sonin.mn

Батлан хамгаалахын дэд сайд Авирмэдийн Баттөрийн санаачилга, дэмжлэгтэйгээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байнгын байрлалд шинээр баригдсан Соёл, спортын төвийг ашиглалтад орууллаа.

Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөрийн санаачилга, дэмжлэгтэйгээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байнгын байрлалд шинээр баригдсан Соёл, спортын төвийг ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд оролцсон Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр: “Алдар гавьяаны түүхэн замналтай тус анги Зэвсэгт хүчний тэргүүний ангийн нэр хүндийг удаа дараа бататгаж, сүүлийн жилүүдэд улс, аймаг, Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулсан спорт, урлагийн олон уралдаан, тэмцээнд бахархам амжилт гаргаж байгаад туйлын баяртай байдаг. Энэхүү соёл, спортын төвийг шинээр нээснээр танай бие бүрэлдэхүүний бие бялдар-сэтгэл зүйн бэлтгэлжилт улам дээшилж, спорт, урлагийн олон алдартнууд олноор төрж гарна гэдэгт итгэл төгс байна” гэдгийг бахархалтайгаар онцлон тэмдэглэсэн.

Энэхүү соёл, спортын төвийн нээлтийн үеэр ЦДБЭЧ, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн “Соёмбо” хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид амжилтаа танилцуулж, үзүүлэх тоглолт зохион байгуулж, аймаг, сумын цолтой 32 бөхийн барилдаанд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Биеийн тамир, спортын дарга, аймгийн заан, ахлах дэслэгч Д.Уламбаяр түрүүлж, аймгийн начин Т.Эрдэнэдалай үзүүрлэв.

Соёл, спортын төвийн нээлтийн ажиллагаа Ховд аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж, 123 дугаар ангийн хошууч Ц.Содбаяр, ахмад У.Оюунчимэг ахлагчтай эрэгтэй, эмэгтэй багууд тэргүүн байр эзэлж, нийлбэр дүнгээр цомын эзэд болцгоов. Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажилд оролцсон ЦДБЭЧ-ын уран бүтээлчид Ховд, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр, Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театр, Зэвсэгт хүчний 123, 256 дугаар ангийн соёлын төвд урлагийн нэгдсэн тоглолт хийж, иргэд, залуучууд, цэргийн алба хаагчдаас өндөр үнэлэлт авлаа.