sonin.mn

Одоогоос 20 жилийн өмнө, олноо “Женко” хэмээн алдаршсан Х.Баттулга сонины бизнест хүч үзэхээр сэтгэл шулууджээ.

Тэр үед социализмын үеийн сонинууд дампууран, шил шилээ даран хаагдаж, шинээр буй болсон нь “нялхсын эндлээр" хорвоог орхиж, Монголын сонин хэвлэлийн ертөнцөд хүнд бэрх үе нүүрлээд байлаа.

Хэвлэх үйлдвэр “цаасаа авч ир, тэгвэл хэвлэнэ” гэдэг, тэр цаас нь эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд байсан гэхэд өдгөө итгэхүйеэ бэрх.

Тийм л хэцүү цагт сонины бизнесийг тэрбээр зориглон эхлүүлсэн бөлгөө. Үүнийг бичигч бээр “Улаанбаатар” сонинд ажиллаж ахуйд, нэг маань “Женко” Баттулгын эрхлэн гаргасан “Бизнес таймс” сонины дугаарыг далбагануулан барьсаар орж ирсэн.

Бүгд л булаалдан үзэж, Онон маань “Энэ ч ёстой жинхэнэ сонин байна даа! Сонин гэж энийг хэлдэг юм!" хэмээн бахдах, нөхдөдөө сануулга өгөхийг хослуулан хэлж байсан. Үнэхээр ч Монголын болон гадаадын тал бүрийн шинэлэг, агуулга сайтай мэдээллүүд орсон, хаана хэвлүүлсэн юм бол гэж гайхмаар өнгөлег үзэмжтэй сонин байлаа.

“Бизнес Таймс” байхдаа ч яахав, утгагүй нэртэй өнгө мөнгөний сонин байна, Монголын сэтгүүлзүйд ийм юм яавч байж болохгүй гэж уурлан хилэгнэх, хуучинсаг ахмадууд ч байв. Гэхдээ “Бизнес Таймс” чөлөөт нийгмийг тунхаглан гарч ирсэн дээ.

Манай сонины залуус шинэ эрч хүч, урам зоригийг аван, хэрэндээ “Бизнес Таймс"-архуу юм хийчих санаатай үзэг цаас нийлүүлцгээж билээ. “Бизнес Таймс” сонин анхны дугаараасаа л Монголын хэвлэл мэдээллийн ертөнцөд нөлөөлж байсан даа.

1997 онд үзэг нэгтэн, уран бүтээлийн анд Л.Энх-Амгалан маань “Бизнес Таймс” сонины ерөнхий редактор болооч гэх саналыг тавьсан. Би дуртайяа зөвшөөрөв. Тэгээд очоод даргалах гэсэн чинь Гүр.Нямдорж ах “олон даргаар яах юм" гэж дургүйцээд болиулчихлаа.

Тэгсэн чинь Х.Баттулга ерөнхий эрхлэгч, Л.Энх-Амгалан эрхлэгч, М.Баттөгс орлогч эрхлэгч, би ерөнхий редактор, Гүр.Нямдорж ах НБД,Сарантуяа эгч, Чулуунцэцэг нар хэлтсийн дарга гэсэн байдал үүсчихсэн байв уу даа кк. Даруй бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, би жирийн сурвалжлагч болсон.

Ингээд жаргал зовлонгоо хамт хуваалцдаг, ажил ачааллаа хамт нугалалцдаг, цалинтай цалингүй, шагналтай шагналгүй л сайхан дугаар гаргах гээд үзчихдэг, наргиж даргихдаа хүрвэл ч буцдаггүй ийм нэг эвсэг цомхон хамт олон бүрэлдэж билээ л. Гэвч инерциэрээл ингээд яваад байж болдоггүй юм байна.

Гүр.Нямдорж ах уран бутээл, урлаг, би үндэсний үзэл, рок, Баттөгс кино, зугаатай танин мэдэхүй тавиад баллаж өгнө өө. Тэр бизнесийг нь мэддэг чаддаг улс манай редакцид байсан ч юм уу, үгүй ч юм уу. Одоо бодохнээ, том том бизнесменүүдтэй ярилцаад л, харилцаад л “Бизнес Таймс”-ыг мандуулж өгөх боломж байж. Гэхдээ. натур, менталитетийн хувьд огт өөр хүмүүс байж дээ, бид.

Өдгөө ч том том бизнесменүүдтэй ярилцаад харилцаад байгаа юм алга. Олигарх молигарх гэхчлэн “сайхан сайхан” нэр өгчихөөд л, зай бариад л, сэхээтний ихэрхүү зан гаргаад л явцгаах.

Ийм нөхцөлд өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэйг Х.Баттулга эрхлэгч сайтар ойлгосон ажээ. Чингээд зарим хүнтэй хамтран ажиллахаас татгалзаж, зарим хүнийг нэмж ирүүлсэн. Л.Энх-Амгалан, Гүр.Нямдорж явж, Д.Төрмөнх, Б.Галсансүхнар ирэв. Д.Төрмөнх эрхлэгч боллоо гэнэ.

Тэрбээр шуурхай зөвлөгөөн хийж байна гэж явган суучхаад “Максим" пулемёт шиг тачигнаж гарсан нь таалагдаагүй. Би шууд гараад л, тэр чигээрээ явчихсан. Хэд хонгийн дараа харин халамцчихаад, “Бизнес Таймс”-аас гарлаа гээд уйлж байж билээ. Уйлуулдаг л сонин байж дээ кк.

Анхны дугаараас хойш 20 жил өнгөрч. Ажиллаж байсан үеэс минь хойш ч бараг 20 жил. Энэхэн хугацаанд Сараа эгч маань л сониныхоо буурийг сахиж, гал алдуулахгүй гэж чармайж, ганц дайчин ганцдахгүйн үлгэрийг бодитоор үзүүлж ирлээ.

Сонины бирж гээч “аймшгийн” газар сонин тараагаад, борлуулагч хэмээх эрх чөлөө нь дэндсэн товарищуудад ая тал засан яралзтал инээмсэглэж зогссон Х.Баттулга эрхлэгч маань саяхан ФБ, твиттерт дагагчийн тоогоор рекорд тогтоосрн, Монголын хамгийн томоохон улс төрчдийн нэг болжээ.

Яруу найрагч эрхлэгч Л.Энх-Амгалан мөн л Монголын том улс төрч болсон байна. Энэ хоёр маань харин улс төрийн болон бизнөсийн эсрэг тэсрэг фронтод хамрагдчихаагүй л байгаасай даа. Би хамгийн жижиг улс төрч болсон байна.

Гүр.Нямдорж ах маань тэнгэрийн оронд халин оджээ. Амьдрал үхэлд нэн хайхрамжгүй ханддаг, 90-ээд оны “галзуу” уран бүтээлчдийн нэг байсан даа. Тэдэн рүүгээ л явлаа даа. Бидний хэдэн нөхөд “Улаанбаатар таймс” сонин дээр гашуудлын зан үйл маягийн юм хийж, харуусаж гуниглан суусан сан.

Баттөгс маань дүү Одонтөртэй маань хамтран “Гучтын толь” гаргаад л, өмнө нь бас “Тод толь” гаргалцсан, ер нь толиор мэргэшээд байгаа юм даг уу даа. Арван жилийн өмнө “Архины нэвтэрхий толь” орчуул гэж' захиалга өгөхөд нь би гэдэг хүн намайг доромжлов, доош нь хийв энэ тэр гэж агсам тавиад зүйл дууссан сан кк.

“Өнгөрсөн цаг л сайхан санагдаад байх юм” гэж саяхан ФБ-д коммент бичиж билээ. Тиймээ, өнгөрсөн 20 жил сайхан он жилүүд. Ялангуяа үйл ажиллагаагаа огт тасалдуулалгүй, уншигчдадаа хүрсээр, бизнесийн ертөнцийг цогцлооход хувь нэмрээ хандивласаар ирсэн “Бизнес Таймс” сонины хувьд амжилт бүтээлийн мартагдашгүй он жилүүд ээ!

“Бизнес Таймс”-даа 20 насны цэл залуугийн оргилуун эрч хүчээр гялалзаж, гялбааж явахыг хүсэн ерөөе!

Ч.Мөнхбаяр