sonin.mn

2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, Москва хотын Думын дарга Алексей Шапошников тэргүүтэй депутатууд Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

“Уулзалтын үеэр Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Д.Баттулга сүүлийн жилүүдэд ОХУ-ын нийслэлд хот төлөвлөлт, газар ашиглалт хэрхэн явагдаж байгаа талаар болон эрүүл мэнд, байгаль орчин, залуучуудын бодлогын тухайд сонирхон ярилцав.

Уулзалтын дараа Алексей Шапошников “Бид цаашдын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тиймээс бүх талаар хамтран ажиллах болно. Хоёр орны нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилд саад учрахгүй. Хэлэлцэж тохиролцсоны дагуу Москва, Улаанбаатарын хооронд “ногоон” гэрэл үйлчилнэ. Москва монгол нөхөддөө тусламжийн гараа сунгахад хэзээд бэлэн байна.

Улаанбаатар хотын дэд бүтцийг ЗХУ болон ОХУ-ын инженерүүд барьж байгуулсан бөгөөд өнөөдөр түүнийг шинэчлэх шаардлага тулгарсан учраас Монголын төлөөлөгчид Москвад ирээд байна. Бид Улаанбаатарыг орчин үеийн нийслэл болоход нь туслана” гэлээ.

Хамтран ажиллах гэрээнд Улаанбаатар хотоос Москва руу газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, хот суурин газрын бодлого чиглэлээр хүмүүсийг сургалтад хамруулах боломжийг зааж өгсөн. Энэ нь бидэнд маш чухал асуудал юм хэмээн Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга хэлэв. Мөн тэрээр “ОХУ-тай харилцах харилцаагаа улам батжуулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм гэж нэмж хэлэв.

Дашрамд дурдахад, арваннэгдүгээр сарын 14-нөөс ОХУ, Монгол улсын иргэд харилцан визгүй зорчихоор болсон. Эхний монголчууд Москвад визгүй зорчсоны нэг нь Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байлаа.