sonin.mn
Манай уншигчид Казахстаны зохиолч, түүх судлаач, эрдэмтэд Монголын түүхийг гуйвуулж, Өвөг дээдэс Чингис хааныг минь хүртэл казахын дээдэс гэж нотолж байгааг сонссон, уншсан, үзсэн байхаа. ОХУ-ын Түүхийн ухааны доктор, дорнод дахины угсаатны зүй судлаач Владимир Хандрусай яг энэ сэдвийг хөндөн тулхтай нийтлэл бичсэнийг сийрүүлэхийн ялдамд санаа бодлоо хавчуулан та бүхэнтэй хөөрөлдөе. Дашрамд нь би казахын эсрэг үзэлтэн бус, доор өгүүлэх зүйлс манай казахуудтай ямар ч холбоогүй юм шүү гэдгийг хэлье. 
 
Казахстаны төр, засгаас улс орноо хөгжүүлэх, ард түмнээ нэгтгэн нягтруулахаар  Мангилик ел гэх номлол боловсруулан хэрэгжүүлж буй билээ. Шинэ тутам улсын хувьд тулгардаг нэг бэрхшээл нь замнаж ирсэн түүх, гарал үүслийнхээ хар, цагааныг ялгаж салгахын зэрэгцээ улс, үндэстнийг нэгтгэн нягтруулах, ард түмнээ хөгжилд уриалан дуудах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэхэд  нэн шаардлагатай үндэсний хүсэл, эрмэлзлийг өдөөх хэрэгцээ байдаг. Казахстан Улс ч үүнийг тойрсонгүй,  түүхээ ахин бичиж байна. Гэхдээ. . . .
 
В.Х (Владимир Хандрусай) Казахстаны түүх судлал хэмээс хэтэрч, өнөөгийн ардчилсан Казахстаны албан ёсны түүх худал хуурмагаас үүдэж байна.
Крымыг ОХУ-ын бүрэлдэхүүнд албадан нийлүүлсэн нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд асан орнууд төдийгүй дэлхийн улс орнуудын өмнө тусгаар тогтнолоо баталгаажуулах асуудал сөхөн тавилаа. Харин Казахстанд энэ асуудал үндсэрхэх үзлийг урьд өмнө үзэгдэж харагдаагүйгээр дэвэргэж орхив. 1990 онд ЗХУ задрах үеэр дагуул улсуудад үндэсний омогшил буцлан оргилоод намжсан бол Казахстанд өнөөдөр хүртэл даргилсаар байна. 
 
Казахстаны тусгаар тогтносон үйл явц бусад дагуул улсуудынхаас огт өөр юм. Литва, латви, эстон, гүрж болон бусад олон ард түмэн 10 шахам жил тэмцэж, эрх чөлөөгөө цусаараа, баатарлаг хүвүүдийнхээ амиар олж авсан бол харин казахуудад Москва тусгаар тогтнолыг нь “дийзэн дээр тавьж, аваарай” гээд өгчихсөн юм. Тэгээд ч ЗХУ-ыг задрах хүртэл энэ улсын жирийн иргэнээс эхлээд удирдагчид нь хүртэл тусгаар тогтнох бус яавал тарж бутрахгүй байх вэ гэж ихээхэн  хичээж байсан. Хорин хэдэн жил өнгөрсний хойно л Казахстаны удирдагчид Ельцины бэлэглэсэн эрх чөлөөг ард түмэн нь ойшоохгүй байгааг олж харжээ. 
 
Казахын түүхч, угсаатны зүйч, хэвлэн нийтлэлч нар Казахын үндэсний үзлийг дэлгэрүүлэх амин сүнс нь казах гаралтай Чингис хаан гэж харж, бичиж байна. Би энэ “таавар”-ын хариуг өмнө нь Аsiarussia.ru  цахим хуудсанд нийтлэгдсэн Казахууд түүхээ яагаад шинэчлэх болов нийтлэлээрээ өгсөн. Казахстаны эх орончид, угсаатан судлаач, түүх зохиогчдын цухлыг хүргэхгүй тулд ерөнхийлөн өгүүлье.
 
1. Таван тив, дөрвөн далайд хэн ч мэдэхгүй үндэстэн, улсын нэн шинэ аугаа түүхэнд тохирох сод, түүхэн дүрийг олж нээх. Гэхдээ заавал хэн бүхий мэдэх түүхт хүн байх ёстой гэсэн агуулга бүхий эрх баригчдын захиалга. 
 
Казахстаны “эх оронч” цахим сайтуудад Ерөнхийлөгчийн зарлигийн далд утга, хэрхэн, түргэхэн үндэсний баатартай болох арга замын талаар хаа сайгүй бичсэн нь таарна. Казахын овог аймгууд эртний овог аймгуудаас ялангуяа Хар Киданаас гаралтай болохыг баталсан бүтээлд Казахстаны түүх судлалын шагнал олгохоор мэдэгдээд байна. 
 
 
 
 
 
 
(Чингис хаан Казахын султан, хаадын шууд дээд  өвөг болохыг харуулсан ургийн бичиг)
 
 
 
 
(Чингисын угсааны казах хаадын ургийн бичиг)
 
 
Чингис хаан Казахын султан, хаадын шууд дээд өвөг болохыг харуулсан ургийн бичиг Н (Нийтлэлч). Гэтэл Хар Кидан Улс чинь Сүмбэ Улс унах үед Амбагай хааны 8 дугаар үеийн ач Елюй Дашийн байгуулсан язгуурын монгол угсаатны улс байсан. 
 
В.Х Өнөөдөр Казахстаны нэн шинэ түүхийг зохиож буй идэрхэг хавархаг түүхчдэд дээрээс нь “. . .бидний түүхэнд сод хүн алга. Иймд аль болох түргэн баатар төрүүлэх хэрэгтэй. Эсвэл эртний баялаг түүхт ард түмнээс хулгайл” гэж зааварлаж байна. 
 
2. Чухам яагаад Чингис хааныг сонгов. Нэг талаас Азийн ард түмний дунд Чингис хаанаас илүү хэн ч үгүй. Нөгөө талаас өнөөгийн боловсон монголчууд тэдэнтэй булаацалдаад байхгүй (Н. монголчуудыг жаахан явуулж байх шиг байна). Араб, перс зэрэг лалын шашинтнуудаас туучихаж болох ч тэд бөөрийг нь гаргачихна л даа. 
 
 
Ганц казахууд ч худал юм хум зохиох гэж ам хэл нь загтнадаг юм биш.Эдний хөршүүд ч 1990-ээд оны үед өнөөдрийн казахууд ч атаархам “ташуурам сайхан” “түүх”, “домог” зохиож байсан юм. Ер нь Төв Азийн улс орнуудын үндсэрхэх үзлийн номлол нь ямар нэгэн сод зүйлд үндэслэдэг.Тухайлбал, Туркмены ард түмний эцэг, мөнхийн Ерөнхийлөгч  Сапармурат Атаевич Ниязов  улсынхаа ШУА-ийг тарааж, эдүгээ 8 настай балчираас 80 настай буурал хүртэл олон жил уншин судалж буй Туркмен Улс,  үндэстнийн аугаа их түүх, туркмэнчүүдийн оюун санаа, хүч чадлыг  хэрхэн хөгжүүлэх тухай “Рухнам” гэх хоосон  баримт, үлгэр домогт тулгуурласан зүйл бичсэн юм.  Ниязовыхаар бол  Туркмены түүх 6000 жилийн өмнө амьдарч байсан гэх, үлгэр домгийн хаан Огузаас эхэлсэн болж байна. Башизмын үзэл санааг үндэслэгч Азербайжаны Ерөнхийлөгч  Алиев ч мөн адил. 
 
Казахуудын дээрх судалгаа, шинжилгээнд Монголын эсрэг үзэл нэвт ханхалж, казахын овог, аймгуудтай холилдсон монгол овгуудын гарлыг илтээр мушгин гуйвуулж, хэргээр түрэг (Н.Одоогийн туркуудтай андууравзай) угсаатан гэж бичиж байна. Арай л түрэг-казах гэсэнгүй. Казахууд Модун шаньюй, Атилла хаан, Хатан хаан Томирис, Артур хаан, Чингис хаан түрэг төдийгүй казах гаралтай тухай хэдэн арван ном, хэдэн зуун нийтлэл ийхийн зуургүй бичиж, хэвлэв. Энэ талаар тэд хөршүүдээ хол хаяжээ. 
 
 
 
 
(Хэдэн зуун худал, хуурмаг номын нэг)
 
 
 
 
 
 
(Чингис хааныг 2 дахь мянганы сод хүнээр өргөмжилсөн ЮНЕСКО-ийн шийдвэрийг эвтэйхэн ашиглаж, Түрэг-Монголын аугаа их Эзэнт Улсыг үндэслэгч, генералиссумус, ЮНЕСКО-оос 2 дахь мянганы сод хүнээр шалгарсан ЧИНГИСХАН гэжээ)
 
Мөн нутаг оронд нь харийн түрэмгийлэгчид халдан довтолсон хүнд хэцүү цагт үед эх орноо өмгөөлөн байлдан тулалдаж асан баатар эрсийн тухай хэд хэдэн кино хийжээ. Казахын түүхийн сод удирдагчаар тодроод буй Абулхаирын талаар зүүнгарынхантай хийсэн тулалдааны үеэр Абулхаир цэрэгтэйгээ ирэхэд тэрслүү зүүнгарууд сүүл хавчин дутаадаг гэж бичиж байна. Гэтэл Абулхаир нь Зүүнгарт бут цохигдон шившигтэйгээр хараат болсон юм. (Н. Абулхаирын нэгэн тулалдаанд оролцсон тухай миний бие өмнө бичсэн нэг нийтлэлдээ дурьдаад өнгөрсөн болно. Хүсвэл http://id.news.mn/content/149223.shtml хаягаар уншиж болно. Энэ кинонуудынх нь санхүүжилт нь Холливуудын томоохон найруулагч ч атаархмаар өндөр, гол дүрд гадны нэртэй жүжигчид тоглодог) Удалгүй зарим нүүдэлчин, малчин овог үхээнц баатар Абулхаирыг хаяж одон, узбек, казахын хэдэн өөдгүй овог л үлджээ. Мөн өөр баатад болох Жанибек, Гирей нар ч хэн болох нь түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. 
 
3. Залуу үндэстэн түүхэн домог зохиомтгой байдаг. Харин Казахстанд нь энэ нь үзэл сурталын хэмжээнд хүрчээ. Казахстаны Төрийн нарийн бичгийн дарга Марат Тажин (Н.2014 оны 2 дугаар сарын 11-нээс БНКазУ-аас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон) 2013 онд энэ сэдвийг хөндөж, төрийн мэдлийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд суртал, ухуулгын ажил хийж байна гэж хий хашгичихаа болих хэрэгтэй. Хийж буй юманд нь итгэх арга алга. Улс үндэсний түүхийн талаар гаргасан бүтээлийг нь эрх баригчид хараад ичмээр байна.  Тэд үзэл суртлын ажлыг улам гүнзгийрүүлэх, эрчимжүүлэхийг шаардаж байгаа болно. Өргөн олныг хамруулах хэрэгтэй гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн байна. Prudent Solutions гэх судалгааны байгууллага Казахстаны үзэл суртал домог судлалд тулгуурлаж байгааг тогтоожээ. Угсаатны зүйч, эрдэмтэн Тулебаев Эртний дэлхийн түүхийн сурах бичигтээ 18-19 дүгээр зууны казахын жузуудын түүхийг гайхаад баршгүй юм. Орос Улс олон овог, аймгуудаас бүрдсэн казахын жузуудыг хуваан бутаргасан гэжээ. Тэгэхээр казахуудын гол хоёр дайсан нь Орос, Зүүнгарын хаант Улс байсан болж байна. 
 
Н. Үүний эсрэгээр улайм цайм өдөөн хатгаж буй улс төрч ч байна. Казахстаны нэрт улс төрч Мырзатай Жолдасбеков саяхан тараасан “Өвөг дээдсийнхээ нутгийг бүү орхи” гэсэн уриалгадаа  “. . .Монголд бидний үндсэн хэсэг болох хэрэйд, найманы ах дүү нар амьдарч байна. Та нарын амьдарч байгаа газар нутаг бол бидний өвөг дээдсийн газар нутаг, та нар тийшээ нүүж очсон юм биш, тэнд монголчуудыг ирэхээс өмнө Хэрэйдын төр 9 огуз, Найманы төр 8 огуз гэж байсан. Эдгээр төр, улсуудыг казахууд бий болгосон. Монголд амьдарч буй казахуудын нэг нь надад 3 түм 7 мянган үхэр байна.Гэвч би өөрийн өвөг дээдсийн нутаг руугаа явах бодолтой байна гэж надад хэллээ. Яах гэж? Тэнд чинь чиний 7 үеийн өвөг дээдэс нойрсож байна. Хэрэв мэдэхийг хүсч байвал Чингис хаан гэх нэрийг монголчууд өгөөгүй, түүнийг хаанд “курултай” өргөмжилсөн юм. Миний мэдэж байгаагаар монгол хэлэнд курултай гэсэн үг байхгүй. Түүнийг хаанд хиад, хэрэйд, найман, жалайрууд өргөмжилсөн. Яах гэж нүүгээд байгаа юм бэ. . .гэсэн байх юм.
 
4. Өнөөдөр Казахстаны эрдэмтэд  хүмүүс шинжлэх ухаанч судалгаанд суурилсан түүхийг сонирхохгүй гэж үзэж буйгаа ил зарлаж байна.Тус улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс гаргасан бүтээл, зохиолын дийлэнхи нь учирзүйн үндэстэй бус өнгөлөн будсан бүтээл юм. 
 
Казахстаны зарим нэр хүнд бүхий нийгмийн зүтгэлтэн ч нутаг нэгтнүүдийнхээ өмнөөс ичиж байна. Тухайлбал, түүхч Ренат Байтов түүхийг гуйвуулж, шинээр бичих гэсэн бодлого нь зохиогч нараа шаварт хутгалаа. Явсаар байгаад казахууд энэ нутаг дээрээ 2.5 сая жилийн өмнө амьдарч байсан болж таарав. Гэтэл хөршүүд 2-4-6  мянган жилээр урагшуулсан хэдий ч ичиж байгаа нь мэдээж юм гэж бичжээ. 
 
Казахын түүх бичигчид нилээд хэдэн дэлхийн хэмжээний нээлт хийжээ. Түүхийн ухааны доктор Очировынхоор бол 10 жилийн дараа гэхэд дэлхий нийтээр казахын гайхамшгийг судалж эхлэх гэнэ. Түүхийн ухааны доктор Ламин гуайн гашуунаар сүүрс алдан өгүүлсэн түүхийг эмс бичиж болно гэж үү гэж хэлсэн нь Казахстанд бол эсрэгээрээ болж л байна.
 
Н. Хандрусай гуай монголчуудыг боловсон гэж байна. Би хувьдаа уг гарвал, түүхээ бусдад булаалгахад хүрвэл боловсон зангаар найр тавимааргүй байна. Сайт ухаж байгаад нэг инээдтэй баримт олж харсан нь Чингис хааны 29 дэх удаагийн хунтайж Давааням гуай элэн хулан өвөөг нь (Чингис хааныг) казах гаралтай гэдгийг баталсан Казахстаны Кайрат Закирьянов гэгчийг хүлээн зөвшөөрч Чингис хаан академийн диплом гардуулсан байх юм. 
 
 
Давааням гуай ч яах вэ. Өөрийгөө баясгаж яваа нэгэн гэхээс. Манайд чинь ШУА-ийн харъяа Түүхийн хүрээлэн гээд нэг том газар байдаггүй бил үү. Тэд маань энэ бүгдийг мэдэж байгаа л байгаа даа. Саяхан сураг дуулах нээ Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн казах хэлний сурах бичиг, аймагт шинээр баригдаж буй номын сангийн номын фондыг Казахстанаас авах казах хэл дээр бичигдсан уран зохиолын номоор бүрдүүлэхээр Өлгийн төр, захиргааныхан хөөцөлдөж байна гэнэ. Казах хэлээр хэвлэгдсэн дэлхийн уран зохиолын охь дээжсийн хажуугаар дээрх сараачсан зүйлс ороод ирэх вий дээ. Хэлний сурах бичгийн агуулга, түүхийн хичээлтэй салшгүй холбоотой байдгийг бүгд мэднэ. Казахстан бодлогоор Монголын түүхийг өөрийн болгох гэж байгаа бол энэ санаа уг сурах бичигт тусах нь лавтай. Тэгэхээр ийм агуулга бүхий сурах бичгийг хүүхдүүддээ заах гэж үү. Энэ жинхэнэ утгаараа үндэсний эв нэгдэл, аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх асуудал юм. БСШУЯ-нд хянаж шалгана гэж найдъя. 
 
 
 
 
 
(Эвий... юу хийж буйгаа ч мэдэж байгаа юм алга)
 
Хэн, хүнгүй Монголын түүх рүү ингэж халдаад байвал Монгол Улсын үндсэн хуулийн  7 дугаар зүйлийн 1-т заасан Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэсэн заалт юу болох вэ? 
 
 
Р.Цэцэгээ