sonin.mn

Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд цөөнгүй хуулийг УИХ-аар батлуулж, 10 гаруй хуулийн төслийг УИХ-д өдгөө өргөн мэдүүлж хэлэлцүүлгийн шатанд явж байна. Мөн хэд хэдэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Одоо Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулан Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр ажлын хэсэг ажиллан бэлэн болгоод байна. Эдгээр хуулийг өргөн мэдүүлж батлуулахын үндсэн шалтгаан үр дагаварын тухайд товч мэдээлэл хүргэе. Юун түрүүнд эдгээр хуулийн төслүүдийг хууль тогтоох байгууллага хэлэлцэхдээ хамтад нь хэлэлцэж улмаар батлах нь гарах үр дүнг цогцоор нь мэдрүүлэх юм.

Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль

- Монгол улс гэмт хэрэг зөрчлийн нэгдсэн мэдээллийн сантай болно

Энэ хуулийн төсөл 11 бүлэг 200 гаруй зүйлтэй. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулаад байгаа харин одоо Хууль сахиулагчдын ажил үүргээ явуулах зохицуулалтыг хангах Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Өнөөдөр хууль сахиулагч нь гэмт хэрэгтэй тэмцэх,хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хүлээнэ. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлж сахиулагчид маань гэмт хэрэг зөрчлийг шалгах явцдаа хүний эрхэд халдах байдлаар өөрөөр нь гэмт хэрэг хүлээлгэх тулгах байдлаар ажиллаж иржээ. Тэгвэл одоо шинэ хуулийн төслийн зохицуулалтаар илүү хууль сахиулах чиглэлээ баримтлах нөхцөл рүү шилжих юм.
1. Гомдол мэдээлэл хүлээж авах
2. Өөрөө зөрчил гаргаснаа мэдүүлэх
3. Хууль сахиулагч илрүүлэх гэх аргачлалар ажиллах
Мөн энэ төсөлд Мөрдөн шалгах олон нийтийн аюулгүй байдлыг хэн хангах,хэв журам сахиулах ажиллгаануудыг хэн явуулах хязгаар эрх хэмжээг тодорхой болгож зааж өгсөн. Шүүгч, прокурор хэн юунд зөвшөөрөл өгөхийг зааглаж өгсөн. Тухай нь хүний эрхэнд халдсан үйл ажиллагаанууд буюу тухай нь гэрт нь автомашинд нь нэгжлэг хийх зэрэг ажиллагаа хийх боллоо гэхэд заавал шүүгчээс зөвшөөрөл авах хэрэгтэй болж байна. Өмнө нь мөрдөн байцаагч өөрийн үзэмжээр шууд үзлэг нэгжлэгийг хийдэг байсан.Мөн биеийн хүч албадлага хэрэглэх, эсэхийг журмаар зохицуулж заадаг байсан бол одоо албан ёсоор хуульчлагдаж энэхүү төсөлд буугаад байна. Хууль сахиулагч албадлагыг гэмт хэргийг таслан зогсоохын төлөөх бүх л аргыг хэрэглэсэн үр дүнд хүрэхгүй байгаа аргагүй нөхцөлд хэрэглэхээр тусгаж өгсөн байна. Ингэхдээ үндэслэл субьектийг тодорхой зааж өгсөн. Хүний эрхэд халдаж хууль хэрэгжүүлэхгүйгээр юун түрүүн иргэний оролцоог хууль сахиулах үйл ажиллагааны явцад хангахаар нөхцөл бүрдүүлээд байна. Энэ хууль гарч дагаж мөрдөж эхэлснээр манай улс гэмт хэрэг зөрчлийн мэдээллийн нэгдсэн сантай болох юм. Учир нь Мөрдөн шалгах хэрэг нээгээд дугаар авна, шалгах явцад тухайн хэрэг нь зөрчил гэмт хэрэг хоёрын алин болох нь тодорхой болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

- Өмгөөлөгчийн оролцоо,эрх үүргийг нэмэгдүүлнэ

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх анхны хууль 1926 онд “Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх хууль” нэртэйгээр батлагдаж 1929,1935 онуудад нэмэлт өөрчлөлт орж “Аливаа хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай хууль” нэртэй болж байж. Улмаар 1935,1949, 1963 онуудад өөрчлөлт орж “БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хууль” нэртэйгээр дагаж мөрдөгдөж байгаад 1994 онд “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” хэмээн нэрлэгдэж цаг үеийн хөгжил, нийгмийн харилцааны шинэ чиг хандлагуудыг даган өөрчлөгдөн эрхзүйн салбарын уламжлалыг хадгалан боловсронгуй болсоор иржээ. Дараа нь 2002 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль батлагдаж 2007 онд нэмэлт өөрчлөлт орсон байна. Ингэж өнгөрсөн хугацаанд өөрчлөгдөн хөгжсөөр ирсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг өнөөгийн цаг үеийн шаардлагаас улбаалан мөн л өөрчлөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” нэрээр төслийг боловсруулаад байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох түүнд шударга ял шийтгэл оногдуулахад чиглэсэн тогтолцоо болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын чиг үүргийн хуваарилалтыг өөрчлөх, шүүх хуралдааныг мэтгэлцэх зарчмыг сонгодог утгаар хэрэгжүүлэх хэлбэрээр явуулдаг болгох, хэргийн мөрдөх ажиллагааны явцад прокурор хяналт тавьдаг болох, прокурорын үйл ажиллагаанд шүүх хяналт тавих, шүүх хуралдааан үнэн шударга явагдахад өмгөөлөгчийн оролцоо эрх үүргийг нэмэгдүүлэх,эрүүгийн хэргийг зөвхөн мөрдөн байцаагчийн байцаалтаар нотолж эцсийн шийдвэр гаргаж байгааг өөрчлөх ,эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтолцоог бий болгох зэрэг зорилтыг энэ хуульд тусгаад байна.

Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл

- Сэжигтнийг буруутай эсэхийг тогтоох хүртлээ хорихоос өөр хүмүүнлэг арга хэрэглэдэг болно


Энэ бол шинэ хууль. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуультай нягт уялдаатай.Одоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу иргэнийг гэмт хэрэгт холбогдуулахдаа шууд цагдан хорьдог. Дуртай хүнээ цагдаагийн ажилтан субьектив үнэлэмжээр хорьдог.Нэгдсэн дүнгээр сүүлийн 3 жилд иргэнийг хорих тохиол эрс нэмэгдсэн байна. Урьдчилан хорих байранд саатуулагдаж байх явцдаа өндөр албан тушаалтан амь насаа алдсан тохиолдол ч гараад байна. Үүнд иргэд гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн ихээхэн бухимдалтай ханддаг.Олон улсын хүний эрхийн байгууллагууд ч үүнийг хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй хэрэг гэж үздэг юм.
Нэгэнт эрхзүйн орчноос үүдэн ийм нөхцөл үүсээд байгаа учир хуулийг сайжруулах шинэчлэх шаардлага урган гарч ирж байгаа юм.

 

Шинэ олон хүмүүнлэг арга хэрэгслүүдийг тусгах хэрэгтэй болсон юм. Тухай нь барьцаа авах,батлан даалтанд гаргах,гэрийн хорионд оруулах,зорчих тодорхой бүс тогтоож өгөх, хохирогчтой уулзах, гэрийнхнээсээ хол хөндий байх гэх мэт шинээр 8 төрлийн арга хэмжээг төсөлд тусгаад байна. Хамгийн гол нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн хэн нэгэнд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Үндсэн хуульд заасан хүний эрх эрх,чөлөөг зөрчихгүйгээр хэрэгжүүлэх боломжийг энэ хуульд тусгаж өгснөөрөө өмнөх буюу одоо дагаж мөрдөж байгаа хуулиасаа давуу,илүү хүнлэг иргэнд,хүнд ээлтэй хууль болсон гэж үзэж байна. Мэдээж хуулийн төслийг боловсруулахдаа ажлын хэсгийнхэн тал талын судалгаа хийж,зарим Олон улсын байгууллагын зөвлөмжийг удирдлага болгосон байна. Сэжигтэн Өмгөөлөгчтөйгөө хүссэн үедээ чөлөөтөй уулзах,гэр бүлийнхэнтэйгээ уулзах зэрэг эрхээ ял шийтгүүлээгүй учраас энгийн иргэний нэгэн адилаар эдлэх ёстойг хуульчилж өгч байна. Товчхондоо Хүний халдашгүй дархан эрхийг хязгаарлахдаа илүү өргөн хүрээнд үндэслэлтэйгээр хандахыг хуулиар тогтоож өгчээ. Дээрхи багц хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр болоод байна.


Хууль зүйн яам