sonin.mn

РАБАТ. /ITAR-TASS/. Буркино-Фасо улсад урьд нь тогтоосон байсан онц байдлыг цуцалж, шилжилтийн Засгийн газар байгуулах талаар сөрөг хүчинтэй хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн буйгаа тус улсын Ерөнхийлөгч Блэз Компаоре мэдэгджээ.

"Шилжилтийн үеийн асуудлаарх хэлэлцээг хийж эхлэхэд би бэлэн байна. Энэ үе дуусахад би эрх мэдлээ шилжүүлэн өгнө” гэж Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурджээ. Түүний мэдэгдлийг Буркино-Фасо улсын телевизийн сувгаар пүрэв гарагийн орой нэвтрүүлсэн байна.

Компаоре урьд нь улсынхаа Засгийн газрыг тарааж, онц байдал тогтоосон юм. Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааг сөрөг хүчнээс зохион байгуулсантай холбоотойгоор ийм арга хэмжээ авчээ. Тэрбээр төрийн эрхэнд байсан 27 жилийн хугацаагаа дахин сунгахыг оролдсоныг сөрөг хүчин эсэргүүцсэн байна.

Энэ үйл явдлын дараахан тус улсад 12 сарын бүрэн эрхийн хугацаатай шилжилтийн Засгийн газар байгуулах болсныг Зэвсэгт хүчний командлагч, хурандаа Оноре Траоре мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: