sonin.mn

БАГДАД. /Reuters/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл Иракийн Мосул хотын ойролцоо өнгөрсөн зургадугаар сард 600 орчим лалын шиитийг цаазаар авсан гэж хүний эрхийн төлөө тэмцэгч олон улсын байгууллага мэдэгдлээ.

Америкийн Нью-Йорк хотод төвтэй “Human Rights Watch” ТББ үүнийг “хүмүүнлэг ёсны эсрэг үйлдсэн гэмт хэрэг, дайны гэмт хэрэг” гэж буруушааж байна.

Мосул хотоос холгүй байдаг шоронгоос зургадугаар сард 1500 орчим хоригдлыг “Лалын улс” ачааны машинаар авч явжээ. Тухайн үед тус хот энэ бүлэглэлийн хяналтад байсан юм.

Дараа нь суннит болон христүүдээс 600 шиитийг тусгаарлан салгаж, хавцлын ирмэг дээр аваачиж, хүчээр эгнээ болгон суулгаж байгаад пулемётоор шүршжээ.

Тэднээс хөндий рүү өнхөрч орсон, үхсэн юм шиг дүр үзүүлсэн эсвэл бусад хоригдлынхоо цогцсоор халхлагдсан 30-40 хүн амьд үлдэж чадсан байна.

Иракт шашин хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй харгислал эцэс төгсгөлгүй үргэлжлэх шинжтэй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: