sonin.mn

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр шүүх өнгөрсөн баасан гаригт хэлэлцэж, түүнд таван жилийн хорих ял оноосон байна.

Хурандаа Д.Цогтбаатарыг мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил шахам үргэлжилсэн бөгөөд түүнийг анх залилангийн хэрэгт холбогдуулан саатуулж байв. Удалгүй бусдыг далайлган сүрдүүлсэн, төрийн нууц задруулсан, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт давхар буруутган шалгасан юм.

Мөрдөн шалгах явцад албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэлд нь прокуророос ял төлөвлөж, бусад хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн хугацаанд эл хэргийг тойрсон дуулиан тасраагүй.

Тодруулбал, хурандаа Д.Цогтбаатар төрийн гурван өндөрлөгт хандан ил захидал илгээж байсан билээ. Үүндээ нэр бүхий албан тушаалтан өөрийг нь зохиомол хэрэгт гүтгэн олон сараар хорьж байгаад мөн гэр бүлийхнийг нь мөрдөн мөшгиж байгаад анхаарал хандуулахыг хүссэн байсан юм.

Мөн түүний эхнэр Ч.Мандах хэвлэлийн бага хурал зарлан нөхрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, тагнуулын байгууллагын ахмад ажилтнууд ч мэдэгдэл гаргаж байлаа. Энэ мэт дуулианаараа олны анхааралд ороод байсан энэ хэргийг шүүх хурал нууцлаг болж өнгөрчээ.

У.Мичид

Эх сурвалж: