sonin.mn

Өнөөдөр 10.10 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буйг зарлан, намтрыг нь уншиж танилцуулав. Энэ үеэрээ тэрээр ЧУИХ-ын гишүүд, эрхэм гишүүд ээ.

УИХ-д хамгийн олон суудал авсан Ардчилсан нам бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Монгол Улсын Ерөнхий сайдад Чимидийн Сайханбилэгийг нэр дэвшүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Чимэдийн Сайханбилэг нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэгээрлийн сайд, Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж ирснийг та бүхэн сайн мэднэ. Тэрбээр 1969 онд Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн. МУИС болон Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, Жорж Вашингтоны их сургууль төгссөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Чимэдийн Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, хариуцлага, ёс зүйг дээдэлж, улс орныхоо эрх ашгийг урьтал болгон тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаачлагатай, эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна гэдэгт итгэж байна.

Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг УИХ-аас хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа

гэсэн юм.
Дараа нь УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг А.Бакей танилцууллаа.

 

 

 

Ч.Сайханбилэгийн намтар

 

 Ч.Сайханбилэг 1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн.  Хууль зүйн ухааны магистр.  

 

Тэрбээр 1991 онд Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлж,  1992-1997 онд Монголын Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга болжээ. Улмаар 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон бөгөөд 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байв.

 

2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн болж,  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдон ажилласан бөгөөд 2012 оны УИХ-ын зургаа  дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хуралд дахин сонгогдсон. 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Одоо  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч.

 

 

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн хэлж буй үг, асуултыг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар :  Надад 3 асуулт байна. 1. Монгол улсад нийгэм, улс төр, эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Энэ хямралыг зогсоох арга замыг та юу гэж харж байна?

2. Олон нам Монгол улсыг дайсагнуулж, ард түмнийг хагалан бутаргаж байна. Үүнийг өөрчлөхийн эсрэг ямар бодлого байна вэ? Улс төрийн нам гэдэг мөнгөн дээр тогтсон бүлэглэлийг арилгах талаар Засгийн газар ямар бодлого баримтлах вэ?

3. Шинэ Засгийн газар мэргэжлийн, шударга хүмүүсээр танхимаа бүрдүүлж чадах уу?

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ч.Сайханбилэг:

1. Хямралын эсрэг төлөвлөгөө гаргана. УИХ-ын 34 дүгээр тогтоол бол суурь нь байна.

2. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө явна. Зөвшилцлийн төлөө явна.

3. Танхимаа хариуцлагатай, ажил хийх чадвартай хүмүүсээр бүрдүүлнэ. УИХ -д суудалтай бүх намуудтай зөвшилцөнө.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

1.Байнгын хороо өмнөх Ерөнхий сайдыг огцруулахдаа процедурын алдаа гаргасан байгаа. Үүнийгээ өөрчлөх талаар өчигдөр яагаад ярьсангүй вэ? Одоо Ерөнхий сайд шинээр томилогдвол шадар сайдаас тамгаа авах нь байна.

2. Үндсэн хуулийн дагуу АН 39 суудалгүй тул бусад намтай хамтарч, Ерөнхий сайдад нэр дэвших ёстой. Та бусад гэдгийг 2012 онд гэрээ байгуулсан нам, эвслээ ярьж байна уу? эсвэл бүх намыг ярьж байна уу?

3. Та өмнөх Засгийн газарт байсан. Тэднээс үргэлжлүүлж ажиллуулах хүн бий юу? Бий бол нэрлэж болох уу?

4. АТГ, Прокурор хараат болсон. Үүний эсрэг хэрхэн ажиллах вэ?

 

А.Бакей:

УИХ-ын 68 дугаар тогтоолтой холбоотойгоор УИХ-ын зарим гишүүн уг асуудлыг эргэж харах санал тавьсан. Гэхдээ байнгын хорооны ирц бүрдээгүй тул хуралдаагүй.

Ч.Сайханбилэг:

АН-ын ҮЗХ-оос УИХ-д суудалтай бүх намуудтай зөвшилц гэсэн үүрэг өгсөн. Намууд Засгийн газарт орох эсэх нь өөрсдийнх нь асуудал. Хуулийн шинэчлэлийн асуудлыг үргэлжлүүлнэ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хуулийн дагуу хийнэ.

 

Л.Эрдэнэчимэг:

 Хотын захын гэр хороололд амьдрал үнэхээр хэцүү байна. Тэд нэг л юм асуудаг. Тэтгэвэр хэзээ нэмэх вэ? гэдэг. Тэтгэвэр нэмэх талаар ямар арга хэмжээ авах вэ?

Ч.Сайханбилэг:

Эдийн засгийн өсөлт огцом саарсан байгаа. Иймээс бид үүнийг зогсоох ёстой байгаа. Ирэх жил 500 тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа. Үүнийг нэмнэ.

 Г.Баярсайхан: Шинэчлэлийн Засгийн газрын ямар ажлуудыг цаашид хэрэгжүүлээд явах вэ? Үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжлэх үү? Эрүүл мэндийн салбарт хувьчлал хийх үү?

Нэр дэвшигч Ч.Сайханбилэг: Шинэчлэлийн Засгийн газрын шийдлийг хадгалж ажиллахаас өөр аргагүй. Үнэ тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлнэ. Гэхдээ төр болон төв банкны оролцоог байхгүй болгоно. Нийгмийн салбар дахь хувьчлал, тэр дундаа эмнэлэг, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шийднэ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 2015 оны төсөв бол хямралаас гарах төсөв биш ээ. Төсөв дээр хэрхэн ажиллая гэж бодож байна вэ?

Нэр дэвшигч Ч.Сайханбилэг: 2015 онд орлого бүрдэхгүй бол царцаахаас өөр аргагүй болно.

 

Г.Уянга: Би дэмжихгүй байгаа. Нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсөөд ороод ирлээ. АН-ын ҮЗХ төрийн дээр болж байгааг энэ явдал харуулж байна.  Нөгөөтэйгүүр өнөөдөр Монгол улсын ҮАБЗ-ийн 3 гишүүн бүгдээрээ АНУ-д төгссөн, неолиберализмийн төлөөлөгчид болж байна. Мөн таны найз С.Баярцогт та хоёр Оюу Толгойн асуудлыг шийдэх зорилготой томилогдож байгаа юм уу гэж их айж байна. Ч.Сайханбилэг та томилогдох нь томилогдох бололтой. Гэхдээ та аль хэдийн ялагдаад томилогдож байна. Оюу толгойн луйврыг үргэлжлүүлнэ гэвэл би өөрөө огцруулах санал гаргана.

 

Ч.Сайханбилэг: Цаашдаа багаараа бид хамтарч ажиллана.  Оюу Толгойн төслийг шийдэж байж эдийн засгийн хямрал шийдэгдэнэ.

 

М.Батчимэг: Сайд нар протоколгүй гадны хүмүүстэй уулзаж байна. Протоколгүй гадныхантай уулздаг энэ үйдлийг таслан зогсоож чадах уу?

Ч.Сайханбилэг: Хуулийн дагуу явуулдаг болно.


З.Баянсэлэнгэ: Ч.Сайханбилэгийг дэмжиж байна.  Одоо бид том том юм ярьдгаа болимоор байна. Улс төрийн хямрал энэ тэр гээд. Харин бид шалтгаан, нөхцлийг арилгах чиглэлээр ажилламаар байна.  Хүмүүс Ч.Сайханбилэгээс маш олон зүйл асууж байна л даа.  Ч.Сайханбилэг гэхдээ ганцаараа энэ олон ажлыг хийж чадахгүй, хугацаа ч байхгүй. Харин бид хамтарч байж л чадна. Өөрөө алдаатай зүйл хийчихээд бусдыг алдаатай гэж хэлэх нь буруу. Цаашдаа энэ намаасаа, бүлгээсээ, хамтарч байгаагаасаа урвадаг явдлыг байхгүй болгомоор байна.

 

Ц.Даваасүрэн: Засгийн газар эзэнгүйдээд 3 яам төсөвгүй болсон байгаа. Тийм учраас би эзэнтэй болгохын тулд би дэмжиж санал өгнө. Маргааш гэхэд та төсвийн тодотголоо оруулж ирэх хэрэгтэй. Хүн төгс биш. Сайн удирдагч бол өөрийгөө нөхсөн сайн багийг бүрдүүлдэг. Оюу Толгой дээр бас надад эргэлзээ байгаа шүү.Ч.Сайханбилэг маш хүнд үед Засгийн газрыг хүлээж авах гэж байна. Нэг бол живнэ, эсвэл маш том лидер болж чадна.

М.Зоригт : Сайханаа бол ямар нэг фракцийн сонирхлыг хадгалаагүй гарч ирсэн хүн. Хамгийн гол нь багаа давхар дээлгүй, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх нь дээр шүү. Жишээ нь манай Сүхбаатарчууд Ж.Батсууриа өгөхөд бол бэлэн байна. Ж.Батсуурь бол хот байгуулалт, хөдөөгийн хөгжлийн асуудлыг босгоод ирж чадах хүн шүү, Сайханаа. МАН-ын гишүүд чуулганд орж ирэхгүй байгаа нь цаад талаараа Ч.Сайханбилэгийг дэмжиж байгаа хэрэг юм.

 

Д.Ганхуяг: Засаглалын тогтвортой байдал маш чухал байна. УИХ-ын гишүүн дангаараа ЗГ-ын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж болдог. Баялгийн сан, хуримтлалын сангийн тухай хуулиудыг батлах шаардлагатай.Улс төрийн намуудын санхүүжилт ил тод болоогүй цагт авилгатай тэмцэхэд хэцүү. Үүнийг хуулиар зохицуулах асуудал хүлээгдэж байгаа.

 


С.Одонтуяа: Өнгөрсөн 20 жилд Монгол улс хөгжөөгүй гол асуудал нь хариуцлага. Бүлэг дээр ч, нам дээр ч хариуцлагын асуудал ярихаар урвагчаар дууддаг.
 Бидэнд хариуцлагийн асуудал огт байдаггүй, ярьдаг ч үгүй.Бидэнд шоу хэрэггүй. Энэ олон найр наадамаа болих хэрэгтэй байна. Шоу хийддэггүй Засгийн газар байгаасай гэж хүсч байна.
Шүүх дээр байгаа маргааны 70-80 хувь нь төрийн буруу тогтолцооноос үүссэн байдаг. Төрийн тогтолцоог зөв шийдэх хэрэгтэй байна.

 


Д.Арвин: Сайдыг нь чөлөөлөөд явуулчихдаг. Доор нь нам, намын гар хөл болсон хүмүүс үлдчихээд, ажилд чөдөр тушаа болоод байдаг. Хоёр  хөрштэйгээ харилцах харилцааг цаашид зөв авч явах хэрэгтэйг нэр дэвшигч Ч.Сайханбилэгт хэлмээр байна.
Зөв зохион байгуулалттай ажиллаж чадах юм бол Монгол Улсад маш том боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна.


Ч.Улаан: Ийм хүнд үед Ерөнхий сайд болох зориг гаргасан УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг хүндэтгэж байна.Баруун тал хоосон байгаа нь дэмжлэг биш шүү. Энийг дэмжлэг гэж андуурах хэрэггүй. Монгол Улсын гадаад орчин таагүй байгаа нь үнэн.Засгийн газрыг төрийн бүх институци дэмжиж ажиллах шаардлагатай байна.


А.Бакей:  Шинэ Засгийн газрын тэргүүн зангарагтай, холыг харж, нам дотроо эв нэгдлийг хангаж ажиллах хэрэгтэй байна.Төрийн албаны шинэчлэл онцгой анхаарал хандуулах асуудал болж байна. Ухаалаг төрийн албыг төлөвшүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй.Монгол Улсын үндэстний цөөнх болох Казак түмэнд тулгамдсан асуудал их байна. Тэдний төлөө зөв шийдвэр гаргаарай гэж хүсч байна.

 

Л.Эрдэнэчимэг: Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төсөлд анхаарал хандуулж ажиллахыг хүсч байна.“Гудамж” төсөл маш сайн хэрэгжсэн. Гэтэл нийслэлд энэ нь таалагдаагүй. Нэг намаас гарчихаад бие биеэ дэмжиж ажиллаж чадаагүй.
Энэ хямралын үед хатуу шийдвэрүүд гаргахад бид дэмжиж ажиллана. Гэхдээ ахмадуудын тэтгэврийг нэмэх хэрэгтэй шүү.
Мөн шинэ Засгийн газар Нийслэлийн удирлагуудтай хэл амаа ололцож хамтран ажиллах шаардлага байна.

Ж.Батзандан: Ч.Сайханбилэг олон жил дарга, сайд хийж үзсэн, төрийн ажлын туршлагатай. АН-ын дүрмийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвшсэн.  Манай гишүүдийн дунд нэг үг байдаг. Унасан сайд ухаантай, сайдын нүд сарын дараа сохордог.Ерөнхий сайд болоод таны нүд битгий сохорчихоосой.Авилгаар авсан хөрөнгөө офшор дансанд шилжүүлж байна.Монгол төрийн олон шийдвэр Лондонд, Сөүлд, Вашингтонд гардаг болсон. Монгол төрийн шийдвэр Улаанбаатарт гардаг байгаасай.
Монголын баялаг Монголдоо үлдэх ёстой. Үүнийг анхаарч ажиллаарай.

 

УИХ-ын чуулганы санал хураалтанд нийт 44 гишүүн оролцож, 42 нь дэмжин, Х.Баттулга, Г.Уянга нар эсрэг санал өгснөөр   95.2 хувийн саналаар Чимидийн Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдлоо.




Шинээр томилогдсон Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг УИХ-ын индэр дээрээс хэлсэн үгэндээ:
"Шинэ Засгийн газар 3-н зүйлд гол анхаарлаа хандуулж ажиллана. 1-т Эдийн засаг, 2-т Эдийн засаг, 3-т Эдийн засаг.Шинэ Засгийн газар цаг хугацааны аль болох хурдан гэсэн хэмжүүрт ажиллана.Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх тал дээр бид хамтдаа ажиллаж ирсэн байна.Одоо улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болсон байна.Долларын өсөлтөд сар бүр 100 сая ам.долларын дарамт үзүүлдэг шатахууны асуудлыг шийдэх хэрэгтэй байна.Бид хямралаас хувийн хэвшлээ дэмжсэн бодлогоор гарна.Бид тамын тогооны үлгэрээ орхиж, төр засгийн бодлогоор үндэсний том компаниудаа дэмжиж гаргах цаг нь болсон.Бид энэ хямралаас ойлголцол, шийдэл, зүтгэл 3-аар гарч чадна.Яам тамгын газрынхан өнөөдрөөс эхлэн үндсэн ажилдаа ханцуй шамдан орох болно." хэмээсэн юм.