sonin.mn

Хөвсгөл аймагт “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд илэрсэн өвчлөлийн 47 хувийг шүд цоорох өвчин эзэлж, үүний 68,4 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхдийн дунд бүртгэгдсэн байна.

Иймд хүүхдийн дунд шүдний өвчлөлийн тархалт өндөр байгаа Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Түнэл, Цагаан-Үүр, Тариалан, Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг зэрэг 13 суманд шүдний мэргэжлийн эмчийн үзлэг, эрүүлжүүлэлт, сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгээр аймгийн Эрүүл мэгдийн газар, сонгогдсон сумдын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Дээрхи сумдад 2013 онд НҮБ-ын ХС-ийн дэмжлэгээр 2011 хүүхдийг үзлэгт хамруулсан бол 2014 онд 4005 хүүхдийг үзлэгт хамруулан өнгөрсөн оноос 2 дахин их хүүхдийг үзлэг, зөвлөгөөнд хамрууллаа.

2013 онд үзлэгт хамрагдсан хүүхдийн 90,5 хувь нь шүд цоорох өвчлөлтэй, 27,5 хувь нь зөөлц буюу холбоосын цоорол хүндрэлтэй илэрч эмчилгээнд хамрагдаж байсан бол, 2014 онд өнгөрсөн оноос 2 дахин их хүүхэд хамрагдаж тэдний 56,7 хувь нь шүд цоорох, 23,1 хувь нь зөөлц буюу холбоосын цоорол хүндрэлтэй илэрсэн байна.

Уг төслийг хэрэгжүүлсний үр дүнд Хөвсгөл аймгийн сонгогдсон 13 сумын зорилтот бүлгийн хүүхдийн дундах шүдний өвчлөлийг өнгөрсөн оноос 48 хувиар бууруулж чадсан байна. Шүд авах эмчилгээ хийгдэх хүүхэд өнгөрсөн оноос 18 хувиар буурч, шүд ломбодох эмчилгээнд хамрагдах хүүхдийн тоо 12 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2014 онд нийт өвчтэй илэрсэн хүүхдээс эмчилгээ шаардлагатай 1292 хүүхдийн 1741 шүдийг бүрэн эмчилж, 400 гаруй хүүхдэд түрхэц хийгджээ.

Цэцэрлэг, Арбулаг, Баянзүрх, Цагаан-Үүр, Тариалан, Шинэ-Идэр, Улаан-Уул сумдад өнгөрсөн онд сувгийн эмчилгээтэй байсан хүүхдүүдийг аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх зөвлөмжийн дагуу эмчлэгдэн эрүүлжүүлэлт сайн хийгдсэн байна. Цэцэрлэг, Түнэл, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Тариалан, Шинэ-Идэр сумдад бүрэн шүдтэй 18 хүртлэх насны хүүхдийн эзлэх хувь бусад сумдаас өндөр байна.

Жил бүр үзлэг эрүүлжүүлэлт хийхэд шүдний өвчлөл 48 хувиар буурсан байгаа нь цаашдаа 6 сар тутамд хүүхдийг шүдний мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах, шүдийг угаах зөв дадал эзэмшүүлэх сургалтыг тасралтгүй явуулахад тодорхой үр дүн гарах боломж байгааг харуулж байна.

  Мөн тус аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн жилийн шүдний үзлэг, эрүүлжүүлэлт, сургалт явуулсан дүнг хэлэлцээд “Шүд хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэж 2014 онд “Шүд” дэд хөтөлбөрийг боловсруулан Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 67-р тогтоолоор батлуулж, уг хөтөлбөрийн хүрээнд сум дундын эмнэлгүүдийг шүдний мэргэжлийн эмчтэй болгож, хэрэгцээт эм, техник хэрэгслээр ханган тойргийн сумдад графикаар үйлчлүүлэхээр оруулсан нь хүүхэд бүрийг 6 сар тутамд мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах, өвчлөхөөс өмнө шүдээ хамгаалах дадлыг бага наснаас нь төлөвшүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна.