sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын агаарын цэргийн хүчин Сири дэх “Лалын улс” бүлэглэлд өчигдөр дөрвөн удаа агаараас цохилт өгсөн бол холбоотон улсууд Ирак дахь бүлэглэлд есөн удаа агаараас цохилт өглөө гэж АНУ-ын төв командлал мэдэгдэв.

Ирак болон дэлхий дахинд аюул заналхийлэл хийж буй “Лалын улс” бүлэглэлийг устгах “Хойшлуулшгүй шийдвэр” ажиллагааны нэг хэсэг нь агаараас цохилт өгөх юм гэж АНУ-ын төв командлал мэдэгдэлдээ дурджээ.

Сирийн Кобани хотын ойролцоо өгсөн агаарын цохилтоор “Лалын улс” бүлэглэлийн байлдааны байрлал болон жижиг нэгжийг устгажээ.

Иракийн Эль-Фаллужа хотод өгсөн хоёр удаагийн агаарын цохилтоор бүлэглэлийн жижиг нэгж болон танкийг устгасан бол “Мосул” далангийн ойролцоо өгсөн агаарын дөрвөн удаагийн цохилтоор “Лалын улс” бүлэглэлийн жижиг нэгж, байлдааны байрлал, машин, материал-техникийн хангамжийн баазыг устгасан байна. Иракийн нийслэл Багдад хотоос баруун тийш орших Синжар хотын ойролцоо болон Анбар мужийн Хадита хотын ойролцоо агаарын бусад цохилтыг өгчээ.

Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байг устгаснаар террорист бүлэглэлийн хүч болон ажиллагаа явуулах чадавхыг улам бүр хязгаарлаж байна гэж АНУ-ын төв командлал мэдэгдсэн юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: