sonin.mn

СӨҮЛ. /ITAR-TASS/. Хүний эрхийг ноцтой зөрчиж буйг, мөн авлигыг шүүмжилсэн ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгүүдийг Өмнөд Солонгосын идэвхтнүүд Умард Солонгос руу хөөргөжээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээллээ.

Суртал ухуулгын хуудас илгээхээ зогсоохыг шаардаж, хэрэв ийм үйлдэл хийвэл, “дайн зарлаж байна” гэж үзэн агаарын бөмбөлөг хөөргөсөн хилийн ойролцоо газар руу гал нээнэ гэж Пхеньяны эрх баригчид сүрдүүлж байгаа юм.

Өмнөдийн идэвхтнүүдийн 10 дугаар сарын эхээр хөөргөсөн агаарын бөмбөлгийг Умард Солонгосын хилийн харуулын цэгээс зенитийн пулемётоор гал нээн устгахыг оролдсон билээ.

Суртал ухуулгын хуудас бүхий агаарын бөмбөлөг хөөргөхийг Үндсэн хуулийн дагуу олон нийтийн байгууллагуудад хориглох эрх байхгүй гэж Өмнөд Солонгосын Засгийн газар энэ долоо хоногт дахин мэдэгдсэн байна.

Хэрэв ухуулах хуудас илгээх ажиллагааг зогсоохгүй бол 10 дугаар сарын эхээр хүрсэн Солонгос хооронд өндөр түвшинд хэлэлцээ хийх тохиролцоог цуцална гэж Пхеньяны эрх баригчид сүрдүүлжээ.

Өмнөд Солонгосын Кёнгидо мужийн Пхажу хотод оршдог “Имжингак” дурсгалын цогцолбор орчмоос бямба гарагт агаарын бөмбөлөг хөөргөхийг оролдсон боловч нутгийн оршин суугчид уг цогцолборт хүрэх замыг хаан эсэргүүцсэн байна.

“Агаарын бөмбөлөг хөөргөх бүрд цэргүүд онц байдал зарладаг учраас бидэнд ажлаа хийхэд хэцүү байдаг. Тэд ухуулах хуудас илгээхийг дахин оролдвол бид дахиад л саад хийнэ” гэж нутгийн оршин суугчдын нэг ярьжээ.

Үүнээс хэдэн цагийн дараа Пхеньяныг эсэргүүцэгч идэвхтнүүд Умард болон Өмнөд Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн баруун хэсгийн ойролцоох өөр газраас 20 мянган ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгүүдийг хөөргөсөн байна. "Имжингак" цогцолбороос баруун өмнө зүгт 22 км зайтай газраас ухуулах хуудас илгээх гурав дахь оролдлого нутгийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас бүтэлгүйтжээ.

Д.Жаргал

Эх сурвалж : "Монцамэ" агентлаг