sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. 2011 оны тавдугаар сард Пакистаны Абботабат хотод зартай террорист Усама бен Ладеныг буудсан, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ тусгай отрядын гишүүнийг тус улсын телевизийн “Fox News” суваг анх удаа илчилнэ. Энэ тухай тус сувгийн төлөөлөгч мэдэгджээ.

Тэдний хэлснээр, “Усама бен Ладеныг хөнөөсөн хүн” баримтат нэвтрүүлгийн хоёр цувралыг 11 дүгээр сарын 11-ний мягмар гарагт, 12 дугаар сарын 12-ны лхагва гарагт орон нутгийн цагаар 22:00 цагт үзүүлнэ. Цуврал тус бүр нэг цаг үргэлжилнэ.

Хөтөлбөрийг “Fox News” сувгийн Вашингтон хот дахь салбарын сурвалжлагч Питер Дуси хөтөлнө. Нэвтрүүлгийг дамжуулах үеэр ТЦХ-ий тусгай ажилтантай хийсэн анхны ярилцлагыг үзүүлнэ гэж тус сувгийн мэдээлэлд тэмдэглэсэн байна. Чухам түүнийг террористуудын толгойлогч Усама бен Ладеныг хөнөөсөн гэж нотолж байгаа ажээ.

Телевизийн компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, Буудагч гэдгээрээ алдартай энэ хүн “хэн болохоо анх удаа илчилж, АНУ-ын тусгайгийнхны анги нэгтгэлд хэрхэн бэлтгэгдэж байснаа, бас бен Ладеныг устгах даалгавартай "Копье Нептуна" ажиллагаанд оролцож байсан тухайгаа анх удаагаа ярина”.

АНУ-ын тусгай албаны мэдээллээр, Усама бен Ладен Пакистаны Абботабат хотын захын орон сууцны хороололд оршдог хувийн харшуудынхаа нэгд хоёр эхнэр, хүүхдүүдийн хамт хэдэн жил амьдарчээ. Уг хотод байх хугацаандаа “зартай террорист” анзаарагдахаас зайлсхийж, нэг ч удаа гэрээсээ гараагүй байна.

Түүнийг 2011 оны тавдугаар сарын 2-нд явуулсан Америкийн тусгай албаны ажиллагааны үеэр устгасан юм.

Д.Жаргал

Эх сурвалж: