sonin.mn

МЕХИКО. /BBC/. Урьд нь 43 оюутан сураггүй алга болсон Мексикийн Герреро мужийн захирагч огцорч буйгаа мэдэгдсэн байна.

Албан тушаалаасаа огцорвол сураггүй болсон оюутнуудын хэргийг мөрдөн шалгах ажилд тус болно гэж найдан энэ албыг орхиж байна гэж  Герреро мужийн захирагч Анхель Агирре хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Мексикийн Игуала хотод сарын өмнө сураггүй болсон оюутнуудын хувь заяа өнөөг хүртэл тодорхойгүй байгаа боловч тус улсын эрх баригчид оюутнуудыг хулгайлсан хэргийн мөрдөн шалгалтын явцын талаар мэдээлэл хийсэн байна.

Тус улсын Ерөнхий прокурор Хесус Мурильо Карамын хэлснээр, мансууруулах бодис наймаалагчдын "Геррерос Унидос" бүлгийн толгойлогчдын нэг болох Сидронио Касаррубиас Сальгадог баривчилсан байна. Түүнийг оюутнуудыг хулгайлсан хэрэгт холбоотой гэж сэжиглэж байгаа аж.

Үүнээс гадна, Игуала хотын дарга Хосе Луис Абаркаг албан тушаалаас нь огцруулж, эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Игуала хотод боловсролын тогтолцоог шинэчлэхийг эсэргүүцсэн оюутнуудад халдсан хэрэг есдүгээр сарын сүүлээр гарсан юм. Нүдээр үзсэн хүмүүсийн мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон оюутнуудын дийлэнхийг цагдаа нар авч явжээ.

Халдлагын улмаас зургаан хүн амиа алдаж, 17 хүн шархдаж, 57 хүн сураггүй алга болсноос 14 нь гэртээ ирсэн байна.

Герреро мужид үйл ажиллагаа явуулдаг гэмт бүлэглэлүүдтэй хотын эрх баригчид болон цагдаа нар холбоотой гэж мөрдөн байцаагчид таамаглаж байгаа ажээ. Мөрдөн шалгалтын явцад хэдэн арван цагдааг баривчилсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: