sonin.mn

БЭЭЖИН. /ITAS-TASS/. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /APEC/ дээд хэмжээний уулзалт Бээжинд 11 дүгээр сарын хоёрдугаар хагаст болох бөгөөд үүнтэй холбогдон Оросын Ерөнхийлөгч Владимир Путины тухай ном БНХАУ-д алдаршиж байна гэж Хятадын өдөр тутмын сонин мэдээлэв.

Өөр хэлнээс орчуулсан болон Хятадын зохиогчдын Владимир Путины тухай хэдэн арван номыг Бээжингийн томоохон номын дэлгүүрүүдээс олж болно. Оросын Ерөнхийлөгч Хятад улсад гайхалтайгаар алдаршиж байгаа гол шалтгаан нь хоёр орны найрсаг харилцаатай холбоотой юм гэж уг сонин мэдээлсэн юм.

Өдгөө 30 настай Хятадын зохиогч Жөн Вэньяний бичсэн “Тэр Орос улсын төлөө төрсөн хүн” ном 250 мянга гаруй хувь борлогдсон байна. Өрнөдийн орнуудтай хийж буй харилцаандаа шийдэмгий байр суурьтай байдаг Путинд Хятадын олон иргэн талархаж, тэрбээр алдаршжээ гэж Хятадын Нийгмийн ухааны академийн Орос судлалын шинжээчид мэдэгдсэнийг сонин иш татжээ.

Путины сэтгүүлчид өгсөн ярилцлага, хэвлэлийн бага хурлын үеэр түүний хэлсэн үг зэрэг олон нийтийн арга хэмжээний үеэр хийсэн мэдэгдлийг багтаасан шинэ ном энэ онд гарсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: