sonin.mn

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намынхаа эс­рэг кноп дарсан урвагч нарыг дэмжихгүй гэдгээ ур­жигдар орой гэнэтхэн мэ­дэгдэж, олон хүнийг цус хар­вуулчих дөхсөн билээ.

Тэгвэл өчигдөр өндөр­лөсөн УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны хаал­гыг саван гарч, байр суурин дээрээ хатуу зогсож бай­гаагаа илэрхийлээд авсан. Түүний ийнхүү шазуур зуун АН-ын бүлгийн гишүүдийг бүлтэгнүүлж байгаа нь цаа­на АН-ын дүрмээр батал­гаажчихсан болохоор өнөө­дөртөө түүнийг зогсоох ямар ч боломжгүй болж, нэг ёсны таг гацаанд ороход бэлэн болчихоод байгаа аж.

Н.Алтанхуяг даргыг ирэх 12 дугаар сард болох АН-ын их хурлаас өмнө яагаад ч дийлэхгүй, нэг ёсондоо түүнийг хүчирхэгжүүлж байгаа АН-ын “Үндсэн дүрэм”-ийн 6.8.2.6 дээр “Намын дарга нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх са­налыг Гүйцэтгэх Зөв­лөл­тэй зөвшилцөн ҮЗХ-ны хурал­даанд оруулна” хэмээн заачихсан байна.

Мөн “Улстөрийн албан тушаалд нэр дэвшүүлэх журам”-ын 2.1.1-д “Төрийн сонгуульд АН олонх суудал авсан тохиолдолд Намын Даргыг Ерөнхий сайдад, анхан ба дунд шатны ИТХ-д олонхи суудал авсан АН-ын даргыг тухайн шатны Засаг даргад нэрийг нь дэвшүүлнэ.

Намын дарга тухайн шатны намын хорооны дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар нэр дэвшихээс татгалзсан тохиолдолд дараагийн нэр дэвшигчийг тухайн шат­ны намын даргын санал болгосноор ҮЗХ, НнЗХ, ДшНХ-оо авч хэлэлцэнэ” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл намын дарга Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилц­сөнөөр нэг хүний нэрийг ҮЗХ-нд санал бол­годог дүрэмтэй юм байна. Тиймээс АН-ын дарга Н.Алтан­хуяг бүх процессыг дүрмийн дагуу явуулна, урвагчийг дэмжихгүй гэд­гээ илэрхийлж, тас гэ­дий­гээд суучихад 1999-2000 онд нэг жил Ерөнхий сайдын сэнтийд заларч үзсэн, хоёр дахь удаагаа бүх хүчээрээ улайрч байгаа Р.Амаржаргалын өмнө бул хар чулуу болон хөндөлсөж, тэрбээр ҮЗХ-ноос дэмжлэг авч чадалгүй, дахин нэг нэр дэвшигчийн эрэлд хатах нь тодорхой болоод байна.

Байдал ийнхүү АН-ын шазруун дарга Н.Алтан­хуягийн талд ашиг­тайгаар эргэж ч магадгүй болоод байсан эгзэгтэй үед АН-ын Хяналтын Ерөнхий хороо хэвлэлийн бага ху­рал хийж, Н.Алтанхуяг дарга­тай­гаа шөргөөцөлдсөн улсын баатар Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нарын булхайг палхийтэл нь дэлгэчихдэг юм байна. Янз нь мань хоёр “баатар” намынхаа ҮЗХ-ны хурлын прот­кол дээр өөрсдийнхөө саналыг нэмээд биччихсэн бололтой юм. Хэрвээ АН-ын Хяналтын хорооны дарга, өнөөх алдарт “казино”-чин Л.Байгал нарын нөхөд гарцаагүй үнэн баримт үзүүлсэн бол шүү дээ.

АН-ын Хяналтын Ерөн­хий хорооны дарга Л.Байгал “АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лаас УИХ дахь АН-ын бүлэгт Засгийн газрыг эмхлэн байгуулах үүрэг өгсөн болохоос Ерөнхий сайдыг томилох үүрэг өгөөгүй” хэмээн хоолойгоо цахиртуулж ирээд, золтой л нулимс дус­луулалгүй шиг мэдэгдсэн. Гартаа барьсан бичгийг нь харвал “Ерөнхий сайдыг тодруулах болон” гэсэн үг байхгүй шууд л “Засгийн газар байгуулах асуудлаар Парламентад суудалтай намуудтай зөвшилцөх” гээд явчихсан байв.

Харин эрхэм улсын баатар дур мэдээд “Ерөнхий сайдыг тодруулах болон” гээд оруулчихаж л дээ. Энэ гайтай дөрөвхөн үгэн дээр дөрөөлөн хөөрхий муу Р.Амаржаргалыг эд бад хийхээр Н.Алтанхуяг дарга мөдхөн сэлмээ суга­лах нь тодорхой болов. АН-ын Хяналтын хороо ху­ралдааны протоколыг шүүж үзэн улмаар хурал даргалагч нар дүрмийн бус тогтоол гаргасаныг илрүүлж сүрхий гавьяа байгуулснаа зарласан.

Харин өчигдөр 17:00 цагийн үед ҮЗХ-ны хурал­дааны протколыг зас­варласан гол буруутнаар хотын даргаас гадна “Женко” Х.Баттулга тодор­сон бололтой юм. Одоо ингэхээр АН дотор дахиад дуусч өгдөггүй дажин дахиад л дэгдэх нь ойлгомжтой боллоо. Ядаж байхад УИХ-ын ги­шүүн Ж.Батзандангийн хэлс­нээр “Хөдөөнийхөн рамандаа яажигнаарай”-г эсэргүүцсэн Хөвсгөл айм­гийн АН-ынхан “Р.Амар­жаргал шиг муу хүн байхгүй. Түүнийг яагаад ч Ерөнхий сайд болгож болохгүй. Намын дүрэм журмыг чандлан дагаж, намын бодлогыг зөрчих, урваж шарвах асуудлыг хатуу хориглож, зөрчсөн этгээдүүдэд дүрмийн дагуу хатуу хариуцлага оноож байхыг шаардаж байна” хэмээн айхтар эсэргүүцлээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад ирүүл­сэн байна лээ.

Ямартай ч АН-ын Хяналтын хорооныхны дүгнэлтээр хоёр өдөржин хаалгаа тас барьж байгаад ширүүхэн хуралдсан АН-ын бүлгийн хурлын шийдвэр хүчингүй болж, 27 гишүүнээс 100 хувийн санал авсан Р.Амаржаргал Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар тодрох нь “битгий горьд” болох шиг боллоо.

Түүнээс гадна Ерөнхий сайдын суудлаас онхолдож унаад удаагүй байгаа АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр буцаан томи­логдох нь ч ойл­гомжтой болж байх шиг байна.

Түүнийг Ерөнхий сайдаас огцруулсны дараа Шадар сайд Д.Тэрбишдагвыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болгосон нь тодорхой хуулийн заалт зөрчсөн нь нотлогджээ.

Ингэхээр нэг хэсэг “АН-ын мөнхий генсек” нэртэй явсан өнөөдрийн АН-ын дарга Н.Алтанхуяг тийм ч амархан зэвсгээ хаяж, буугаад өгдөг “жижиг гар” биш болж таарч байна. Тэр аргагүй л онолын физикч хүний ухаанаар бүхнийг дэс дараатай, уян хатан, тэгэхдээ алгуурхан шазруун хийж байна. Тэр инээж чаддаг шигээ шазуур зууж ч чаддаг дарга юм байна.

Тийм ч учраас лав л энэ удаа Р.Амаржаргал Ерөнхий сайд болох хөг нь өнгөрөв бололтой. Түүнийг ҮЗХ дээрээ унагаж, өшөөгөө авахаа Н.Алтанхуяг хэ­нээр ч заалгахгүй, бас өөрөө гардан гүйцэтгэхээ ч Ц.Элбэгдорж, З.Энхболд нараар заалгахгүй л болов уу. Эцсийн эцэст ийм л юм болох байж. Асуудал дөнгөж л эхэлж байна.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: