sonin.mn

Шинэчлэлийн Засгийн газар “Монголдоо бүтээцгээе” зорилт тавьж импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслүүдийг санхүүжүүлж эхэлсэн. 888 төсөл эхний шатны шалгаруулалтад тэнцсэнээс 2 тэрбум хүртэл төгрөгийн зээл хүссэн төслүүдийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэхээр болсон юм.

Эдгээр төслийн явц, хэрэгжилт ямар байгааг Ерөнхий сайд тодруулж бизнес эрхлэгчидтэй өнөөдөр уулзлаа.

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат,

“Экспортыг дэмжих,импортыг орлох төслийн хүрээнд 7салбарын 89төсөлд 130.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо. Төслүүд хэрэгжсэнээр 3,244 гаруй хүн ажилтай болж, жилд дунджаар 21.4тэрбум төгрөгийн экспорт, 574.7 тэрбум төгрөгийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Барилга, хот байгуулалт, Уул, уурхай, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Эрүүл мэндийн яамдын хэлэлцүүлгээр 2,0 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй 181 төслийн 2.6 их наяд төгрөгийн санхүүжилтийн хүсэлт бүхий төслүүдийг дэмжсэн” гэлээ.

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Д.Баттогтох,

Засгийн газрын энэ оны 176 дугаар тогтоол батлагдсанаар Чингис бондын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д байршуулан хөнгөлөлттэй зээл олгох болсон. Өнөөдрийн байдлаар 284 аж ахуйн нэгжид 73,6 тэрбум төгрөгийг олгосноор 196 үйлдвэр өргөтгөж, 88 үйлдвэр шинээр байгуулагдлаа. Үүний дүнд 2700 гаруй хүн ажилтай болж, 1600 орчим ажлын байр хадгалагдлаа.

Импортыг орлох, олон улсын стандартад нийцсэн ургамлын түүхий тосоор дотоодын зах зээлийг 100% хангаж улмаар гадаад улс оронд экспортлох зорилготойТослог ургамлын үр боловсруулах үйлдвэр Хөгжлийн банкнаас 22,4 тэрбум төгрөгийн зээл  авчээ. Төслийн хэрэгжилт 95 хувьтай байгаа бөгөөд ирэх 11 сард ашиглалтад орно. Мөн өдөрт 800 хос гутал үйлдвэрлэх “Best shoes” үйлдвэрийн нээлт энэ сарын 31-нд болно. Эдгээр үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайдыг урьж байгаагаа удирдлагууд нь хэллээ.

Ганжуулсан шил, шилэн багцын импортыг орлох зорилттой “Актив хийц” компани Чингэлтэй дүүргийн бизнес Инкубатор төвөөс гараагаа эхэлж, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 7 сая, Хөгжлийн банкнаас сая 240 сая төгрөгийн зээл авчээ. Ирэх хавраас бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлнэ гэлээ.

Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн “Мөнхийн тун” үйлдвэр, цэвэр бохир усны хоолой үйлдвэрлэх “ЮНИКИ” компани, бэлэн хувцасны  Exlusive зэрэг үйлдвэрийн удирдлагууд санал сэтгэгдлээ хэллээ. Бизнес эрхлэгчид Засгийн газраас санаачлан жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн Гааль, НӨАТ-ын татварт хөнгөлөлт үзүүлсэн шиг үйлдвэрлэлийн түүхий эдийн татварт анхаарч өгөхийг хүслээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг,


Монголчууд бид хэрэглэгч байхаас илүүтэй үйлдвэрлэгч улс болох нь зүйтэй. Та бүхний зээл авч хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар сонсоход таатай байна. Монголчууд хийж чадаж байна. Шинэчлэлийн Засгийн газар, үйлдвэрлэгч, бүтээлч иргэдээ дэмжиж ажиллана гээд нөөц бололцоо, боломжоо нэгтгэж, Монголдоо ихийг бүтээж хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.