sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг сонгосон. Уг хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлэг оролцсонгүй.

Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, “Энэ сарын 17-нд АН-аас Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг зөвшилцөх санал ирүүлсэн. Бид уг саналд татгалзсан хариу өгсөн. Өнөөдөр манай намын 26 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй.

Учир нь 2012 оноос өдийг хүртэл Ерөнхий сайдаар ажилласан Н.Алтанхуяг улс орны эдийн засгийн байдал, ард түмний амьдралыг доройтуулсан. Тиймээс УИХ-аас түүнийг огцруулах шийдвэр гаргасан.

Түүний тэргүүлэн ажиллаж байсан танхимын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшсэн нь утгагүй, эдийн засгийн хямралт байдал бий болгоход нэг кабинетад л ажиллаж байсан хүн шүү дээ.

Шинэ Засгийн газарт хамтран ажиллах санал тавьсан ч бид хүлээж авахгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөв бодлого явуулбал бид дэмжинэ, өмнөх Засгийн газар шиг буруу бодлого нь давамгайлвал хариуцлага ярина” гэлээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг