sonin.mn

 Чуулганы өнөөдрийн /2014.10.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг дараа хийхээр болсон юм.

Ингээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжье гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 37 нь буюу 74 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 8 бүлэг, 28 зүйлтэй юм. Уг хуулиар Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгасан байна.

 Дараа нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулав.

 Хууль зүйн сайд танилцуулгадаа, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг юм.

Барьцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурь асуудал гэдгийг хөгжиж байгаа орнууд зүй ёсоор хүлээн зөвшөөрч, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож байна. Манай улс ч барьцааны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх”, Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийн 2.8-д “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийн 3.1.4-т “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн барьцааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх”-ээр заасны дагуу хуулийн төслийг шинээр боловсруулсан гэдгийг дурдав.

Мөн хэдийгээр Иргэний хуульд барьцаатай холбогдсон харилцааг тусгайлсан бие даасан бүлгээр зохицуулж ирсэн боловч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаатай холбогдсон онцлог зохицуулалт, түүнчлэн авлага, эргэлтийн хөрөнгө болон бүх хөрөнгийн барьцаа зэрэг нарийвчилсан асуудлыг уг бүлгээр зохицуулж чадахгүй байгаа тул тэдгээр асуудлыг хуулийн төсөлд тусгаснаа танилцууллаа.

 Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Сарангэрэл, С.Баярцогт, Л.Энх-Амгалан, С.Ганбаатар нар Хууль зүйн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

Мөн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн С.Баярцогт одоогоор ашиглаж чадахгүй байгаа эд зүйл, эдийн бус хөрөнгийг эргэлтэд оруулах чухал хуулийн төсөл орж ирж байгааг онцлоод гэхдээ энэ харилцаанд оролцож байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн зохицуулалтыг сайн тусгах нь зүйтэй гэдгийг хэлсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл амьдрал дээр ихээхэн гардаг асуудлууд, ялангуяа банк-иргэн, иргэн-банк бус санхүүгийн байгууллага гээд өдөр тутам гардаг харилцааг энэ хуулиар зохицуулах, нийгэм, эдийн засгийн үр дагавартай асуудал тул гишүүд нухацтай хандаж ёстой гээд хэлэлцүүлгийг ганц Хууль зүйн байнгын хороогоор биш Эдийн засгийн байнгын хороогоор ч хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөнгө хүүлэгчдийг дэмжээд байдаг атлаа мөнгө зээлдэгчдийг хамгаалах эрх зүйн зохицуулалт алга байгааг анхаарах, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өмчийн эрх баталгаажаагүй байгаа тохиолдолд хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн тухай ярих нь өрөөсгөл, иймээс энэ хоёр асуудлыг уялдуулж хамтад нь авч үзэх хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

 Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 42 нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороодод шилжүүлэв.

 Дараа нь Номын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар танилцуулсан юм.

 Одоогоор манай улсад нийт 1509 номын сан үйл ажиллагаа явуулж байгаагаас Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн 373 номын сан, их, дээд сургуулийн 101, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 817, албан байгууллагын дэргэд 120, эрдэм шинжилгээний 44 номын сан байна.

Эдгээр номын сан нь харьяаллын хувьд олон салбарт хамаардаг бөгөөд соёлын болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамааран номын сангийн санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал нь жигд бус шийдвэрлэгддэг гэдгийг сайд Ц.Оюунгэрэл танилцуулгадаа дурдав.

 Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан Төрөөс соёлын талаар баримтлах бодлогод “Соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, орчин нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлсэн.

Мөн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэм боловсролтой, зөв монгол хүнийг төлөвшүүлж хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авахад “номын сангийн үйлчилгээ” чухал болохыг тодорхойлсон.

Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Номын сангийн үйлчилгээ, Үндэсний номын сангийн эрх зүйн байдлыг хуульчлах, хуулийн төсөл боловсруулах, нэн шаардлагатай мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, салбарын орчны стандартыг баталж мөрдүүлэх, номын сангийн үйлчилгээг алслагдсан аймаг, сумын хүн амд хүргэх зорилт”-ыг дэвшүүлсэн. Эдгээр зорилтын хүрээнд Номын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл юм гэдгийг сайд онцоллоо.

 Уг хуулиар номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулах аж. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй юм.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

 Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслүүдийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

 Чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Даваасүрэн нараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.