sonin.mn

Уг нь УИХ дахь эрх баригч АН, сөрөг хүчин МАН-ын бүлгийн хурал төрийн ордны “А”, “Б” танхимд хуралдахдаа хаалган дээрээ харуул манаач зогсоож, урдуураа улаан хөлтөн гишгүүлэхгүй санаатай сүрхий сүржин болдогсон.

Тэгтэл дэлхий тэнхлэгээ буруу эргээд байгаа аятай хачин жигтэйхэн юм өчигдөр болдог юм байна. Хаалгаа тас барьж байгаад шивнэлдэх нь холгүй хаалттай, нууц болдог сөрөг хүчний бүлгийн хуралд АН-ын дарга З.Энхболд Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг хөтлөн орж МАН-ын бүлгийн гишүүдийн хорлонтой асуултад хариулан яг л даалгавараа хийгээгүй хүүхэд багшийнхаа өмнө тонгойн зогсох шиг юм болов.

Сэм сэмхэн, хаалттай хаалганы цаанаас алдагдаж байгаа мэдээллээр бол Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын МАН-ын амбиц ихтэй залуухан гишүүд Ч.Сайханбилэгийн зовлонг их л сүрхий ойлгож байгаа бололтой “хамтарвал ч хамтарчихъя, сайд болохоос ч татгалзахгүй” гэдгээ битүүхэн ойлгуулаад байгаа дуулдав. Харин Д.Оюунхорол, Ц.Нямдорж, Н.Энхболд нарын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг болгож өгч байгааг ч шивнээтэхэв.

Эрх баригч АН-ынхан “лам” эрж сураад олохгүй, аргаа бараад буцахдаа МАН-ыг царайлчлан залж байгаа нь энэ. Одоогоос хоёрхон жилийн өмнө нэг нүдээрээ хялайж ч харалгүй дэргэдүүр нь салхи татуулаад гарч байсан өнөө муу МАН нь өнөөдөр авралын элч болж, АН-ыг өмнөө тонгойлгоод зогсоочихлоо. АН-ын дарга “хатуу самар” З.Энхболд ч эрээ цээрээ алдаж “Зөвшилцөх санал” гээч хадгаа МАН-ын бүлэгт дэлгээд барьчихсан.

Ер нь эрх баригч АН-ын хувьд Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар батлуулж, тал хагас ч гэсэн эрх мэдлийн үзүүрээс атгахын тулд яг одоохондоо чөтгөр, шуламтай ч тас тэврэлдэхэд бэлэн болжээ.

Одоо тэдэнд ичиж нэрэлхэх юм, өөрийн гэсэн үнэт зүйл юу ч байхгүй болсон. Ер нь худлаа үнэн АН, МАН, МАХН хэмээн хэд хуваагдаж, ээлжлэн Засгийн эрхэнд сууж, хуйвалдан хулгайлж идэхээр аав, ээжийгээ ч арилжихаас наахнуур авирлаж байхаар шулуухан МАНАН болон нэгдэж, ирэх 12 дугаар сарын 8-нд болох их хурлаараа “Хаа ч явсан цуг гэж мэдээрэй” хэмээн хоолой нийлүүлэн хашхиралдацгаавал яасан юм бэ.

Өнөөдөр үнэн хэрэгтээ АН, МАН нэртэй л болохоос бус хөшигний ард тас тэврэлдэж эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгийн хуваарилалт, хулгайлж, луйвардаж болох бүхнийг хамтран дээрэмдэж байгаа энэ хоёр нам шулуухан нэгдчихвэл ядаж л ард түмэн хоёр хулгайчыг бус, ганц том луйварчинтай эцэст нь тооцоо бодоход илүү хялбар болно.

Тэдний хувьд эрх мэдэл, эд баялгийн төлөө суурин дээрээ хэд эргэж, юу ч хийхээс буцахгүй болсон нь хоёрхон жилийн өмнөх байдал өнөөдөр ор тас алга болсноор тайлбарлагдана. МАН-ын бүлгийн гишүүн Ч.Хүрэлбаатар “түйтэр”-ээр “АН-аас манай намтай Ч.Сайханбилэгийг зөвшилцөхөөр бичиг ирүүлжээ.

2012 онд Н.Алтанхуягийг томилох үед тэд МАН-тай зөвшилцөх шаардлагагүй гэж байсан санагдана” хэмээн жиргэсэн байна лээ. Зөвхөн энэ жиргээнээс харахад л АН үнэнхээр “аргаа барахдаа аавынхаа толгойг маажив” гэгч нь л болж байгаа юм байна. Саяхан халаагаа өгсөн Н.Алтанхуяг “Яаж ч байсан МАН-тай эвсэхгүй” гэснээсээ болж гөвшүүлсээр байгаад өндөр сэнтийгээсээ буусан.

Уг нь шазруун, хэнэггүй даргынхаа шийрийг хатаавал Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг МАН-ыг дээрээс нь харж, дооглон инээж явах учиртай хүнсэн. Гэтэл тэрээр өнөөдөр юу яасан дээрээс нь харах манатай ёстой л 75-аар буун өгч, хоёр гараа унжуулаад М.Энхболд, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Ц.Нямдорж нарын зугааг гаргаад өмнө нь зогсож байна.

Түүний энэ аргаа барсан үйлдэл, хоолойгоо цахиртуулсан учирлал нь өөр юуны ч төлөө бус зөвхөн эрх мэдлийг гартаа атгаж үзэх гэсэн хязгааргүй их хүслийнх л золиос билээ. 20 гаруй жилийн өмнө “Та сувгаа битгий солиорой” хэмээн аргадах гуйхыг хослуулж явсан түүний өнөөдрийн аргаа барсан үйлдлийг монголчууд харин ч нэг сувгаа солилгүй үзэцгээлээ.

Эрх мэдлийн төлөөх эрээ цээргүй наймаалцал, албан тушаал, авцаа өгцөөний тохиролцоо хэрхэн ил цагаандаа гарсныг монголчууд үзлээ, харлаа. Одоо тэд хоёрын хооронд нууж хааж, хөшигний ард наймаалцаж байхаар ядаж л хэнийг аль яамны сайд болгохоор тохиролцсон, түүнийхээ төлөөсөнд ямар наймаа хийснээ хагас хугас ч болов зарлачих хэрэгтэй.

Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгийн залуухан гишүүд “Давахгүй гэсэн даваагаар гурав, дөрөв давж” Ч.Сайханбилэгийн тэргүүлэх Засгийн газарт сайдын сэнтийд заларч магадгүй дуулдаж эхэллээ. Лав л Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр бас бус нөхдийн нэрс сонсогдож байгаа аж.

Түүнээс гадна МАН-ын бүлгийн хурлаас З.Энхболд, Ч.Сайханбилэг нарыг гараад явангуут МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж эхэлжээ. Тэд ч бас “тийм амархан дөрвөн сайдынхаа квотыг тавьж өгөхгүй” гэцгээх нь тодорхой.

Нөгөөтэйгүүр Н.Энхбаяр дарга нь өдийд бүхнийг алсаас ажиглан харж, дуулж мэдэн захиа даалгавар өгч суугаа нь тодорхой. Ямартай ч хачин жигтэйхэн холимог хуурга шиг “Их эвлэрлийн” нэртэй их идэж уух, асгаж савируулах ид шидтэй, ямар ч хараа хяналтгүй дур зоргын Засгийн газар эмхлэн байгуулагдах эхний алхмууд маш амжилттай хийгдлээ. Одоо гол хөзрүүдийг АН бус МАН-ынхан атгаж сууна.

Тэдний үзэгний үзүүр хөөрхий Ч.Сайханбилэгийн хувь заяаг шийдвэрлэнэ. Ер нь ингэж улстөрийн эмгэнэлт инээдмийн жүжиг тоглож байхаар тас харанхуй “МАНАН”-гаа эртхэн байгуулсан нь дээр бус уу, эрхэм З.Энхболд, М.Энхболд тэргүүнүүд ээ.

Харин тэр хамтран хулгайлах, хувааж идэх, бүлэглэн наймаалцах зэрэг наад захын ажлаа сураагүй юм биш Засгийн газраа хамтран байгуулсныхаа дараа хийж болно шүү дээ эрхэм дарга мяндагтангууд аа.

Д.Түвшин

Эх сурвалж: