sonin.mn

Автобусанд суугаад явж байтал хоёр залуу “Манай хаяг дээр торгуулийн долоон хуудас ирсэн байна лээ. Торгуулийнхаа төлбөрийг төлөхгүй бол төрийн байгууллага болон банкаар үйлчлүүлэх боломжгүй болно гэж цагдаагийн газарт ажилладаг ах хэлсэн” гэх яриа чих дэлсэв.

Жолооч нарыг замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцуулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь Автозамын хөдөлгөөний журам юм. Энэхүү журам нь өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв нийслэл хотын бүхий л замыг хяналтын камераар хянаж эхэлсэн юм.

Ингэснээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдэд гэрийн хаягаар нь торгуулийн буюу нэхэмжлэх хуудсыг өгдөг болсон. Гэтэл торгуулийн хуудас хүргэж өгөхөөр очсон шуудан зөөгчийг хэл амаар доромжлох, зодох, хүүхдээрээ хүн байхгүй гэж хэлүүлэх, нохой тавих зэрэг аргыг хэрэглэж нэхэмжлэх хуудсыг авдаггүй тохиолдол ихсэх болжээ.

Түүнчлэн зарим иргэд “Надад торгуулийн хуудас арав гаруй байгаа. Замын хөдөлгөөнд төлөхгүй оролцоод болж л байна гэдэг. Үүнээс харахад иргэд торгуулийн хуудас болон гарах үр дагаврын талаар ойлголтгүй байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс бид замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг хяналтын камераар хэрхэн хянадаг болоод торгуулийнхаа мөнгийг иргэд цаг тухайд төлж байгаа эсэхийг сурвалжлахаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийг зорьсон юм.

Биднийг очиход хяналтын хэд хэдэн том дэлгэц байрлуулчихсан, нийслэлийн бүхий л замыг ажилтнууд хянаад сууж байлаа. Жолооч хурд хэтрүүлсэн болон гэрлэн дохио зөрчсөн тохиолдлыг замын цагдаа анзаарахгүй өнгөрөөсөн бол автозам дээр суурилуулсан камер тухайн автомашиныг улсын номер дугаар, цаг хугацаатай нь илрүүлж байв.

Нэг үгээр хэлэхэд жолооч дүрэм зөрчөөд зугтах ямар ч боломжгүй гэсэн үг. Хэрэв дүрэм зөрчсөн бол тун удалгүй таны гэрийн хаягаар дүрэм зөрчсний нотлох баримтыг зурагжуулсан торгуулийн хуудасны хамт шууданч хүргэж өгнө.

Ш.Ганхөлөг: Журам хэрэгжиж эхэлснээс хойш 76 удаа торгуулийн хуудас авсан жолооч байгаа

Энэ журам хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн жолооч торгуулиа төлсөн, төрийн санд хэдэн тэрбум төгрөг төлөвлөрүүлсэн болон холбогдох асуудлаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ахлах мэргэжилтэн Ш.Ганхөлөгтэй ярилцлаа.

-Энэхүү журам хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Одоогоор хэчнээн хүн торгуулиа төлсөн бэ?

-Давтагдсан тоогоор 350 мянган торгуулийн хуудас явуулсан байгаа. 240 мянга буюу 65 хувь нь төлбөрөө төлсөн. Арван хувь нь буюу нэлээд торгуулийн хуудас эзэддээ хүрээгүй. Буцаад ирсэн байгаа. Бусад жолооч нар төлбөр төлөх шатандаа явж байна.

Тухайн жолооч торгуулийн хуудсыг гар дээрээ авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө төлөх үүрэгтэй. Хэрэв торгуулийн хуудсыг зөвшөөрөхгүй байвал 14 хоногийн дотор “Би энэ биш” гээд гомдол гаргаж шалгуулах эрхтэй.

-Олон удаагийн давтамжтай торгууль авч хохирлоо цаг тухайд нь барагдуулсан жолооч бий юү?

-2013 оноос журам хэрэгжиж эхэлсэн. Манай төвөөс 53, Замын цагдаагаас 23 удаа нийт 76 торгуулийн хуудас авч торгуулсан жолооч байгаа. Торгуулиа төлсөн.

-Нийт хэчнээн тэрбум төгрөгийг төрийн санд байршуулсан бэ?

-Журам хэрэгжиж эхэлснээс хойш 1.8 тэрбум төгрөгийг нийслэлийн төрийн сан болон улсын төсөвт төвлөрүүлсэн.

-Иргэд торгуулийн хуудас ирж л байгаа. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа гэж ярих юм. Тэгэхээр иргэд торгуулийн хуудасны талаар огт мэдээлэлгүй байгаа юм биш үү?

-Иргэд торгуулиа төлөхгүй замын хөдөлгөөнд оролцоод болоод байна гэсэн бодолтой байгаа. Энэ бол буруу ойлголт. Таныг хөдөлгөөнд оролцоод явж байхад замын цагдаагийн байцаагч, хөдөлгөөн зохицуулагч саатуулаад машиныг чинь журмын хашаа руу ачаад тань дээр үүссэн бүхий л төлбөрийг төлүүлнэ. Зөрчил гаргасан л бол та заавал торгуулиа төлөх хэрэгтэй.

-Торгуулиа төлөөгүй тохиолдолд төрийн байгууллагуудаар болон банкнаас үйлчилгээ авах боломжгүй болно гэсэн. Энэ үнэн юм уу?

-Торгуулиа төлөхгүй явснаар олон асуудал үүсч байгаа. Нэгдүгээрт, төрийн байгууллагуудаар үйлчлүүлэх ямар ч эрхгүй болно. Яагаад гэвэл төрийн байгууллагууд дундаа мэдээлэл ашигладаг баазтай. Тэгэхээр баазаар дамжуулаад “Тийм дугаартай автомашины жолооч та Замын хөдөлгөөний удирдлагын төв, замын цагдаагийн байцаагчдад торгуулиа төлөөгүй байна.

Энэ төлбөрүүдээ төлсөн тохиолдолд манай байгууллагаас үйлчилгээ авна уу” гэх шаардлагыг тавина. Хэтийн зорилтод “Торгуулиа төлөөгүй иргэдийн мэдээллийг банкинд өгч, тухайн жолоочид шаардлага тавиад татвар, нийгмийн даатгал төлөхөд болон автомашины үзлэгт оруулахад хүндрэл үүснэ. Машинаа өөр хэн нэгэнд зарахад хүртэл асуудал үүсч байна.

Тиймд л замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол заавал торгуулиа төлөх хэрэгтэй. Торгуулийн хуудсыг зарим иргэд ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байна гэдэг. Энэ бол тийм биш. Өнөөдөр дүрэм зөрчиж торгуулсан жолооч маргааш нь зөрчихгүй замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Заасан хугацаанд үзлэгт хамрагдаж, татвараа төлдөг болно шүү дээ.

-2014 онд хэчнээн жолоочид торгуулийн хуудсыг хүлээлгэж өгсөн бэ. Торгуулиа төлөөгүй хэдэн жолооч байна вэ?

 -Он гарснаас хойш 280 мянган тээврийн хэрэгсэлд торгуулийн хуудас явуулсан. Үүнээс 78 хувь нь төлбөрөө төлөөд явж байна. Үлдсэн 20 хувь буюу 56 мянган тээврийн хэрэгслийн жолооч торгуулиа төлөөгүй.

Манай төв нийслэлийн Замын цагдаагийн удирдлагуудтай хамтарч төлбөрөө төлөөгүй, удаа дараа зөрчил гаргасан жолоочийг эрэн сурвалжлах бааз руу хийгээд 707 тээврийн хэрэгслийг илрүүлж, төлбөрийг төлүүлсэн. Мөн сануулах болон захиргааны арга хэмжээ буюу 25.5 зүйлд зааснаар жолоодох эрхийг нь түдгэлзүүлэх гэх асуудлыг шийдвэрлэх гэж байна.

-Шуудан зөөгч нар иргэд торгуулийн хуудсаа хүлээж авах дургүй. Хүүхдээрээ байхгүй гэж хэлүүлэх, нохойгоо тавьж, хэл амаар доромжилдог гэдэг. Бодит байдал дээр ийм асуудал үүсч байна уу?

-Манай төвөөс энэ асуудалд судалгаа хийсэн. Шуудан хүргэгчдэд олон бэрхшээл тулгарч байгаа нь үнэн. Хэл амаар доромжилж, согтуу хүн гарч ирээд зодсон тохиолдол ч бий. Тэр бол тухайн хүний ухамсрын асуудал. Хүн зодлоо гээд тухайн хүнд эрүүгийн хэрэг үүснэ. Торгуулиа төлөөгүй тохиолдолд жолоо барих эрхгүй болно.

-Жолооч нар гэрийнхээ хаяг дээр байдаггүй гэх шүүмжлэл гардаг. Нүүсэн хаягаа бүртгүүлдэггүй гэсэн. Энэ талаар тодруулна уу?

 -Тухайн жолооч хаяг дээрээ байдаггүй. Хашаа нь газарт орсон. Утас нь болдоггүй зэрэг асуудал бий. Иргэд үүнд хайхрамжгүй ханддаг. Хаяг шинэчилж нүүсэн бол түр оршин суугчаар заавал бүртгүүлэх шаардлагатай. Гэтэл тэгдэггүй.

Иргэний үнэмлэх дээрээ Монгол Улсын иргэн, амьдарч байгаа газраа бичүүлдэг. Гурав, дөрвөн газарт хаяг солиод байршаад яваад байдаг. Үүнээс болоод торгуулийн хуудас очих ёстой эзэндээ очиж чадахгүй буцааж байна. Зарим иргэд “Би машинаа зарчихсан. Гэтэл надад торгуулийн хуудас ирээд байх юм” гэдэг.

Худалдах, худалдан авах гэрээ хийх үү эсвэл итгэмжлэх хийх үү гэдэг нь өөр. Тиймээс машинаа зарсан бол иргэнийхээ үүргийг биелүүлээд “Зарсан, авсан хоёр хүн хоёулаа л Авто тээврийн үндэсний төв дээр очоод бүртгэлээ хийлгээд, нэрээ шилжүүлэх ёстой. Нэрээ шилжүүлээгүйгээс болоод олон асуудал үүсч байна.

-Тодруулбал, ямар асуудал үүсч байна вэ?

-Осол хийгээд тухайн газраас машин зугтлаа гэхэд хамгийн түрүүнд эзэмшигчтэй нь холбогддог. Иймэрхүү зүйл их гарч байгаа. Та яагаад торгуулиа төлөхгүй байна гэхээр “Би машинаа зараад гурван жил болж байна” гэдэг. Тиймээс л иргэд ямар ч асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Зарим жолооч цагдаад торгуулиа төлөх амар байсан гэдэг. Торгуулиа хаана ямар газруудад төлөх боломжтой вэ?

-Цагдаад торгуулиа төлөх нь амар гэдэг өнгөрсөн жилийн яриа. Одоо тийм яриа гарахгүй байгаа. Банкин дээр дугаарлахаас гадна төлбөр төлөх олон боломж бий. Интернет, гар утас, ТҮЦ машинаар төлж болно.

Т.Болдбаатар: Жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна

Зам тээврийн осол буурахгүй. Жолооч нар дүрэм зөрчсөн хэвээр байгааг замын цагдаа нар шүүмжилсээр байгаа. Энэ талаар Замын цагдаагийн газрын Авто тээврийн үндэсний төвийн захирал Т.Болдбаатараас тодрууллаа.

-Торгуулиа төлөөгүй жолооч нарыг автомашины гэрчилгээг олгохгүй болоод оношлогоонд хамруулахгүй болсон гэсэн Энэ талаар тодруулаач?

-Хамтын ажиллагааны гол зорилго бол мэдээж Автотээврийн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сахин мөрдүүлэх дээр голлон ажиллах. Энэ ажлын хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг зөрчсөн жолооч нарт ногдуулсан торгуулийг бүрэн барагдуулсныг үндэслэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олголт, техникийн хяналтын үзлэг хийхгүй.

Тиймээс торгуулиа төлөөгүй жолооч манай байгууллага дээр очоод техникийн үзлэгт хамрагдахгүй, шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй, гэрчилгээг нөхөн олгохгүй гээд олон асуудал үүснэ.

-Техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг. Тэгвэл тухайн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэсэн үг үү?

-Тэгнэ. Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчлийг баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудасны хавсралтад стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, техникийн хяналтын үзлэгт дахин орох хугацааны талаарх мэдээллийг тусгаж өгнө. Улаанбаатар хотыг хүн амаасаа илүү машинтай гэх судалгаа гарсан.

Нээрээ ч энд тэндгүй машин давхилдаж, дүрэм биелүүлж хөдөлгөөнд оролцдог жолооч ховор байдаг гэхэд хилсдэхгүй. Уг нь бол зам бүрийг камержуулж, цагдаа 24 цагийн турш зохицуулалт хийдэг. Жолооч нар хэр дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцож байгааг УБИС-ийн уулзварын замыг хариуцан ажилладаг ЗЦГ-ын Хөдөлгөөн зохицуулах газрын ахлах ахлагч А.Эрдэнэдаваагаас тодруулсан юм.

Тэрбээр “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь өдөр өдөрт өөр байдаг. Дүрэм зөрчихгүй өдөр байхгүй. Замын хөдөлгөөний албан хаагчид зам тээврийн осол гаргуулахгүй, дүрэм зөрчүүлэхгүй байх тал дээр анхаарал хандуулж ажилладаг. Зарим жолооч хөдөлгөөнд соёлгүй оролцдог. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5- д зааснаар 1000-10000 төгрөгийн хооронд торгоно гэсэн заалт бий” гэв.

Биднийг ийн ярилцах зуур эхнээсээ замын хөдөлгөөний дүрмээ зөрчсөн машиныг зогсоож торгуулийн хуудас бичиж өглөө. Чухам ямар дүрэм зөрчснийг асуухад “ Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 буюу зогсох шугам хэтрээд явган хүний гарц дээр зогссон” гэв. Гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргэлтийн ажилд иргэд ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.

А.Энхбаяр: Дүрэм зөрчихгүй бол торгуулахгүй

Сая дүрэм зөрчөөд торгууллаа. Яаралтай ажилтай явж байгаад зогсч болохгүй газар зогсчихсон юм. 10000 төгрөгөөр торгосон. Энэ журам хэрэгжиж эхлээд би хоёр удаа л торгуулж байна. Ер нь замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй явахад торгохгүй шүү дээ. Зарим жолоочийг харж байхад дүрэм их зөрчдөг

 Б.Насанбат: Дандаа 10000 төгрөгөөр торгосон бичиг байна лээ

-Иргэн хүнийхээ хувьд би энэ ажлыг дэмжихгүй байгаа. Өмнө нь замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд цагдаа торгуулийн хуудас бичээд төлбөрөө шууд тушаадаг байсан. Гэтэл камерын систем оруулж ирлээ гээд татварын хамаг мөнгө зарлагадаж, бүтэхгүй ажлыг эхлүүллээ. Манайд гэхэд торгуулийн таван хуудас ирсэн. Дандаа 10000 төгрөгөөр торгосон бичиг байна лээ. 50000 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлөхөд хүндрэлтэй.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: