sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. ОХУ-тай АНУ сөргөлдөхийг хүсэхгүй байгаа боловч зарчмын асуудлаар байр сууриа өөрчлөхгүй. Ийм байр суурьтай байгааг Америкийн Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псаки 10 дугаар сарын 24-нд мэдэгджээ. ОХУ-ын Сочи хотод болсон "Валдай" Олон улсын хэлэлцүүлгийн клубын хуралдааны үеэр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгэнд тайлбар хийх хүсэлтийн дагуу тэрбээр ийм мэдэгдэл хийсэн байна.

“Оростой сөргөлдөх замыг АНУ хайгаагүй. Гэхдээ Европ болон Хойд Америкийн аюулгүй байдлын суурь болж буй зарчимуудад бид буулт хийх боломжгүй” гэж Псаки хэлжээ. Тухайлбал, тэрбээр Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг АНУ хадгалахын төлөө байгааг дахин илэрхийлсэн байна.

Үүний сацуу, цөмийн зэвсгийг хорогдуулах, Сирийн химийн зэвсгийг устгах зэрэг янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд АНУ болон Орос улс хамтран ажиллаж байсныг тэрбээр дахин тэмдэглэжээ. “Бид нийтлэг ашиг сонирхлын чиглэлээр ОХУ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх зорилготой байна. Ийм байх ч болно гэж бид найдаж байна. Хэдийгээр хоёр орны хооронд зарим асуудлаар санал зөрөлдөөн байгаа боловч бид зарчмын байр сууриа өөрчлөхгүй” гэж Псаки үгээ дуусгажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ыг эрс шүүмжилсэн үг хэлж, олон ул: сын аюулгүй байдлын тогтолцоог сүйтгэж байна гэж Америкийн холбоотнуудыг буруутгасан байна. Дахин мөргөлдөөн гарах боломжийг олгохгүй байх дэлхийн улс орнуудын зөвшилцлийн шинэ тогтолцоог байгуулах нь олон улсын бодлогын гол зорилго байх ёстой гэж Путин үзэж байгаа аж.

Путины үзэж буйгаар, “хүйтэн дайн”-ы ялагч гэж өөрийгөө зарласан АНУ олон улсын харилцааг өөрчлөн шинэчлэх ямар ч хэрэггүй гэж бат итгэлтэйгээр үзсээр иржээ.

Д.Жаргал

Эх сурвалж : "Монцамэ" агентлаг