хувьд Хубилай хааны хотын загварыг баримталсан бөгөөд Чин улс нь үүнд шинээр байшин барилга нэмсэн боловч ямар нэгэн дорвитой өөрчлөлт авчраагүй байна.

Мин улсын үед Нанжин хотноо нийслэлтэй байсан боловч нүүдэлчдийн байнгын асуудлаас болж “Хойд нийслэл” утгатай Бээжин хэмээх шинэ нэр алдартай нийслэлтэй болсон түүхтэй. Үүнээс хойш Бээжин хот нь эдүгээ хүртэл Хятадын нийслэл байсаар ирлээ.

Урлаг судлаач, доктор, профессор Ц.Уранчимэг