sonin.mn

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.24.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв.

  Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонсов.

  Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны дундуур хуралдаж тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн байна.

  Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн төслийн 1 дэх хэсгийг хасах зарчмын зөрүүтэй болон тогтоолын төслийн тэмдэглэх хэсгийг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 4.1.2 дахь заалт, 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь” гэж өөрчлөх найруулгын шинжтэй өөрчлөлтийг төсөлд тусгажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тогтоолын төслийн 1 дэх заалтын “Сайншанд-Замын-Үүд” гэснийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авчээ. Ингэснээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн явцад нэмж тусгагдсан Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал хасагдаж байгаа юм.

 Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Д.Зоригт, Ц.Даваасүрэн, Х.Баттулга, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Н.Номтойбаяр, Л.Цог нарын гишүүд Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулав. Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ тогтоолын төсөл нь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг болон хөрш хоёр оронтой төмөр замын салбарт тохиролцсон тохиролцоонд нийцэж байгаа.

Гэхдээ төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг сайжруулах тал дээр УИХ цаашид анхаарах шаардлагатай байгаа нь хэлэлцүүлгийн явцад харагдаж байна гэдгийг хэлэв.

 Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүний гар утасны дугаарыг ашиглан мессеж илгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, гишүүний эрхэд халдсан хууль бус ажиллагаа явагдаж буйг УИХ-ын гишүүн А.Бакей, Р.Гончигдорж, Д.Ганхуяг нар мэдэгдлээ.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд “Энэ асуудлын талаар холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг өгсөн, хууль хяналтын холбогдох байгууллагууд ажиллаж байгаа” гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар гар утас, мессежтэй холбоотой асуудлыг тус Байнгын хороо анхааралдаа авч Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулах болно гэдгийг мэдэгдэв.

 Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулсны дараа Байнгын хорооны саналаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь нь дэмжлээ.

 Энэ тогтоол батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар болж байгаа юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.