sonin.mn

УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн лагийн худгийг цэвэр­лэхээр орсон залуусын бие одоог хүртэл муу хэвээр байна.

Тодруулбал, хийн газанд хордсон Одбаяр одоог хүртэл ухаан ороогүй байна. Түүний хордолтын хэмжээг ч хүртэл тогтоож чадаагүй байна.

Харин хордсон хү­мүүсийн нэг болох 23 настай Мөнхтэнгэр ухаан орсон ч биеийнх нь байдал тааруу хэвээр байгаад ар гэрийнхэн нь ихэд санаа зовж тус газрын удирд­лагуудад гомдолтой бай­гаагаа хэлж байгаа аж.

Нөхцөл байдал ийм байхад тус газрын дарга С.Үнэн тайлбар хийлгүй доод албан тушаалтнуудаараа өөрс­дийгөө зөвтгөсөн тайлбар хийлгэж буйд эгдүүцэх хүн олон байна. Цэл залуу­хан хоёр залуу ажлын байрандаа ноцтойгоор гэмт­сэн уч­раас тэднийг үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэнэ гэсэн хүлээлт ний­гэмд бий болсон.

Гэтэл тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Солонго өөрсдийгөө зөвт­гө­сөн мэдээллүүдийг олон нийтэд хүргэж байгаа нь бусдын амь насыг үл ойшоосон хэрэг юм.

Ту­хайлбал тэрбээр “Ус сув­гийн удирдах газар бол инженерийн байгууламж. Цэвэр, бохир усанд ч тэр байнга техник технологитой харьцдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөр­дөж ажиллах зайлшгүй шаард­лагатай байдаг.

Цэвэрлэх байгууламж өөрөө эмчтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженертэй. Өдөр бүр эмч нь тухайн ажилтны биеийн байдлыг хянаж үздэг. Зааварчилгаа хөтлөдөг.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер өдөр бүр тухайн ажилтныг ажилд гарахаас нь өмнө зааварчилгаатай танил­цуулж гарын үсэг зуруулс­наар ажлын өдөр эхэлдэг журамтай. Энэ журмаараа л ажил эхэлсэн.

Манай байгууллагад үе үе үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд машин аваар осол гарах, ямар нэг тоног төхөөрөмж гацах, түүнээс болж ажилчдын гар, хуруу бэртэх тохиолдол байдаг. Алба бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженертэй. Эдгээртэйгээ хамтран дөрөв­дүгээр сарыг “Хөдөл­мөрийн аюулгүй ажиллагааны сар” болгон тэмдэглэдэг.

Хэдийгээр туршлагатай байгууллага хэдий ч ажилч­дын анхаарал болгоомжгүй байдал, мөн дээрээс нь техник технологийн гэмт­лээс болоод осол гэмтэл хааяа гарах тохиолдол бий” гэв.

Юутай ч албаны хүний хэлж буйгаар тухайн өдөр хийн газанд хордсон ажилчид бүгд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөгөө авч хамгаалалтын хувцас өмссөн бололтой. Товчхондоо бол энэ бүхэнд осолд орсон ажилчид өөрсдөө буруутан болох магадал өндөр байна гэж хэлж болохоор байгаа юм. Уг нь энэхүү осолд анх долоон хүн өртснөөс тавыг нь эмнэлэгт хэвтүүлсэн аж.

Хамгийн гол нь бодит байдал дээр ухаан алдан унасан залууг гаргаж ирэхээр тухайн өдөр жижүүрт гарч байсан дарга нь орсон ч мөн л хортой хийн газанд хордож ухаан алдсан байдаг.

Ингээд хоёр хүн ухаан алдсан учраас араас нь ямар ч хамгаалах хэрэгсэлгүй гар нүцгэн залуус орж өөрсдөө хордож Хордлогын яаралтай тус­ламжийн төвд хүргэгдсэн гэдгийг тус газрын албан хаагчид хэлж буй юм.

Тэгэхээр бодит байдлыг ажилчид л үнэнээр нь хэлдэг гэдэг яах аргагүй үнэн үг. Гэхдээ тус газартай холбоотой нэгэн осол ч өнгөрсөн долоо хоногт гарч байжээ. Тухайлбал, Өнгөрсөн долоо хоногт лаг ачдаг машин нь үерийн далан руу унасан хэрэг гарчээ. Азаар жолооч нь гэмтэж бэртээгүй ч машин нь ашиглагдах боломжгүй болсон аж.

Өмнө нь тус газрын ажилчдынх нь цалин бага, аюултай орчинд ажиллаж байгаа хэрнээ эрүүл мэндийнх нь талаас огт анхаарал тавьдаггүй зэрэг шүүмжлэл олонтаа гарч байсан.

Тэгэхээр аливаа нэгэн байгууллагыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчин удирдаж байж ажилчдынхаа эрүүл мэнд болон ахуй нөхцөлд анхаарал тавих нь туйлын үнэн.

Гэтэл мэргэжлийн бус даргатай тус газрын ажилчдын амьд явах баталгаа алга гэж хэлэхэд дэгдсэн болохгүй байх. Эцэст нь хэлэхэд хортой хийн газанд хордсон ажилчдын хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Ямартай ч хордсон хүмүүсийн ар гэрийнхэн хариуцлагыг тус газрын удирдлагуудтай ярина хэмээн хэлж байгаа юм. С.Үнэн дарга хариуцлагын гадна үлдэх гээд байна уу гэсэн ойлголт ч ар гэрийнхэнд нь бий болоод байна.

Р.Саруул

Эх сурвалж: