sonin.mn

Онцгой байдлын ерөнхий газар үйлдвэрийн осол, байгалийн гамшгийн хор хохирлыг арилгахар чиглэлээр ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтарч ажиллахаар хамтарсан  хуралдааныг зохион байгуулж энэ өдрүүдэд  хэлэлцээр хийж байна.

Энэхүү хуралдаанд оролцож буй ОХУ–ын Онцгой байдлын яамны Цэргийн хэргийн ерөнхий шинжээч, Комиссын оросын хэсгийн дарга, дэслэгч-генерал Э.Н.Чижиков тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва  хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үзэглэсэн.

Хоёр улсын хил дамнан гарч байгаа галын аюул  жилээс жилд буурч байгаа ч  цаашид энэ асуудал дээр онцгойлон анхаарч хилийн  боомтуудыг нэмж  байгуулах хэрэгтэй. Учир нь  хоёр улсын иргэд  хоорондоо визгүй зорчих болсонтой холбоотой.

Мөн ОХУ-ын Онцгой байдлын яамны гал эсэргүүцэх албаны академид Монгол Улсын Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчдыг сургаж бэлтгэх, байгалийн гамшгаас гадна үйлдвэрлэлийн ослын чиглэлээр хамтарч  ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр Шадар сайд илэрхийлсэн.

Ноён Э.Н.Чижиков хүлээн авч уулзаж буйд талархалаа илэрхийлээд, Монгол Улсын талаас тавьсан саналын дагуу дээрх академид ОХУ-ын зардлаар таван жилийн хугацаатай зургаан албан хаагчыг сургахаар болсныг энэ үеэр дуулгалаа.

Дашрамд сонирхуулахад  2012-2014 онд Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдаас ОХУ-ын ОБЯ-ны Гал эсэргүүцэх албаны академид зохион байгуулдаг “Гал унтраах ангийн захирагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт”-д 20, “Галын улсын хяналтын байцаагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт”-д 10,ОХУ-ын Онцгой байдлын яамнаас Москва хотноо зохион байгуулдаг “Нэгдсэн аюулгүй байдлын үзэсгэлэн (ISSE)”-д 2, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядын Аврагч бэлтгэх сургалтын төвд зохион байгуулагддаг “Усанд аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт”, “Усанд аврах ажиллагааны аврагч бэлтгэх сургалт”-д нийт 38 албан хаагч тус тус хамрагдсан бол Иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын мэргэжлээр магистрын зэрэг олгох хөтөлбөрт 2012-2014 онд нийт 30 албан хаагч элсэн суралцаж байна.