sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын гишүүн давхар дээлтэй байгааг шүүмжилж, дан дээлтэй болгох асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэж болохоор байгааг нэг бус удаа дэвшүүлж байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаа энэ үед ч Ерөнхийлөгч сайд нарыг томилохдоо Улсын Их Хурлын гишүүн сайдын үүргийг хавсран гүйцэтгэхгүй байхаар зохицуулахыг хоёрдмол утгагүйгээр дэвшүүлж, намуудын бүлгийн удирдлагад чиглэл өглөө.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс энэ саналыг нэгэн адил дэвшүүллээ.

Улсын Их хурлаас 2000 онд Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт оруулсан өөрчлөлт нь Үндсэн хуулиар анх тогтоосон төрийн дээд эрх мэдлүүдийн хоорондын тэнцвэрийг алдагдуулсан төдийгүй, Улсын Их Хурал, Засгийн газрын хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сулруулсан гэдгийг улс төрчид төдийгүй, судлаачид, төрийн бус байгууллагууд, иргэд санал нэгтэйгээр шүүмжилдэг.

Түүнчлэн өнөөгийн Засгийн газрын гишүүд бараг дангаараа хууль тогтооход олонхийг бүрдүүлэх боломжтой байгаа нь Улсын Их Хурал хууль тогтоох, хянан шалгах эрх мэдпээ Засгийн газарт алдчихсантай агаар нэг байгаа юм.

Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт оруулсан өөрчлөлт нь Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж гишүүдийн 2/3 -оос доошгүй нь санал гаргасан, мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их хурлын даргатай зөвшилцөж санал болгосноор Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргаж болно” гэсэн заалт, мөн Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн 1/4-ээс доошгүйн санаачлагаар Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр зохицуулсан заалтыг хэрэгжүүлэх бодит боломжийг ихээхэн сулруулсан юм.

Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл, заалт, Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын    тухай, Тагнуулын байгууллагын тухай, Төрийн албаны тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Улсын Их Хурлын зарим тогтоолын заалтыг зөрчсөн үндэслэлээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг Улсын Их Хурлын нэр бүхий 25 гишүүн санаачилсан бол Засгийн газрын гишүүн Ч.Улаан, Н.Батбаяр нарыг Засгийн газрын тухай болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн, улс орны эдийн засгийн зарим үзүүлэлтүүд унаж, төсвийн болон бондоор босгосон хөрөнгийг үр ашиг муутай зарцуулж байна гэсэн үндэслэлээр огцруулах саналыг өнгөрсөн оны дөрөв, арванхоёрдугаар сард Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үеэр ердийн үед хуралдаанд бараг суудаггүй Засгийн газрын гишүүд бүгдээрээ орж ирээд, Улсын Их Хурлаас гарах шийдвэрт нөлөөлөн асуудлыг өөрсдийн талд ашигтайгаар шийдвэрүүлж байсан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудын хүч чадлыг сулруулсны баталгаа яах аргагүй мөн билээ.

Засгийн газраас өөрт нь итгэл хүлээлгэж  байгаа эсэх талаар тогтоолын төсөл оруулж Улсын Их Хуралд хэлэлцүүлэх Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн зохицуулалт ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж эхэлснээс хойш утгаа алдсан гэж хэлж болно.

Улсын Их Хурлын Судалгаа шинжилгээний хэлтсийн хийж гүйцэтгэсэн “Дэлхийн улс орнуудын парламент” судалгааны номд гадаадын тэр дундаа парламентын засаглалтай улс орнуудад парламентын гишүүн, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болох, болохгүй аль аль нь байгаа ч аль ч тохиолдолд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдпийн хоорондын тэнцвэр, хяналт, хариуцлагын тогтолцоог дор дурдсан механизмаар зохицуулдаг болох нь харагдаж байна. Үүнд:

1.Парламентын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болох сайдын тоог хязгаарлах;

2.Тодорхой тохиолдолд, тухайлбал парламентын гишүүн сайдын үүргийг хавсран гүйцэт-гэхгүй тохиолдолд Засгийн газрын Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй эсвэл парламентын даргатай зөв-шилцөн парламентыг тараах, аль ч тохиолдолд парламент Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргах эрх эдлэх;

3.Парламентын гишүүн татварын болон төсөвт нэмэлт зардал шаардах хуулийн төсөл санаачлахгүй байх зэргээр парламентын гишүүний хууль санаачлах эрхэд зарим хязгаарлалт тогтоох;

4.Ялангуяа парламентын гишүүн Ерөнхий сайд, сайдын үүргийг хавсран гүйцэтгэхгүй байгаа тохиолдолд Засгийн газарт парламент хариуцсан сайд, яамдад парламент хариуцсан төрийн нарийн бичгийн дарга ажиллуулж, парламент, Засгийн газрын ажлын амьд уялдаа холбоог хангах;

5.Засгийн газрын бүтцийг тогтвортой байлгах зорилгоор Үндсэн хуульдаа Засгийн газрын бүтцийг зааж өгөх гэх мэт.

Манайтай хүн амын тоогоороо ойролцоо 10 сая хүрэхгүй хүн амтай парламентын засаглалтай, нэг танхимтай парламент бүхий улс болох Эстони/Үндсэн хуулийн 64-р зүйл/, Болгар /Үндсэн хуулийн 113-р зүйл/, Швед /Үндсэн хуулийн 4-р бүлгийн 9 дэх заалт/, Финланд /Үндсэн хуулийн 63-р зүйл/-д парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсрахгүй байх, хэрэв парламентын гишүүн сайдаар томилогдвол парламентын гишүүнээс түдгэлзэхээр зохицуул-жээ.

Харин Унгар /Үндсэн хуулийн 20-р зүйл/, Маврикий/Үндсэн хуулийн 59-р зүйл/, Латви /Үндсэн хуулийн 63-р зүйл/, Литва /Үндсэн хуулийн 60-р зүйл/, Израйль/ Кинесетийн тухай хуулийн 23-р зүйл/ зэрэг улсуудад парламентын гишүүнийг Засгийн газрын сайдаар томилохыг зөвшөөрсөн байна.

Манай Үндсэн хууль агуулгаараа Францын Үндсэн хуультай төсөөтэй гэдэг утгаар нь авч үзвэл Францад парламентын гишүүн Засгийн газрын сайдын албыг хавсарч болохгүй, хэрэв парламентын гишүүн Засгийн газрын сайдаар томилогдвол нэн даруй парламентын гишүүнээс чөлөөлөгдөж, нөхөн сонгууль зарлахаар Үндсэн хуулийнхаа 23 дугаар зүйлээр зохицуулсан байна.

Судалгаанаас үзвэл Монгол Улсын Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн, сайдаартомилогдон ажиллахад болохгүй зүйл үгүй мэт өнгөн дээрээ харагдаж байгаа боловч, сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүдийн тоо парламентын    нийт гишүүдийн

22.4 хувь, шийдвэр гаргаж болох саналын доод хязгаарын 85 хувьд хүрээд байгаа нь улс төрийн чухал шийдвэрийг цөөнхийн дуу хоолойг үл хайхран, үндэсний зөвшилцлийг огоорон гаргах хамгийн наад захын боломжийг олгож байгаа учраас л үүнийг өөрчлөхөд хүргэж байна..

Одоогийн мөрдөж байгаа Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн шийдвэр гаргах төвшинд тохиолдож байгаа бэрхшээлийг нэг удаадаа гэтлэх гарц нь Засгийн газрын гишүүдийг дан дээлтэй болгох шийдвэр мөн гэж харж байна. Энэ нь Засгийн газрын атганд орсон парламентын өдгөөгийн арчаагүй байдпыг ямар нэг хэмжээгээр өөрчилж чадна.

Ер нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2000 оны дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байгаа болохоор Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуулийн жинхэнэ эхийг сэргээсүгэй” гэсэн ганц заалттай хууль гаргахад л дээрх бэрхшээлээс хамгийн дөт замаар нэг мөр гарах боломж бүрдэх юм.

Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох гэж буй энэ үед л Засгийн газрын гишүүдийг дан дээлтэй болгох асуудлыг Ерөнхийлөгч, Монгол Ардын Намын бүлгийн саналаар шийдэх нь зүйтэй.

Одоо л шийдэхгүй бол хэзээ шийдэх юм бэ?

Судлаач Ц.Товуусүрэн