sonin.mn

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” алдагдалтай ажиллаж буй нь эзэн оросуудынх нь санааг ихээр зовоож эхэлжээ.

Тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн дэд ерөнхийлөгч В.Н.Морозовоос УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндоржийн нэр дээр нэгэн албан бичиг ирсэн байна.

Удирдах дээд байгууллага нь учраас Ерөнхий хорооноос бичиг ирэх нь байдаг л асуудал. Үүрэг даалгавар өгнө, үйл ажиллагааных нь талаар санал дүгнэлт хэлнэ гэхчилэн албан бичиг бол мэдээж тасрахгүй. Гэхдээ өнгөрсөн сарын 31-нд гэсэн огноотой уг бичиг бусдаас арай ондоо.

Өөрөөр хэлбэл, УБТЗ гэж хамтарсан байгууллага  ашиг олох нь байтугай алдагдалдаа тээглэж уначихаар ноцтой байдалд ороод буйд хувь нийлүүлэгчийн хувьд санаа ихэд чилж, цаашид авах арга хэмжээний талаар нухацтай ярилцахгүй бол энэ хэвээр үргэлжлэх боломжгүй болсныг сануулсан утгатай байж.

Ноён В.Н.Морозовын онцолсноор энэ оны эхний есөн сарын санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлангаас үзвэл УБТЗ-ын алдагдал 17 тэрбум төгрөгөөр үнэлэгдэхээр байгаа аж.

Тиймээс ойрын хугацаанд Ерөнхий  хорооны хурлыг зарлан хуралдуулах бөгөөд уг хуралд оролцохоор Г.Сэрээнэндорж даргыг ажил хариуцсан албатуудынхаа хамт Москвад ирэхийг даалгажээ.

Мэдээж гар хоосон ирж болохгүй. Өнгөрсөн есөн сарын ажлын тайлан, он дуустал ажиллахад нөхцөл байдал яаж өөрчлөгдөх, 2015 оны төсөв төлөвлөгөөнийхөө талаар нарийн нямбай мэдээлэл бүхий илтгэл бэлтгэж ирэхийг үүрэгдсэн байна.

Ерөнхий хорооны хурлын тов хараахан тодорхой болоогүй ч хэлэлцэх асуудал нь ийн ойлгомжтой болжээ. Алдагдалтай ажиллаж байгаа хамтарсан байгуул­лагаа яах вэ гэдгийг Ерөн­хий хорооны гишүүд хэ­лэл­цэж, шаардлагатай арга хэмжээг авах юм билээ.

Ирсэн бичгийн дагуу манай дарга нар илтгэл тайлан бэлтгээд завгүй суугаа биз. Гэхдээ алдагдал чухам юунаас болов, түүнийг нөхөх арга зам юунд байна вэ гэдэг дээр ямар тайлбар тавих бол гэсэн жиг жуг Төмөр зам хавиар нэлээд сонин сэдвийн нэг болон өрнөж байна.

Тухайлбал, энэ оны алдагдлын дийлэнхийг үүсгэсэн “Railbus” гэж өрний тулмын талаар орос эзэддээ чухам яаж тайлбарлах нь төмөр замчдад сонин байгаа бололтой. “Railbus” уг нь цаг хэмнэсэн, хурдан түргэн сайхан л унаа юм билээ.

Хүн ам олонтой хот суурин газарт нийтийн тээвэрт явдаг энэ унааг УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэхээр оруулсан хөрөнгөнөөс 3,9 сая ам.доллар гарган ОХУ-аас худалдаж авсан ч Улаанбаатарт ашигтай байж чадаагүй. Нийслэлийн нийтийн тээврийн нэг мөчир болж зургаан сар нааш цааш давхихдаа хоногт ердөө 70 мянган төгрөгийн орлого олж байсан гэх юм билээ.

Ашиг олох байтугай алдагдал нь дийлдэхээ больсон учраас эцэст нь хот дотор биш хот хооронд явуулж эхэлсэн. Өдөртөө нэг удаа Дархан орчихоод ирж байгаа “Railbus”-аар зорчиход тасалбарын үнэ нь 27500 төгрөг. Галт тэрэгнийхээс хамаагүй өндөр үнэтэй учраас зорчигч урсгал санаснаар нь нэмэгдэж чадахгүй л байгаа гэсэн. Үнийг нь буулгаж болдоггүй юм уу гэхээр хэний ч юм бэ бизнес хамт яваа учраас гацчихаад буй гэх яриа бий.

Энэ нь зорчигчийн тасалбар тутмаас “Тэгш катеринг” гэж компани авдагтай холбоотой байж мэдэх аж. Тус компани “Railbus”-аар зорчигчдын хоолыг бэлтгэж нийлүүлснийхээ төлөө тасалбар тутмаас 5000 төгрөг авдаг. Энэ мөнгө өдөртөө “Тэгш катиранг”-ийн дансанд орж байдаг. 

Уг нь УБТЗ катерангийн үйлчилгээ эрхэлдэг “Ганзам” зэрэг мэргэшсэн байгууллагатай ч чухам ямар шалгуураар “Тэгш катиранг” гараад ирснийг дарга нар нь л тайлбарлаж чадна. Хамгийн сонирхолтой нь зорчигчдод  өгч буй хоолтой хамт тараагддаг амны цаас нь “Mongolian airlines” гэсэн агаарын тээврийн компанийн шошго тэмдэгтэй байдаг.

“Mongolian airlines” нь өмнөх засгийн үед бөөн дуулиан болж, дарга захирлуудаа шоронд илгээсэн компанийн нэр учраас “Тэгш катеринг”-ийн эздийг тэндээс хайх хэрэгтэй гэх хүн ч таарсан. Мөн УБТЗ-ын удирдлагууд нэмж дахин нэг  “Railbus” авах шийдвэр гаргасан нь чухамдаа энэ “Тэгш катеринг”-ийн бизнестэй хамаатай байж магадгүй гэх хардлага ч байдаг юм билээ.

УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор оруулсан 125 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас мөнгө гаргаж авсан гэж буй холбооны тоног төхөөрөмжийг техникийн хувьд шаардлага хангахгүй, хоцрогдсон хэмээн Зам тээврийн сайд А.Гансүх шүүмжилж, энэ наймааг зогсоохыг шаардаж шүүхэд хүртэл заргалдсан байх. Асуудал хэрхэн шийдэгдсэн талаар мэдээлэл алга.

Ах нарыг айлгасан алдагдлын бас нэг суваг нь сэлбэгийн бизнес. Гэхдээ үүнийг хавтгайдаа хийгээд хүссэн хүн бүхэн ханцуй дотроо наймаалцаад байдаг ч юм биш гэнэ. Гол эрх цөөн хүний хүрээнд байдаг.

Улаанбаатар вагон депогийн дарга, Улаанбаатар төв буудлын дарга гэж хоёр эрхэмд сардаа нэг тэрбум хүртэлх хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрхийг олгодог нь сэлбэг хэрэгслийг нийлүүлэх, ашгаа хуваах сүлжээ маягийн зүйлийг бий болгосон гэж харддаг. 

Үүнийхээ төлөө хэрэгтэй албан тушаал бүрт өөрийн гэсэн хүмүүсийг томилуулах замаар сүлжээгээ улам бүр зохион байгуулалттай болгодог тул алдагдлаа бууруулъя гэвэл энэ сүлжээг задлах ёстой гэсэн саналыг жирийн төмөр замчид ч хэлж байна.

Алдагдлыг хамжааргагүй өсгөж буй өөр нэг салаа нь УБТЗ-ын Хангамжийн газар. Үе үеийн замын дарга нарын халаасны хүн очдог энэ албан тушаалд Ерөнхийлөгчийн төрсөн ах Ц.Арсландоржийг санал болгож байсан. Гэвч Ерөнхийлөгч дүү нь зөвшөөрөөгүй учраас Ц.Арсландорж томилог­донгуутаа чөлөөлөгдөж тоглоом шоглоом шиг зүйл болоод л өнгөрсөн.

Гэхдээ удалгүй энэ суудал эзэнтэй болсон. Вант улсад хэрэгтэй бас хэрэгцээтэй байж болох бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ өөр юу байдаг юм бүгдийг нь нийлүүлж, дутааж гуцаахгүйгээр амьдруулах үүрэг хүлээсэн Хангамжийн газрыг томилогдсон дарга нар нь тос дүүрэн тогоо гэж хараад байдагт асуудлын гол оршдог ч гэдэг. Өөрөөр хэлдбэл, төмөр замд хангамж дээр дөрөөлсөн бизнесийн алтан гурвалжин тун ч ашигтай ажилладаг гэх юм билээ.

Тэгэхээр алтан гурвалжинг биш УБТЗ-ыг ашигтай байлгахын тулд энэ сүлжээг ч  үгүй болгох хэрэгтэй учир Ерөнхий хорооны хурлаас өмнө шийдэх асуудлын нэг Хангамжийн газарт хийх өөрчлөлт байх хэрэгтэй гэдгийг Г.Сэрээнэндорж дарга мэдэж байгаа биз ээ.

Энэ оны 17 тэрбумын алдагдалд УБТЗ-ын төв оффист хийсэн гэх засварын ажил жин дарж таарна гэсэн. Эх сурвалжийн дуулгаснаар УБТЗ албан конторын ханаа гипсээр хийлгэж үүнийхээ төлөө 500 сая буюу хагас тэрбум төгрөг төлсөн юм байх. Гардаж ажилласан нь Аж ахуйн дарга Өлзийтогтох, Эрдэнэмөнх гэж хоёр нөхрийг гэнэ.

Өлзийтогтох нь өмнөх дарга Т.Очирхүүтэй нийлж МАН-ыг хөрөнгө мөнгөөр дэмжсэн хэмээн хардагдаж АТГ-ын хаалга татаад амжсан нэгэн. Түүнээс өөр хүн бол өдийд хэдийнэ гудамжинд гарсан, сайн найзын дэмжлэгээр ашигтай суудалд айхавтар бат бөх тухалж авсан хүн дээ хэмээн Өлзийтогтох даргыгаа магтах матахын хооронд төмөр замчид ярьдаг л юм. Түүнд тус болдог найз нь УИХ-д сууж байдаг юм гэсэн.

Түүнээс гадна 70 сая ам.доллараар Оросоос авсан дохиолол холбооны төхөөрөмжийг ч энэ алдагдалд оруулж тооцох ёстой гэх хүн байна. Учир нь УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх зорил­гоор оруулсан 125 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас мөнгө гаргаж авсан гэж буй холбооны тоног төхөөрөмжийг техникийн хувьд шаардлага хангахгүй, хоцрогдсон хэмээн Зам тээврийн сайд А.Гансүх шүүмжилж, энэ наймааг зогсоохыг шаардаж шүүхэд хүртэл заргалдсан байх. Асуудал хэрхэн шийдэгдсэн талаар мэдээлэл алга. Нэг үгээр таг чиг болсон.

Алдагдалд айхавтар их биш юм гэхэд жингийн туухай нэг тал руугаа дарахад нөлөө үзүүлэх өөр нэг зүйлийн талаар энд дуугарахгүй өнгөрч болохгүй юм. Төмөр зам бол мэргэжлийн салбар. Гэтэл энэ рүү улстөрчид энэ рүү гар хөлөө гүн гүнзгий дүрэх хүсэлтэй байдаг нь нууц биш. Тиймдээ ч УБТЗ гэж мэргэжлийн байгууллагыг нэг үе Сангийн сайд байсан улстөрч удирдаж байв.

Шалтгаан нь ердөө ганц. Төмөр замын гэх вант улсаас намдаа татаас авах, намын нөхдөө тэжээхийн тулд шахааны томилгоо хийдэг. Хэдийгээр одоо УБТЗ мэргэжлийн хүнээр удирдуулж буй ч улс төрийн шахаа байсаар л байгаа.

Замын даргын зөвлөх гэдэг албан тушаал дээр МАН-ын тэтгэвэрт гарсан өвгөд Р.Раш, Бямбажав, Байлыхүү нар сууж сар бүр энэ айлын төсвөөс 800 мянгаас 1,2 сая төгрөг цалин нэрээр авчихаад бас болоогүй ээ унаа машин, орон байр, утасны хангамж эдлээд сууж байгаа.

Энэ мэтээр Улаанбаатар төмөр зам зах зээлийн жамаар алдагдалд орж ашиггүй ажиллаад байгаа юм биш. Зорчигч урсгал, ачаа тээвэр аль аль нь буурч багассан байж болно. Хаа сайгүй хямрал нүүрлээд буй энэ цагт үүнийг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ хямралаас гадна вант улсаас тэжээгддэг бусад бизнесийг зогсоохгүй бол сэхэхэд хэцүү байдалд орж сөхөрч унах вий гэдгийг удахгүй болох Ерөнхий хорооны хурлаар ярилцах аж. 

Үнэндээ энэ асуудлыг шийдэхгүйгээр ирэх онд цаашлаад 2020 он хүртэл хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн УБТЗ-ын техникийн шинэчлэлийн үр дүнгийн талаар ярих боломжгүй болж мэдэх юм байна.

Д.Содон

Эх сурвалж: