sonin.mn

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ард иргэдийг хөгжилд дөтлүүлсэн гүүрэн бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэх өгөх ёслол өнгөрсөн амралын өдөр боллоо.

Энэ жилийн хувьд зам барилга бүтээн байгуулалтын ажил хот хөдөөд багагүй өрнөсөн бөгөөд үүний нэг нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр дэх Хүдэрийн гол дээр төмөр бетонон урт богино хоёр гүүр нэгэн зэрэг ашиглалтад орж байгаа явдал юм.

Хөдөө орон нутгийн иргэдийн хувьд нэн тэргүүний асуудал зам гүүр байдаг бөгөөд тус сумынханы хувьд намаг шавар, бартаа бүхий энэ зам ажил амьдралаа залгуулахад хамгийн хүндрэлтэй, сэтгэл зовоосон асуудал байснаар ирсэн.

Тэдний мөрөөдөл болж 30 гаран жил яригдаж байсан ажил энэ жил УИХ-ын гишүүн С.Баярцогтын дэмжлэгтэйгээр Шинэчлэлийн засгийн газрын үед биелэлээ олж  байгаа нь энэ юм. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Баярцогт, БХБЯ-ны /хуучинаар/ Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж болон албаны зарим хүмүүс оролцлоо.

Энэ ажлыг барьж байгуулахад улсын төсвөөс 2,9 тэрубум төгрөг зарцуулсан бөгөөд Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай зам барилгын ажлын өндөр туршлага бүхий “HKB” компани нэг жилийн хугацаанд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэжээ.

Үндсэн зам нь гол устай, зундаа намаг шавар ихтэй болдогоос иргэд бартаа бүхий замаар 10 гаран км тойрдог байсан бол гүүрэн гарцтай болсноор тус аймгийн тариаланч, хөдөлмөрч ард түмэн ажил амьдралд үр нөлөөтэй, цаг хугацааг хэмнэх дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт болж, олон жилийн хүсэл мөрөөдөл болсон зүйл ийнхүү биелэгдэж байгаад иргэд маш их баяртай байгаагаа илэрхийлж байлаа.