sonin.mn

СТОКГОЛЬМ. /AP/. Хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн Энх тайвны шагналтан Малала Юсуфзай энэ оны Дэлхийн хүүхдийн шагналыг Шведэд хүртлээ.

“Хүүхдийн Нобель” гэгддэг энэ шагналыг хэнд олгохыг дэлхийн хүүхдүүдийн саналаар сонгодог юм.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн боловсролын эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэсээр буй, 17 настай пакистан охин Малалаг уг шагналын эзнээр энэ онд хүүхдүүд сонгосон байна.

Лхагва гарагт Шведийн нийслэл Стокгольм хотоос холгүй болсон шагнал гардуулах ёслолын үеэр Малала үг хэлжээ. Эрхийнхээ төлөө өөртэйгөө нэгдэхийг хүүхдүүдэд Малала уриалсан байна.

Израиль болон Палестины “ХАМАС” бүлэглэлийн хооронд болсон цэргийн ажиллагааны үеэр сүйтгэгдсэн Газын зурвасын сургуулиудыг сэргээн босгоход шагналынхаа 50 мянган долларыг НҮБ-аар дамжуулан хандивлана гэж тэрбээр хэлсэн аж.

Энэ жилийн санал асуулгад хоёр сая орчим хүүхэд оролцжээ.

Малалагаас өөр хүн нэг жилийн дотор Нобелийн Энх тайвны шагнал болон Дэлхийн хүүхдийн шагналыг хүртэж байгаагүй юм.

Г.Доржханд

Эх сурвалж: