sonin.mn

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хөгжлийн банкнаас томоохон 89 төсөлд 130,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол Чингис бондын хөрөнгөөр 196 үйлдвэр өргөтгөж, 88 үйлдвэр шинээр барьж байна. Эдгээрийн үр дүнд одоогийн байдлаар 2700 гаруй хүн ажлын байртай болж, 1600 орчим ажлын байр хадгалагдаж чадлаа. Төрийн дэмжлэгээр боссон шинэхэн үйлдвэрүүд хаалгаа нээсээр байна.

Өдөрт 800 хос гутал үйлдвэрлэх Best shoes үйлдвэр маргааш нээлтээ хийх бол тослог ургамлын үр боловсруулах үйлдвэр 11 дүгээр сард ашиглалтад орно, ганжуулсан шилэн бүтээгдэхүүний үйлдвэр удахгүй бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ээлжит “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлын үеэр онцоллоо.

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох ажил эрчимтэй урагшилж, ойрын 30 жилд хийгдээгүй зам, дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалтыг нийслэлд сүүлиийн хоёр жилд өрнүүллээ. УИХ-ын дарга Сүхбаатар аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг маргааш очиж шалгана, ирэх долоо хоногт Ерөнхий сайд Хөвсгөлийн автозамыг хүлээж авна.

Энэ жил манай улс 490 мянган тонн үр тариа хурааж авсан нь манай улсын газар тариалангийн оргил үе болох 1987 оноос хойшхи хамгийн өндөр дүн юм. Үүгээрээ энэ жил улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад, ирэх хаврын тариалалтын үрийн буудайгаа нөөцлөх боломжтой. Оны эхний 10 сарын байдлаар 39 мянган иргэнийг байнгын ажлын байртай болгож, 150 мянга гаруй хүнийг ажлын түр байраар хангажээ. Хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр дүнд 2012 оны эхэнд 10,3 хувь байсан ажилгүйдлийн түвшин 7,3 хувьд хүртэл буурлаа гэж Ч.Сайханбилэг сайд хэллээ.

Сар бүрийн сүүлийн баасан гарагт яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг энэ цахим хурлын үеэр хангалтгүй биелэлттэй байгаа ажлуудыг нэрлэж, үүрэг даалгавар өгдөг. Төсвийн төсөлд яам, агентлагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэхдээ Сангийн яам алдаа дутагдал гаргасан.

Цаашдаа энэ чиглэлээр яам, агентлагууд ч анхаарч ажиллах шаардлагатай. Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх чиглэлээр Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар ажлаа тайлагнах, суудлын автомашин хэрэглэх лимит тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар удаашруулалгүй оруулж шийдвэрлүүлэхийг яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болголоо.

Үйлдвэрийн тэжээлийг төлөвлөсөн хэмжээнээс давуулан биелүүлсэн ч гар тэжээл бэлтгэлт болон аюулгүйн нөөцлөлт хангалтгүй байна. Өвөлжилтийн бэлтгэлийн энэ мэт асуудалд зохицуулалт хийхийг холбогдох яамд, орон нутгийн удирдлагуудад, автозам барилгын ажлыг гэрээний хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгч компаниудтай хариуцлага, алданги тооцохыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд даалгалаа.

Улс төрийн хүрээнд зарим асуудлаар хүлээлт бий болсон ч гүйцэтгэх засаглалын ажил тасралтгүй явагдах ёстой. Иймд зарим яаманд сайдууд шинээр томилогдтол өдөр тутмын ажлаа ямар нэг хүлээгдэл чирэгдэл үүсгэлгүй зохион байгуулж явуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг дэд сайд, ТНБД нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.