sonin.mn

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатараас ялтан солилцох гэрээ болон манай улсын иргэд ОХУ руу визгүй зорчих болсон талаар тодрууллаа.

-БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад өнгөрөгч наймдугаар сард албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсны нэг нь ялтан солилцох гэрээ. Тэгвэл энэ гэрээ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Энэ оны есдүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчилж хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан. Ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурснаас хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, энэ оны есдүгээр сарын 23-наас гэрээг мөрдөж эхэлсэн.

-Хоёр улсын гэрээний дагуу нийт хэчнээн ялтанг Монголд шилжүүлэхээр болсон бэ. Эхний ээлжид хэдэн хүнийг хэзээ эх оронд нь авчрах гэж байна вэ?

-Ялтан шилжүүлэх гэрээнд заасны дагуу талууд ялтан шилжүүлэн авах, өгөх асуудлыг зохицуулах болно. Манайх Хятадын талаас эхний ээлжинд гурван иргэнийг шилжүүлэн авахаар тохиролцоод байна.

-Таван жилийн өмнө Малайзаас Хятад улс руу хар тамхи зөөвөрлөж байгаад баригдан Хятадад хоригдож байгаа Л.Байгальмааг шилжүүлж авчрахаар болсон гэж байсан. Ар гэрийнхэн нь нэлээд хүлээлттэй байх шиг байна. Хэзээ авчрахгэж байна вэ?

-Иргэн Л.Байгальмаа нь харамхи зөөвөрлөсөн хэргээр хугацаагүй эрих ялаар шийтгүүлсэн байсан. Харин хоёр жилийн өмнө хугацаатай хорих ялаар сольсон мэдээ ирсэн. Шилжүүлэн авах гурван иргэний нэг нь Л.Байгальмаа юм. Бид түүний ээжтэй байнга уулзаж байгаа.

-Өнөөдрийн байдлаар манай улсын харьяат хэдэн иргэн Хятадад ял эдэлж байна вэ?

-Энэ сарын байдлаар манай сын 50 гаруй иргэн БНХАУ-д ял элж байна.

-Бусад оронд манайхаас хэдэн ялтан хоригдож байгаа бол. Тухайн улстай ялтан солилцох гэрээ хийх талаар ярьж байна уу?

-Гадаадын 19 оронд 140 гаруй иргэн ял эдэлж байна.

-Гадаадад ял эдэлж байгаа иргэд ихэвчлэн ямар гэмт хэрэгт холбогддог вэ?

-Дээрх 140 иргэнээс 48 нь хулгайн хэргээр, 38 нь хар тамхины ээр, үлдсэн нь бусад төрлийн хэргээр ял эдэлж байна.

-Гадаадад ял эдэлж буй Монголын иргэнийг эх оронд нь шилжүүлэхэд ямар шаардлага хангасан байх ёстой бол?

-Ялтан шилжүүлэх гэрээнд заасны дагуу ялтан шилжүүлэх асуудал хэрэгждэг. Гэрээнд тухайн ялтан ялынхаа гуравны хоёроос доошгүй хугацааг эдэлсэн байх шаардлагатай. Мөн хүнд гэмт хэрэг үйлдсэн бол ялтан шилжүүлэх гэрээнд хамруулахгүй байх зэрэг шалгуур үзүүлэлт бий.

-Гадаад харилцааны яамны Консулын газрыг түргэн шуурхай ажилладаггүй гэж иргэд шүүмжлэлтэй ханддаг. Ял эдэлж буй иргэдтэй танай байгууллагын зүгээс уулздаг байх. Тэднийг ар гэрийнхэнтэй нь уулзуулах боломж байдаг уу?

-Манай яамны Консулын газрыг түргэн шуурхай ажилладаггүй гэсэн шүүмжлэл иргэдээс төдийлөн ирж байгаагүй. Харин ч биеэр болон цахим шуудангаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр талархал олонтаа ирдэг.

Хилийн чанадад ял эдэлж буй иргэдээ Консулын газраас ч, ЭСЯ-наас ч эргэж уулзах ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Өнгөрсөн 2013 онд БНХАУ-ын Хөх хот, Хайлаар, Гаунжоу хотод ял эдэлж буй иргэдээ эргэсэн. Холбогдох ЭСЯ-наас тухай бүр эргэж уулздаг.

Тухайлбал Хонконг, Бангкок, Прага дахь Дипломат төлөөлөгчийн газрууд энэ ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн. Мөн Бээжин дэх ЭСЯ-ны ажилтнууд Шинжиан руу очиж тэнд ял эдэлж буй иргэнтэйгээ уулзах жишээтэй. Энэ ажилд ЭСЯ-ны Консулын ажилтнууд байнга туслалцаа үзүүлдэг.

-Гадаадад ял эдэлж байгаа ялтнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр танайхаас авч хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байна вэ. Цаашид ямар ажил хийж, хэрэгжүүлэх вэ?

-Хилийн чинадад ял эдэлж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх нь Консулын ажилтны үүрэг байдаг. Хоригдож буй газрынх нь нөхцөл байдал, ар гэрийнхэнтэйгээ уулзах боломж олгох, хоол унданд нь анхаарах талаар хорих газрын удирдлагад нь хүсэлт тавих зэрэг арга хэмжээ авч байна. Цаашид хөрөнгө төсвийн хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Ирэх сарын 14-нөөс манай улсын иргэд ОХУ руу визгүй зорчихоор болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ирэх арваннэгдүгээр сарын 14-нөөс харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж ОХУ-ын иргэд ч харилцан манайд 30 хоног визгүй зорчих болно.

-Ингэж визгүй зорчиж байгаа нь Алтанбулагийн чөлөөт бүсийг нээсэнтэй холбоотой юу. Эсвэл өөр гэрээ байгуулсан юм уу?

-Энэ нь Алтанбулагийн чөлөөт бүстэй холбоогүй. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний үр дүн юм.

С.Юмсүрэн

Эх сурвалж: