sonin.mn

НҮБ. /Xinhua/. Украины зүүн нутгийн босогчдын бүлэг сонгууль явуулахаар төлөвлөсөнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн харамсаж буйгаа илэрхийлээд, уг сонгууль нь Минскийн протокол болон санамж бичгийг зөрчиж байна гэжээ.

Украины зүүн нутгийн эсэргүүцэгч бүлэг 11 дүгээр сарын 2-нд сонгууль явуулах нь Үндсэн хууль ба олон улсын хуулийг зөрчиж байна гэж Бан буруушаасныг түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэлдээ дурджээ.

Тэрбээр, “энэ сонгууль Минскийн протокол болон санамж бичгийг ноцтойгоор зөрчиж байна. Украины зүүн нутагт гал зогсоох дэглэм тогтоохоор есдүгээр сард Беларусийн нийслэл Минск хотод Украины Засгийн газар болон босогчдын бүлэг уг протоколд гарын үсэг зурсан. Минскийн энхийн гэрээг нэн даруй бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлэх хэрэгтэй” гэжээ.

Бүх тал гэрээгээ даган мөрдөж, асуудлыг тайван замаар шийдэхэд чиглэн ажиллахыг НҮБ-ын тэргүүн уриалж, Украины тогтвортой байдлыг сэргээх, улс орны халдашгүй эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах нь зарчмын хувьд чухал болохыг дахин тэмдэглэжээ.

Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улс ирэх ням гарагт улс орныхоо тэргүүн болон хууль тогтоогчдоо сонгохоо өнгөрсөн сард мэдэгдсэн. Үүнийг хууль бус гэж Украины Гадаад хэргийн яам буруушаасан билээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: