sonin.mn

ЖЕНЕВ. /ITAR-TASS/. Сьерра-Леонд ажиллаж байхдаа “Эбола” вирусийн халдвар авсан Кубын эмч Феликс Басыг Швейцарийн Женев хотод эмчлэхээр хүргэсэн тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Женевийн нисэх онгоцны буудалд онгоц газардмагц түргэн тусламжийн тэрэг түүнийг хамгийн ойрхон эмнэлэгт хүргэсэн байна.

43 настай эмч Феликс Бас “Эбола”-гийн халдвартай тэмцэхээр Сьерра-Леонд ирсэн Кубын эмнэлгийн 165 ажилтнаас бүрдсэн багт ажиллаж байжээ. Өнгөрсөн ням гарагт түүний бие тавгүйрхэж, Сьерра-Леоны нийслэл Фритаун хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Басын биеийн байдал хүндрээгүй байгаа аж.

“Эбола” вирусийн халдвараар нас барсан хүний тоо 5400 давж, 15 мянга гаруй хүн халдвар авсан байна. Сьерра-Леонд сүүлийн долоо хоногт халдвар авсан 533 тохиолдол шинээр бүртгэгджээ. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь Баруун Африкийн гурван орон болох Либери, Сьерра-Леон болон Гвиней улсад ногдож байна.

Д.Жаргал

Эх сурвалж: