sonin.mn

Өчигдөр өглөө УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгууллаа. Малчин иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн санал, гомдлын дагуу явагдсан энэ хэлэлцүүлгийг тус байнгын хорооны дарга Р.Бурмаа даргалан явуулсан юм.
Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын Өргөдлийн байн­гын хорооны дарга Р.Бурмаа­­тай уулзаж ярилц­­­­санаа хүргэж байна.


-Сүүлийн үед малын хулгайчид бүлэг зохион байгуулалтад орж, ма­шин тех­ник, холбоо, мэдээл­лийн хэрэгслээр сайтар зэв­сэглэж малчдын амин зуулга болсон мал сүрэг рүү халдах нь ихэсч байгаа. Энэ талаарх хууль дүрмийг боловсронгуй бол­гох, ха­риуцах байгуул­ла­гуудын ажлын уялдаа холбоог сайж­­руулах та­лаар та бү­хэн сая ярилц­лаа. Өргөд­лийн байнгын хорооны зүгээс чухам ямар асууд­луудыг УИХ, Засгийн газарт оруулах саналтай байгаа вэ?

-Малын хул­гайтай тэмцэх, урьд­чилан сэр­гий­­лэх тухай хуу­лийн хэ­рэгжил­тийн талаар Төв айм­гийн малчин иргэн Дорж өргөдөл гаргасан.

Үүний дагуу холбогдох та­луудыг урьж ажлын хэсэг дээр ярилцсан. Яг энэ асуудлыг Өргөдлийн байн­гын хорооны хоёр гишүүн ахлаад ажиллаж байгаа.

Өнөөдрийн нээлт­тэй хэлэлцүүлэгт хөдөө орон нутгаас малчдыг нэмэн урьж оролцуулсан нь ихээхэн үр дүнтэй боллоо гэж бодож байна. Тухайлбал Хэнтий айм­гаас багийн Засаг дарга, малчид мөн яг энэ асуудлаар ажиллаж байгаа Төв айм­гийн Иргэд­ийн төлөөлөгч­дийн хур­лын дарга болон тэнд­хийн мал­ын хул­гай­тай тэмцэх чиглэлийн албан тушаалт­нууд, ЦЕГ, ХХАА-н сайд Ш.Түвдэн­дорж өөрийн биеэр оролцлоо. Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэр­гийлэх тухай хууль батлаг­даад 10 жил болчих­лоо. Гэтэл яг амьдрал дээр, хөдөө орон нутагт энэ хуулийн хэрэгжилт тун сул байгаа талаар иргэдийн өргөдөл, гомдол ирсээр байгаа юм. Бид ч энэ талаар ярилцаж хуулийн цоорхой нь хаана аа байна, ямар шинэ шийдэл гарц байж болох вэ, хамгийн үр дүнтэй ямар заалтуудыг нэмж оруулж болох талаар л ярилцлаа. Одоо мөрдөгдөж байгаа хуульд анхаарал татсан хэд хэдэн заалт байна. Тухайлбал малын мэдээллийн сан бүрдүүлсэн байх ёстой гэж байгаа юм.

Тэр талаар журам нь гарчихсан мөртлөө яг амьдрал дээр хэрэгжихгүй л байгаа. Урьдчилан сэр­гийлэх чиглэлд малын хулгай­тай хол­боотой мэдээлэл өгсөн иргэнийг урам­шуулах заалт байгаа. Гэтэл амьд­рал дээр энэ талын урамшууллыг хаанаас олгох юм, ямар хэмжээтэй байх юм зэрэг нь их бүрхэг болохоор ерөөсөө хэрэгжихгүй байгаа.

-Уг нь энэ хуульд малын хулгайч нарын эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгох тухай заалт байдаг талаар сая ярьж байна лээ?

-Уг хуульд тээврийн хэрэгслийг нь хурааж орон нутгийн төсөвт өгөх тухай заалт бий. Гэтэл би сая ЦЕГ-ын төлөөллөөс энэ талаар асуухад “Энэ хууль хэрэгжсэн 10 жилийн хугацаанд нэг л удаа тийм тохиолдол бүртгэг­дсэн” талаар ярьж байна. Тэгэхээр яг амьдрал дээр Малын хулгай­тай тэмцэх, урьд­чилан сэргий­лэх тухай энэ хууль хэрэгжихгүй байна.

Хэрэгжих­­гүй бай­гаа гол шал­тгаан нь энэ хуулийг гардан хэрэг­жүүлэх байгууллага нь тодорхой бус байгаагаас болж байна. Түүнчлэн малын хулгайг хулгайн гэмт хэргээр зүйлчилсэн нь хуулийн хэрэгжилтийг бүрхэгдүүлэх бас нэг гол нөхцөл болж байгааг сая тодорхой ярилаа. Жишээ нь гар утас хулгайлах, малчдын амин зуулга болсон саалийн үнээ хулгайлах хоёрыг яг адилхан зүйлчилдэг юм байна. Үүнийг салгаж малын хулгайг тусад нь Гэмт хэргийн тухай хуульд оруулж, маш тодорхой зааж өгөх ёстой гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцсон олонхын санал төвлөрсөн.

-Иргэдийн өргөдөл, гомдлууд шинээр хууль боловсруулах, одоо мөрдөгдөж байгаа зарим хууль тогтоомжийг эргэж нягтлах, алдаа гажуудлыг засварлан шинэчлэхэд багагүй нөлөө үзүүлдэг юм аа даа?

-Ер нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хуралдаж, ажлаа явуулдаг. Манай идэвхтэй иргэдээс ирүүл­сэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн ачаар олон хуулийн цоорхой илэрч, хуулинд байгаа хэрнээ хэрэгждэггүй олон заалт амьдралд бодитой­гоор хэрэгжих нөхцөл бүрд­дэг. Хуу­лийг гардан хэрэгжүүлэх ёстой Засгийн газар, түүний харьяа агентлаг, газруудын аж­лын уялдаа холбоо муугаас шалтгаалан Эрүүл мэндийн даатгал, эмчилгээ­­ний зардлаа авч чадахгүй байх, багш нар тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн тэтгэвэрээ авч чадахгүй байх, дутуу авах гээд олон зөрчил, доголдол илэрсээр байгаа. Энд хамгийн гол нь эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа нөлөөлж байгааг ч тогтоосон олон баримт бий. Бид тухайн ажил хариуцсан албан тушаалтнуудад хугацаатай үүрэг өгч, иргэдийн гомдол хүсэлтийг барагдуулсаар байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны зүгээс хууль хоорондын уялдаа холбоог сайж­руулах, хэрэгжил­тэд нь хяналт тавихын зэрэгцээ хууль зохиох субьект болох Засгийн газарт үүрэг өгөх чиглэлээр ажиллаж байна.

-Ярианыхаа сэдвийг ялимгүй өөрчилье. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг өргөн бариад долоо хонолоо. Энэ асуудлаар “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан. Түүний дараа АН завсарлага авах нь тодорхой. Гэтэл нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл МоАХ-той хамтарч Ерөнхий сайдыг огцруулахаар гэрээ байгуулчихлаа. Энэ талаарх таны байр суурийг сонсъё?

-Хамгийн эхлээд энд нэг тайлбар хийе. УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, МоАХ-ны дарга Х.Баттулга нарын тохиролцсон АН-ын дарга Н.Алтанхуягт хариуцлага тооцох тухай асуудлууд бол хоорондоо зарчмын томоохон ял­гаатай юм шүү. Алдаа гаргаж, буруу зүйл хийсэн хүний асуудлыг даруйхан шийдэж, зогсоохгүй бол тэр нь цаашдаа их урхаг тарихаар байгаа. АН-ын дарга Н.Алтан­хуягийн хувьд ганцаараа дур мэдэн Монгол Улсын Үндсэн хууль, АН-ын дүрэм зөрчсөн үйлдэл хийсэн. Тухайлбал өөрт нь эрх олгогдоогүй байхад МАХН-тай 2025 он хүртэл хамтран ажиллах гэрээ гэгчийг байгуулсан. Тэр гэрээндээ өөрөө дур мэдэн АН-ыг төлөөлөн гарын үсэг зурчихсан байна. Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын үзэглэсэн гэрээнд “Улс орны томоохон бүтээн байгуулалт­ыг МАХН, АН хоёр гардан хариуцна” гэсэн үг байгаа нь улстөрийн намын тухай хуулийг зөрчиж байгаа юм.

Аль нэг нам Монгол төрийн дээр гарч аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг улстөрийн намын тухай болон Үндсэн хуулиар хориглосон байдаг. Намууд өөрсдөө хуулиа сахин биелүүлж төр, нийгмийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгаа. Гэтэл өнөөдөр аж ахуйн үйл ажиллагааг ч гардан хариуцахаар гэрээндээ тусгаж байгаа нь тун болчимгүй үйлдэл мөн. Хоёрдугаарт ардчиллын амин сүнс болсон шударга сонгуулийн зарчмын эсрэг, тохиролцох нэрээр АН, МАХН-ын өмнө 2025 он хүртэл үүрэг хүлээхээр болж байгаа нь ард иргэдийн чөлөөтэй сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсан явдал боллоо.

Дээрээс нь 2025 он хүртэл АН, МАХН-ын өмнө үүрэг хүлээхээр болж байгаа нь АН-ын дүрмийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл юм. Бид энэ бусармаг ажиллагааг зүгээр хараад, энэ хүний толгойг илээд явуулж болохгүй. Ийм учраас АН-ыг үүсгэн байгуулагчийн нэг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл УИХ-ын гишүүдэд энэ бусармаг ажиллагааг таслан зогсоож, буруу үйл ажиллагаа явуулсан АН-ын дарга Н.Алтанхуягтай улстөрийн хариуцлага тооцон Ерөнхий сайдаас огцруулах уриалга ирүүлсэн. Би тэр уриалгыг дэмжиж гарын үсгээ зурсан. Н.Алтанхуягийн энэ буруу үйл ажиллагааг даруйхан зогсоохгүй бол хойшид ихээхэн хор уршигтай гэдэг дээр УИХ дахь АН-ын бүлгийн нэлээн хэдэн гишүүн санал нэгдэж байгаа.

-Та бүхний энэ ажиллагаа АН-ын эв нэгдэл, цаашлаад 11 дүгээр сарын 15-нд баталсан байх учиртай 2015 оны Монгол Улсын төсвийн төсөл хугацаандаа батлагдахгүй байх, хоёр хөршийн эхлүүлээд байгаа төмөр зам, хийн хоолой гээд том бүтээн байгуулалт манайхыг тойрчихож ч болзошгүй эрсдэл дагуулах зэргийг тооцож үзсэн үү?

-Бид яах аргагүй хоёр сонголтын өмнө байгаа юм л даа. Нэг нь АН-ын эв нэгдлийг бодоод Н.Алтанхуяг даргыг хаацайлж, аргалаад аваад үлдэх, харин нөгөөх нь УИХ-ын гишүүн бидний хувьд төрийн сүлдэнд өргөсөн тангарагтай хүмүүс. Тэр тангараг ёсоор юуны түрүүнд фракц, намын эрх ашиг гэхээсээ илүү улс эх орон, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, эрхэмлэн дээдлэх ёстой хүмүүс шүү дээ. Тийм ч учраас УИХ-ын бидний хэдэн гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улс, ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хууль зөрчсөн энэ төрийн өндөр албан тушаалтантай улстөрийн хариуцлага тооцох нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байгаа. Яг өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд ул үндэстэй дүн шинжилгээ хийвэл АН-ын дарга Н.Алтанхуяг нь Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хаших ёс зүй болон хуулийн эрхгүй болсон нь харагдаж байна.

Дахин хэлэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс тавьж байгаа Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл шаардлага, бидний тавьж байгаа баримт нотолгоо, үндэслэл зэрэг нь шал өөр утга агуулга, нөхцөл байдлаас үүссэн гэдгийг л хаа хаана аа сайн салгаж ойлгох хэрэгтэй юм.


Д.Энхтүвшин




Эх сурвалж: